Сорилт 2019: НАРТАЙ байгаа дээр ДЭЭВРЭЭ битүүл...

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Олон улсын валютын сангийн өнгөрсөн оны хаврын чуулган дээр Кристин Лагард "Нартай байгаа дээр дээврээ битүүлэхийг" сануулж байлаа. Америк, Хятадын худалдааны сөргөлдөөн, Иран, Пакистан улсад АНУ-аас тавьж буй хориг, газрын тосны үнийн хөөрөгдөл, ам.долларын ханш жил ирэх бүр чангарав. Гадаад зах зээл дэх ойлгомжгүй байдал улс төрчдийн шийдвэр, үг хэл дэлхий нийтэд эдийн засгийн шинэ хямралыг үүсгэх гол сэжим болсон нь энэ. Ялангуяа хөгжиж буй гэх тодотголтой улсуудад энэ хямрал хүнд тусч болзошгүйг дэлхийн мөнгөний бодлогыг тодорхойлдог толгой эрхэм ийн сануулав.


Дотооддоо том үйлдвэр байхгүй, уул уурхай гэх ганцхан салбараас дэндүү хараат, популист сэдвүүд гол болж, сонгуулиас сонгуулийн хооронд бодлогоо тодорхойлдог Монгол Улс яах болж байна. Гадаад зах зээлд нэг чулуу доргиход л нөлөөлөл нь дэндүү амархан тусдаг бид сүх далайтал үхэр амар гээд суусаар байх уу?


МАНАЙ ДЭЭВЭР БИТҮҮ ЮУ?

 

Битүү юу, үгүй юу гэдгийг хамтдаа дүгнэе. Өнгөрсөн онд шатахууны үнэ дөрвөнтөө нэмэгдэв. Гадаад зах зээл дээрх брент төрлийн газрын тосны ханш 2018 он гарснаас хойш 80-аад ам.долларын босго давах шахав. Тэртээ тэргүй газрын тосныхоо бүтээгдэхүүний 95 гаруй хувийг ОХУ-аас, тэр дундаа Роснефт компаниас авдаг импортлогч компаниуд хүч түрэн даналздаг улсад он гармагц үнээ нэмлээ. Нэмсэн үнэ бууж амжаагүй байхад АНУ-ын Ерөнхийлөгч Иран болон Пакистанд шинэ хориг тавихаа зарламагц тэртээ тэргүй өсч байсан газрын тосны үнэ эргээд өсөв. Өнгөрсөн аравдугаар сард ОХУ хилийн үнэ нэмсэн гэх шалтгаанаар бензиний үнэ литр тутамдаа 20-50 төгрөгөөр нэмэгдсэн нь үнэ нэмэгдэх томоохон шалтаг болсон юм. Өндөрт гарсан хилийн үнэ зах зээлийн жамаараа эргээд буурсан. Он дуусахын даваан дээр арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын хилийн үнэ шатахууны төрлөөсөө хамаарч тонн тутамдаа 82-148 ам.доллароор буурав. Импортлогч орны тухайд тэнд үнэ буурвал энд ч мөн адил буух ёстой. Гэвч эндээ буурахгүй байсаар өдийг хүрсэн. Салбар хариуцсан яам нь арванхоёрдугаар сардаа багтаан 50 төгрөгөөр бууруулахыг, он гарснаас хойш 200 төгрөгөөр буурах ёстой гэж мэдэгдээд байна. Уг нь зах зээлийн жамаараа явбал импортлогч компани нь үнээ бууруулж, үүнд нь Засгийн газар, салбар яам нь оролцоод байх учиргүй юм л даа.


“Төсвийн тогтвортой байдлын хууль бол муу хууль. Яагаад гэвэл эдийн засгийн өндөр өсөлтийн жилүүдэд төсөв тогтворжуулах ирээдүйн өв санд хангалттай хэмжээний хуримтлал үүсгээгүй. Уул уурхайн бус орлоготой уялдуулж төсвийн орлого үүсгэх ёстой ч бид энэ уялдаагаа хангаж чадаагүй” гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярьсан юм.

 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр, онцгой албан татварыг бууруулах зэрэг төсвийн шинжтэй үйлдэл төв банкинд сөргөөр нөлөөлдөг аж. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр явж, явж зөв зүйл байсан байна лээ” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд санааширч байх хооронд гадаад зах зээл дэх эрсдэл улам нэмэгдсээр байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг Монголбанкаар дамжуулан олгох зэрэг төсвийн шинжтэй үйлдлээс Олон улсын валютын сан татгалзахыг зөвлөөд байгаа.


