Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан уриалгад ZINDAA.MN сайт нэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

  Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн II форум амжилттай үргэлжилж байна. Энэхүү форумын үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл болон цахим сайтуудаас уриалга гаргалаа. Уриалгад ZINDAA.MN сайт нэгдэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. 


УРИАЛГА

Үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний зааг хязгаарыг дижитал эрин үе, нийгмийн сүлжээний тархалт улам бүр тэлж буй тул мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн үүрэг, хариуцлага өсөн нэмэгдсээр байна.

Дижитал эрин үе нь иргэн хоорондын харилцаанд төдийгүй сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд эерэг, сөрөг талуудыг зэрэгцүүлэн авчирч байна. Өнөөдөр хэрэглэгч өөрөө мэдээллийг бүтээгч, хүлээн авагч, дамжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх болсноор мэргэжлийн сэтгүүл зүйн чанар чансаа, ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөх болов.

Түүнчлэн мэдээллийн талбарт иргэдийн оролцоо нэмэгдэж, мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн сүлжээний зааг ялгаа бүдгэрч байна. Энэ цагт сэтгүүл зүйн салбарынхан ёс зүйн дүрэмгүй нийгмийн сүлжээнийхнээс ялгарах гол чиг шугам нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ бөгөөд үүгээрээ нийгмийн сүлжээнд ч үлгэрлэн манлайлахыг  НИЙТ СЭТГҮҮЛЧИДДЭЭ уриалж байна.

Цахим орчинд хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас хүн ёсны харилцаанаас давж дур зоргоор аашлах байдал руу хальтирч байна. Үүнийг дагаад хүний нэр төрийг гутаан доромжлох, хувийн орон зай, хувь хүний нууцад халдах, худал мэдээлэл тараах, хэн нэгэн эсвэл бүлэг хүн рүү зорилготойгоор сөрөг хандлага түгээх зэрэг олон сөрөг үр дагавар бий болгож, улмаар үзэл ядалтаас үүдсэн гэмт хэрэг рүү хөтлөх эрсдэл дагуулж байна.

Иймд нийгмийн сүлжээний нөлөөнөөс үүдэн улам бүр тархаж буй ёс бус үг хэллэгүүд, худал мэдээллийн эсрэг сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаараа нийгмийн сүлжээнд өөрийн болон бусдын ханыг ёс зүйтэй хэрэглэж ялгарах РЕДАКЦИЙН ДОТООД ДҮРЭМ, ЖУРМЫГ мөрдөж эхлэхийг зөвлөж байна.    

Мэдээллийг нягтлан шалгах ажлыг редакц бүр, сэтүүлч бүр өдөр тутмын ажилдаа хэвшүүлэх, хэрэглэгчдийнхээ мэдээлэлтэй харилцах суурь боловсролд редакцийн зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай ХАМТЫН АЖИЛЛАГААГ эхлүүлэхийг чухалчилж байна. 

 Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн чанарын баталгаа болох тул Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд редакцуудад ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН ДЭМЖЛЭГЭЭ улам хүчирхэгжүүлэхийг уриалж байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top