“Улстөрчид 3-хан хувийн хүүтэй зээл авч, цааш нь 100 хувийн хүүтэй болгон зээлдүүлж байна”

2018 оны 10 сарын 29

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж, өнгөрсөн 5 жилийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа үнэн зөв, шударга явагдсан эсэх талаар шалгалт хийж,  үр дүнг олон нийтэд мэдээлэх шаардлагыг “Баялаг бүтээгчдийг дэмжих” ТББ-аас Ерөнхий сайдад хүргүүлж буй талаар мэдээлсэн. Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдэд хүрэх ёстой зээл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой компаниудад тэрбум тэрбумаараа очоод буйд тэд бухимдалтай байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын  УЗ-ийн гишүүн н.Бумцэнд хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх  сангийнх нь мөнгийг дарга нар авчихдаг. Тендерийг нь тендерийн ченж, дарга нар нь хамчихдаг. Татвар, гааль, Мэргэжлийн хяналт гэхчлэн тал талын дарамтад байдаг, 1 сая орчим хүнтэй энэ чухал салбарыг төр засаг үнэхээр харж хандахгүй байна. Тендерийн хууль, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн тухай, бүтэхгүй нөхдийн тухай ярихгүй бол болохгүй нь ээ. Тендерт төслийн  бичиг баримтаа өгөөд шалгарч чадаагүй үлдсэн  хүмүүс бүгдээрээ манай холбоон дээр нэгдэж, үзэл бодлоо илэрхийлье ээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн дарга, удирдлагуудтай хариуцлага тооцох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор хэлэх зүйл байна. Хуулийн төслийн 5.1.1-т “бичил” үйлдвэрлэл гэж оруулсан байсныг аваад хаячихлаа. Гэтэл нийт ЖДҮ эрхлэгчдийн 80 гаруй хувь нь 9 хүртэлх ажилтантай, ангиллаар бол Бичил салбар шүү дээ. Гэтэл хуулийн төслөөс бичил гэсэн хэсгийг аваад хаячихаж байгаа нь ЖДҮ гэдэг зүйл ер нь байна уу, байхгүй юу гэж харахад хүргэж байна. Бичил бизнес  хөгжихгүй байх ёстой юм уу, өсч дэвжиж, улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах шаардлагагүй юм уу. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг жинхэнэ үйлдвэрлэдэг хүмүүс нь биш албан тушаал давуу талаа ашиглаж, үгсэн хуйвалдаж авдаг  болох нь харагдаж байна. Төрийн албан хаагч болохыг хүсдэг, дарга болохыг хүсдэг зорилт нь энэ юм байна” гэлээ.

1031 төслөөс  20-хон хоногийн дотор ШАЛГАРУУЛАЛТ хийжээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ “Хүчин төгөлдөр байгаа хуулиар жилийн борлуулалт нь 1.5 тэрбумын орлоготой байх ёстой гэж байгаа. Гэтэл зээл авсан нь ил болсон тэдгээр компаниуд үнэхээр тэр болзол шаардлагыг хангаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэтэл энэ эргэлзээг дахиад хуульдаа суулгах гэж байна. 200 ажилтантай  байсан ч хамаагүй, 60 тэрбумын орлоготой  байсан ч хамаагүй, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ гэсэн ангилалд багтаж байгаад зээл авах зорилготой. Гэсэн мөртлөө жинхэнэ тэр ангилалд багтах ёстой бичил бизнес эрхлэгчдийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу оруулах гэж байгаа нь ямар учиртай юм бэ.

ЖДҮ хөгжүүлэх сангийн 2018 оны төсөл сонгон шалгаруулсан огноог харахад 14 хоногийн дотор зээлүүдийг шийдвэрлэсэн байгаа юм. Гэтэл н.Удвалцэцэг гишүүн сая ярилаа шүү дээ. Төслөө өгөөд, зээл авах гэж ямар бэрхшээлүүдтэй нүүр тулдаг талаараа. Харин сайд дарга нартай холбоотой компанийн зээлүүд бол 14 хоногийн дотор л шийдэгддэг.  Сайдын тушаал гардаг  болох нь баримтаар харагдаж байна. Зээлийн хорооны шийдвэр гардаггүй, төсөл сонгон шалгаруулах нэртэй, цаанаасаа захиалгатай, зохион байгуулалттай, авах хүмүүс нь тодорчихсон байдаг юм байна гэдгийг төсөл сонгон шалгаруулсан гэх цаг хугацаа, огноон дээр үндэслэн бид хардаж байгаа юм.

2018 оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд 511 төсөл хүлээн авч, наймдугаар сарын 23-ны өдөр Сангийн төсөл шалгаруулах хорооны шийдвэрээр 82 аж ахуй нэгжийн төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэж, ХХААХҮ-ийн сайдын энэ оны наймдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар баталсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан 24 ажилтан, албан хаагчидтай байтал, төсөл хүлээн авч дууссан өдрөөс хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498 төслийг шалгаруулж,  шалгарсан 498 төслөөс 134 төсөлд нь зээл олгожээ. 1031 төслийг 20-хон хоногийн дотор шалгаруулан зээл олгож, хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна.  Мөн 2018 оны наймдугаар сарын 3-наас сайдын тушаал гартал ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 төсөл шалгарч,  сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан нь төсөл сонгон шалгаруулалт,  шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна” гэлээ.