“Цаашид Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой. Хэрэв үнэхээр Засгийн газар хэрэгжүүлмээр байгаа бол бидэнд Бондын бичиг үйлдээд тодорхой хугацааны дараа төлдөг байдлаар зохицуулах ёстой. Энэ нь төв банк хараат бусаар ажиллах нөхцөл болох юм” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан юм.

 

Монголын эдийн засаг төрөлжиж чадаагүй, төрөлжих боломжоор нь хангаагүй, системийн нөхцлийг нь зөв бүрдүүлээгүй зэрэг нь эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж. Ялангуяа уул уурхайн их өсөлтийн жилд олсон хэдээ хямгадалгүй халамж нэрээр тараасан нь ирээдүйгээ тооцоолоогүй үйлдэл байжээ. Эдийн засгаа солонгоруулах, С.Баярын тунхагласан төгөлдөршлийг хэрэгжүүлсэн бол өдийд бид гадаа шидсэн чулуунаас айх бус дотоод эрсдлээ тооцоолон бодлого ярьж суух байж.

 

ДЭЭВРЭЭ БИТҮҮЛЭХЭЭС ӨМНӨ...


Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага Монгол Улсад өнгөрсөн долдугаар сард “саарал жагсаалт”-д орох эрсдэлтэйг анхааруулав. Энэ оны долдугаар сардаа “эрчимтэй хяналт”-д оруулж, 2018 оны аравдугаар сар хүртэл хугацаат сануулга өгчээ. Гадныхан чухам бидэнд юуг анхааруулав.


Эхний анхааруулга нь санхүүгийн гэмт хэргээс Монгол Улсын эдийн засгийг хамгаалахад оршиж байв. Учир нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар аудитын шалгалт хийхэд 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гэнэт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 22 их наяд төгрөг гэж тооцвол манай улсын 1.5 жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн гарч ирсэн байна. Чухам үүнтэй холбоотойгоор Умард Солонгосын өндөр албан тушаалтнуудыг санхүүжүүлэхэд чиглэгдэж байж болзошгүй тул үүндээ анхаар гэсэн үүрэг өгчээ. Удаах нь банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоонд хяналт тавьж чаддаггүй тул нэгдсэн хяналтад оруулж журам батлах үүрэг өгсөн байна.


Дараагийнх нь терроризмтай тэмцэх үйл хэрэгт хойрго хандаж байна гэж дүгнэсэн явдал. Одоогоос таван жилийн өмнө “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Төрийн ордонд гранат болон галт зэвсэгтэй нэвтэрч байв. Төрийн эсрэг гэмт хэрэг өдөөж, турхирсан гэх шалтгаанаар ял сонссон Ц.Мөнхбаярыг 2015 онд Өршөөлийн хуульд хамруулан сулласан нь олон улсын байгууллагад терроризмыг дэмжсэн үйлдэл мэт харагджээ. Дээрх сануулгыг хэрэгжүүлэхгүй бол саарал жагсаалтад оруулна гэж сануулсан юм.


“Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чадахаараа ажиллалаа. Засгийн газар, Тагнуулын ерөнхий газар, Дээд шүүх зэрэг томоохон байгууллагуудтай хамтран хамтарсан зөвлөл байгуулсан. Тэднийг нэг ширээний урд цуглуулах хэцүү байсан ч бид шаргуу ажилласны үр дүнд тодорхой байр суурь дээр саналаа нэгтгэсэн” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярьсан юм.

 

Санхүүгийн бүх байгууллагын данс хаах аюулд учирсан Монгол Улс энэ оны дөрөвдүгээр сард Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагалдан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага энэ оны нэгдүгээр сард багтаан эцсийн байдлаар тайлан ирүүлэхийг тушаагаад байна. Хэрэв саарал жагсаалтад багтаж гэмээнэ ОУВС-н хөтөлбөрт багтсан, эдийн засаг нь зөвхөн нэг салбараас хараат, бүтээлч үйлдвэрлэлгүй Монгол улсад нөлөө нь дэндүү хүнд тусах юм.


Жич: Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын хар жагсаалтад Серби, Тунис, Ирак, Сири, Иемен, Этиоп, Шри Ланка улс 2018 он шинээр бүртгэгджээ. 

