“Хөгжлийн банк” -ны хөгжлийн төлөө ХЭЛЭХ ҮГ

2018 оны 10 сарын 25

Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, Засгийн газрын баталгаагүйгээр арилжаалж, санхүүжилт нь манай улсад орж ирснийг өчигдөр мэдээлсэн. Засгийн газрын баталгаагүй гаргасан энэ мөнгөний эргэн төлөлтийг Хөгжлийн банк өөрөө хариуцна. Тус банкны удирдлагууд мэдэгдэхдээ үйл ажиллагаанд нь эерэг үзүүлэлтүүд гарч буй гэж байна. Хэдийгээр 500 сая ам.долларыг өөрсдөө толгойгоороо хариуцна гэж буй ч Хөгжлийн банк гэдэг  байгууллага эрх баригчдаас хараат бус биш. Ер нь бол чиний өр, миний өр гэх ойлголт энэ түвшинд байхгүй л дээ. Гэхдээ хөрөнгө татаж чадсаныг сайшаах нь зүйн хэрэг. Хөгжлийн банк байгуулагдсаны дараа алдарт “экс” бондуудаа гаргах үед орж ирэх мөнгөөр нь юу хийхээ төлөвлөөгүй байсан алдаа тэр үеийн эрх баригчдад бий.


 Тэгвэл Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын зарцуулалт уул уурхайн бус салбаруудад дэмжлэг болж очино гэгдэж буй нь, сонсоход таатай мэдээ юм. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, тэрдундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл хэлбэрээр очих нь. 120 сая ам.долларыг энэ салбарыг дэмжихэд зориулах бөгөөд 5 жилийн дараа гэхэд үйлдвэрлэл эрхлэгчид энэ мөнгөний эргэн төлөлтийг гаргаад өгчих хэмжээний чадамжтай болно гэсэн төсөөлөл Хөгжлийн банкинд байна. Сайхан л төсөөлөл. Гэхдээ үнэхээр хэрэгцээ шаардлагатай байгаа үйлдвэрлэгчдэд хөрөнгө мөнгө хүрээсэй. Хөгжлийн банкны мэдээллээр “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд тус банкнаас  шууд санхүүжүүлсэн 6 аж ахуйн нэгж, арилжааны таван банкаар дамжуулаад 14, нийтдээ 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр хангаж, 200 гаруй тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүнийг экспортолсон гэж байна. Энэ мэт жишгээр үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бололтой.

Тэгэхээр 500 сая ам.долларын 120 саяыг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулах бол үлдсэн 380 сая ам.доллараар нь юу хийх вэ гэдэг асуулт уншигч танд төрж байгаа байх. Тэгвэл ирэх онд төлөгдөх өмнөх бондын өр төлбөр төлөхөд зарцуулагдах юм. Нэг ёсондоо 30 хүрэхгүй хувь нь өгөөж нэмэгдүүлэх боломжтой салбар руу хөрөнгө оруулалт болж очих бол дийлэнх нь өрийг өрөөр дардаг жишгээс гажихгүй нь.

Тус банкны удирдлагуудын хувьд үйл ажиллагаагаа улам сайжруулна гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлж буй. Ер нь бол Хөгжлийн банк гэх газар байх хэрэгцээ шаардлага байна уу гэсэн асуудал сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрсэн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэвлэлийнхэнд мэдээлж байсан билээ.

Баримтуудыг  сануулахад:

“Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

 -Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

-Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан. Төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

-Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

-Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

-Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

-Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн анхаарал татсан асуудлуудын талаар яригдаж байсан.


Холбогдох байгууллагууд Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгаж буй талаар мэдээлэгддэг ч, сүүлийн үед чимээгүй байх болсон.

Хөгжлийн банктай холбоотой уг асуудлыг энд сануулахын учир нь тус байгууллага өнгөрсөн жилүүдэд эрх мэдлээрээ дулдуйдан хөрөнгө мөнгийг хяналтгүйгээр үрэн таран хийсэн асуудлууд бий. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих хяналт чанга байх ёстой. Тэд улсын нэр сүрээр мөнгө босгосон бол зарцуулалтыг хааш нь хэрхэн яаж хуваарилснаа ил тод байлгах учиртай. Тийм жишиг тогтохгүй бол өмнөх удирдлагуудын алдаа цаашид давтагдахгүй гэх  баталгаа байхгүй юм.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top