ЖДҮ-ийн зээл олгох Сонгон шалгаруулалтын багт Яамнаас 3 хүн, Сангаас 3 хүн багтддаг, хөндлөнгийн хараат бус хяналт байхгүй гэдгийг тэрбээр тодотгож байлаа.

“Би танил тал байхгүй учраас төсөл маань дэмжигддэггүй”  

ЖДҮ эрхлэгч н.Удвалцэцэг ярихдаа “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх хамгийн ноцтой заалтыг энд хэлмээр байна. УИХ-ын гишүүд, сайд дарга нар  өөрсдийнхөө компанид зориулан гаргасан хуулийн зүйл заалт энэ хуулийн төслийн 5.3-т бий.  Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд нь 5.1.1  5.1.3 гэсэн заалтуудын нөхцлийг зэрэг хангаагүй тохиолдолд ажилтны тоог голлох үзүүлэлт болгон төслийг шалгаруулна гэсэн байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани хэдэн төгрөгийн орлого олдог байхаас үл хамааран ажилтны тоог голчилж үзнэ гэсэн утгатай. Тэр сайд дарга нарын компани 5 тэрбумаар орлого олж байна уу, 60 тэрбумаар орлого олж байна уу,  хамаагүй. Ажилтны тоонд нь тулгуурлаад л зээл авах эрхийг нь олгож байна. Гэтэл 60 тэрбумын орлого олдог, 5 ажилтантай, сайдын эхнэрийн компани байгаа шүү дээ. Тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг тэрбум тэрбумаар авч байгаа. Би өөрөө жижиг дунд бизнес эрхлэгч. Дунд нь шатаад, униартаад явж байгаа хүний хувьд хэлэхэд ЖДҮ-ийн сангийн төслийн зээл авах гэж 3 удаа төслөө өгсөн.  Ерөөсөө шалгараагүй. Тэвэр дүүрэн магтаалтай л гарч ирдэг. Сайхан хэрэгжих боломжтой төсөл байна, даанч дэмжигдсэнгүй гээд гараад ирдэг. Уучлаарай, надад танил тал байхгүй учраас дэмжигддэггүй. Тиймээс  бид байгаа барьцаа хөрөнгөө бариад банк дээр очдог. Банк  зээл судлаж байна гэж, ЖДҮ-ийг мөлхөөд унатал нь 2-3 сар болдог. Хамгийн хурдан шийдэх байх гээд ББСБ дээр очдог,  4.8 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл дарга нар ажилтныхаа тоог голчлоод, жилийн 1 хувийн хүүтэй зээл авчихдаг. Тэр авсан зээлээ өөрсдийнхөө банк, ББСБ-аар дамжуулаад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хүүлж, мөнгө олдог” гэсэн юм.

Мөн өнөөдөр /2018.10.29/ Хөдөлмөрийн Үндэсний Намаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.  Тус намын УЗ-ийн дарга Т.Доржханд “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна. Ардчилсан нам байна уу, Монгол Ардын Нам байна уу ялгаагүй. Аль нь ч гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна” гэсэн юм.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.24.40) 2018 оны 10 сарын 30

ЭНЭ ЧИНЬ 60 тэрбумын арга хэмжээтэй холбоотой юм шиг байна аа

0  |  0
зочин(64.119.24.40) 2018 оны 10 сарын 30

БҮХ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО БОЛОН ЛОМБАРД БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС НЬ ЭХЛЭЭД ШАЛГАХ ХЭРЭТЭЙ

0  |  0
зочин(202.9.42.0) 2018 оны 10 сарын 29

мөнгөний мөрөөр орвол их хэрэг нээгдэнэ дээ мөнгө ул мөргүй биш

0  |  0
Fjb(49.0.147.33) 2018 оны 10 сарын 29

Zuu zuun terbumaar hemjigdeh kontsess nertei mongo hulgailj ulsad onts ih hemjeeni hohirol uchruulsan gemt hergiig shalgaj hulgai hiisen etgeeduud tohirhoh yliig ni edluuleh heregtei deer ni 2015-2016 ond shine sum tosol nereer zarim sumduudad 5 terbum togrog huwiarlaj hulgai hiisen uildeld shalgalt oruulah heregtei hulgaich nar yaahaara jargaad ywah estoi gj hulgailsan buh mongiig ni ulsad tushaaj shorond ni hataah estoi

0  |  0
иргэн(202.179.24.80) 2018 оны 10 сарын 29

энэ УИХ-ын Гишүүд чинь тэгвэл Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Мөнгө угаах Гэмт хэрэг үйлдэж байгаа юм байна ш дээ Хууль хяналт АТГ-ынхаа Та бүхэн ингээд Нүдэн балай Чихэн дүлий дуугүй л байцгаагаад байх уу өргөсөн Тангарагтаа Үнэн ч байж ил цагаан болсон Гэмт хэрэгтэнгүүдтэй Тэмцэхгүй юмуу

0  |  0
Top