НИЙСЛЭЛИЙН ӨДӨРТ: Дөрөв дэх зуун руу довтолгож буй ДӨРВӨН УУЛЫН ХОТ

2018 оны 10 сарын 29

Хан богд хайрхан, Цэцээ гүний ар бэл, Хатан Туул ижийн хөвөө, Алтан тэвшийн хөндийд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот ханаа шийрлэж, тооноо өргөөд 240 оны түүхийн шаргал хуудсыг цастай нартай нь эргүүлжээ. Өнөөдөр /2018.10.29/ улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 насны сүүдэр таширлаж байна.

Алтан тэвшийн хөндийд 240 жилийн өмнө бууриа засаж байсан Улаанбаатар хот 1639 онд Ширээт цагаан нуурнаа алтан ургийн Өндөр гэгээн Занабазарыг орд өргөөнд залахад өрхөө татсан түүхтэй. Өдгөө байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг үзэхээр довтолгож яваа шаргал түүхтэй Улаанбаатар хот нь 1.4 сая хүн амтай, дэлхийн жишиг хотуудын нэг болжээ.

Дөрвөн хайрхан буюу бидний сүсэглэн дээдлэдгээр дөрвөн их хүчтний дунд зах хязгаараа тэлэн орших нийслэл маань шарын шашны ид мандан бадралтын үед “Шашин, худалдааны төв” нэртэй байсан бол 1911 онд улсын нийслэл болж, улмаар Богдын хүрээ нэртэй барилгажиж эхэлсэн байна.

Алтан хэвлий дундуураа Дунд гол, асарлах цээжин чанадаасаа Сэлбэ голыг сэрүү татуулан урсгах Улаанбаатар хотын хөгжил цэцэгжилтийн ид үе бол өнгөрөгч XX зууны дунд үеэс өнөөдрийг хүртэл үргэлжилнэ. Дэлхий нийт нэг сая давсан хүн амтай бол нийслэл хот хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд Улаанбаатар хотыг Монгол Улсын улс төр, эдийн засаг, эрдэм боловсролын төв хэмээн үздэг. Тэгэхээр утаатай ч, униартай ч энэ бол Монгол Улсын тулгуур цэг, төв учраас дөрвөн зүг, найман зовхисоос нүүдэллэн ирсээр өдгөө бид ийм өнөр олуулаа болсон биз ээ.

Аль тэртээ 1900 оны эхээр хүрээнд хоёрхон машин байсны нэг нь Богд хааных, нөгөө нь америк худалдаачных байсан гэдэг. Харин хүрээний хэмжээний хоёрхон машин маань Гандангийн дэнжид мөргөлдөж байсан нь хууч ярианд ч байдаг, жуулчны тэмдэглэлд ч байдаг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод 450 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож байна гэхээр аргагүй хөл хөдөлгөөний туйл болсон газар гэж болно.

Өдгөө ч дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчид болон үлдээд байгаа монголчуудын нийслэл Ширээт цагаан нуурт 400 шахам жилийн өмнө төвхнөөд суурин иргэншлийг бий болгочих ямар ч боломжгүй байсан нь тодорхой. Тиймээс 1778 он хүртэл нүүдэллэж явсаар өдгөө бидний амьдран буй дөрвөн их уулын дунд бууриа засчээ. Эндээс харвал нүүдлийн маягаар үйл ажиллагаа явуулж байсан тухайн үеийн нийслэлийн удирдлагууд ирээдүйд 1.4 сая хүн ирээд амьдарчихна чинээ санаагүй л болов уу.

Бид ардчилсан нийгмийн буянаар бүхнийг хараан зүхдэг гэсэн ойлголтыг өөрсдөдөө бий болгосон хүмүүс. Өнөөдөр хот төлөвлөлтөө хийж чадаагүй, алсыг хараагүй гэх мэтээр хараах нь элбэг. Үнэн хэрэгтээ өдгөө ч дэлхий дахинаа нүүдэлчин хэвээрээ байгаа монголчууд бид 240 жилийн өмнө 2000-аад оны хот төлөвлөлтийг харна гэж үү. Суурин иргэншлийн тухайд ямар ч ойлголтгүй, хэдэн сүм дуганаас өөр барилга байшингүй ард түмний тархинд яаж өнөөдрийн Улаанбаатар төсөөлөгдөх юм бэ. Зуу хүрэхгүй жилийн өмнө эсгий гэрээ тэмээндээ ачаалаад цагийн дөрвөн эргэлтэд нүүдэллэж ирсэн монголчууд өдий зэрэгтэй суурин иргэншилд дасан зохицсон нь их юм.