 

"ААДАР БОРОО"-НЫ ӨМНӨ...


2020-2024 он. Гаднаас босгосон Засгийн газрын бондууд төлөгдөх жил. 2022 онд Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай гаргасан нэг тэрбум ам.долларын бондыг төлж дуусгана. Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан 10 жилийн хугацаатай 30 тэрбум иен, 2017 оны хоёрдугаар сард гаргасан 124 сая ам.долларыг 2024 онд төлж дуусгана. Хөгжлийн банкаар жишээлэхэд л гудамж төсөл, орон нутгийн зам, хэзээ ашигаа өгөх нь мэдэгдэхгүй том нэртэй компаниудад өгчээ. Магадгүй уншигч та "Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэв" гэдэг цэнхэр өнгөтэй наалтыг харсан л байх. Хожим нь "үр могой" гэж цоллуулсан Хөгжлийн банкны нийт зээлийн эргэн төлөлт ердөө 7.5 хувь. Энэ мэтчилэн бид гаднаас мөнгө босгодог ч түүнийгээ үр ашигтай зарцуулахгүй байсаар өдийтэй золгожээ. Аадар борооны өмнө бидэнд бэлтгэл байна уу, үгүй юу?


Эдийн засгийн, бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлнэ гэж авсан Засгийн газрын бондууд чухам юунд зарцуулагдаж дуусав. Цаашид бид юугаараа энэ бүгдийг төлөх вэ? Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дуусмагц бид дахиад ОУВС-нд хандахаас өөр арга байхгүй. Чухам үнэнийг хэлэхэд одоо Монголд мөнгөний дотогш чиглэсэн урсгалыг дэмжих бүтээн байгуулах, боловсруулах томоохон үйлдвэрийн бараа бүү хэл сураг ч байхгүй цагт үүнээс өөр сонголт бий гэж үү...


*** 


 Нартай байгаа дээр дээврээ битүүл гэж хэлсэн Кристин Лагардын анхааруулга чухам юуг хэлнэ вэ? Олон улсын валютын сангаас ажиллах хүчний бодлогыг эдийн засгийн бодлоготой уялдуулах, аж үйлдвэрийн салбар дахь ажиллах хүчний тэнцвэрийг хадгалах, мөнгө, санхүүгийн бодлогоо нэн даруй шинэчлэх, санхүүгийн технологийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг судлах, цахим эдийн засаг, финтекийн асуудлыг үргэлжлүүлж, бодит ажил хэрэг болгох зэргийг сануулжээ.


Гэтэл бид энд юу ярьж байгаа гээч УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан ЖДҮ-г дэмжих сангаас мөнгө завшсан уу, Ерөнхийлөгч өлсгөлөн зарлах уу, цаазын ялыг сэргээх үү, цэргүүдийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах уу, эх орон газар дэлхийгээ аваръя гэх зүйлийг л ярьж байгаа. Бүтээгч үйлдвэрлэлийн салбараа хэрхэн хөгжүүлэх вэ, төсвийн алдагдлаа хэрхэн бууруулах вэ, төсөв сахилга баттай байна уу гэдгийг тоох "улс төрч" алга. Их сорилтын жил гэж тодотгосон 2019 он гараад аль хэдий нь ес хоножээ. Олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд хямралын угтал жил гэж тодотгож байгаа ч бид энд улс төрийн өтгөн МАНАН-тай "тэмцсээр" анхаарах сөхөөгүй л явна.


Дээврээ хэзээ янзалж, дэргэдэх аюулаас айхгүй болох вэ?

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.103) 2019 оны 01 сарын 09

Уг нь монголын эдийн засгийн хамаг судасны эргэлтийг боож юмуу нэг чиглэлд урсгаж байгаа нь ипотекийн зээл юм шүү. Өрх орлого олонгуут шууд зээлийн төлөлтөнд юүлж байгаа юм. Хөрөнгө оруулалт, хэрэглээ хумигдаж байна. Нөгөө талаар төсвийн алдагдал гээч зүлийг зоргонд нь тавьснаар бид жил дараалан өрөө нэмж байна. Төсвийг замбараагүй баталдаг. Авилгачдад авилгын суваг тасралтгүй урсаж байхад ашигтай. Тиймээс дутуу төсөвтэй ажлуудыг үй олноор нь баталж байна. Энэ нь авилгачдад л ашигтай болохоос гүйцэтгэгч, ашиглагч нарт маш хохиролтой.

1  |  0
Top