Дээр би Улаанбаатар хотын хөгжил цэцэгжилтийн алтан үеийн өнгөрөгч зууны дунд үеэс хойш гэж дурдсан. Энэ л үеэс монголчууд бид ах дүү хойд хөршийн шууд хөрөнгө оруулалт, тусламжийн хүрээнд хананаасаа усаа авдаг орон сууцанд амьдарч, цардмал замаар “Төв замын түрэмгий улаан” хочит автобусаар зорчиж эхэлсэн байх юм.

Говь цөлийн худгаас тэмээнд тэгнэсэн торхоор усаа зөөж, гангийн наранд сунаж ирдэг хүмүүс хананаасаа усаа авч, ажилдаа автобусаар зорчино гэдэг гайхамшиг байсан байж таарна. Уулын бэлээс мөрөө холгон мод үүрч, унд цайгаа буцалгадаг хүмүүс цахилгаан зуухан дээр хоромхон төдийд буцалгаж, хоёрхон сувгийн ч гэлээ цэнхэр дэлгэцээр дэлхий ертөнцийг харж сууна гэдэг ч гайхамшиг байсан. Бид ингэж л дөнгөж нэгэн дал, наяны өмнө суурин иргэншилд нүд алдаж зогссон түмэн учраас өнөөдөр ч хөгжлийнхөө үе шатыг дамжаад л явж байгаа хэрэг, бухимдах хэрэггүй. Анхнаасаа бид европ тив, дэлхийн бусад орнууд шиг суурин иргэншил дээр үндэс сууриа тавиагүй шүү дээ.

Улмаар өдгөөгийн Хан-Уул дүүрэгт буюу Ажилчны раойнд анхны үйлдвэрийн яндан дуугарч, уургын уртыг барьж явсан залуус, саалийн хувин тохойлдож зогссон бүсгүйчүүд орчин цагийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрт далаадхан жилийн өмнө ажиллаж байсан монголчууд бид өнөөдөр дэлхийд өрсөлдөх хэмжээний бренд үйлдвэрлэдэг шилдэг технологийн эзэд болчихсон байгаа нь чамлах зүйл биш шүү. Энэ бүгдийг дурдахын учир нь монголчууд бид суурин иргэншилд хамгийн хурдан дассан түмэн байхыг ч үгүйсгэхгүй.

Онолын үүднээс аваад үзвэл нүүдэлчдийн хувьд “хувиа хичээсэн БИ давамгайлж байдаг” бол суурин иргэншилд “бусдын төлөө БИ давамгайлж байдаг”-ийг судлаачид гаргасан. Тэгэхээр бид хувиа хичээхээс илүүтэй бусдын төлөө явах нь суурин иргэшлийн мөн чанар бололтой. Эндээс л суурин иргэншлийн соёл үүсч, улмаар нийслэл маань хөгжихийн эх үндэс болох биз ээ. Өнөөдөр хувиа хичээсэн “БИ” давамгайлж байгаа учраас тоглоомын талбай дээрэмдэж, өөрийнхөө орон сууцыг барьж байна, “БИ” давамгайлж байгаа учраас албан газрын хашаанд өөрийн барилга байгууламжийг ямар ч үнээр, ямар ч аргаар хамаагүй барьж байна. Үүнээс үүдсэн хотын их түгжрэл төлөвлөлтийн яриа гарч, өөрсдөө бид бухимдаж сууна.

Ямартай ч цагийн цагт үгийн их урчууд магтан дуулсан, Монгол Улсын улс төр, эдийн засаг, боловсролын төв цэг, дөрвөн зууныхаа түүхийн алтан хуудсыг эргүүлэхээр довтолгож яваа улаанбаатарчууддаа нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Чингэхийн ялдамд “БИ” хэмээх сүүдэр дор амин хувиа хичээлгүй, бусдын төлөөх “БИ” наран дор нэг нэгнээ хүндэлж явахыг уриалнам. 

С.Ууганбаяр

www.zindaa.mn 

 

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top