Маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд бүртгэл, лавлагааны үйлчилгээг интернет сүлжээ ашиглан гэрээсээ авах боломжтой болох нь. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын 330 сум, 152 хороонд очоод өөрийнхөө хүссэн мэдээлэл, лавлагааг ямар нэгэн нэмэлт мэдээлэл өгөхгүйгээр авах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн шинэчилсэн багц хууль арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр төр иргэдээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэд түргэн шуурхай, хялбар аргаар бүртгэл, лавлагааны мэдээлэл авах боломжтой болох юм.
Үе үеийн Засгийн газар “төрийн үйлчилгээг цахимжуулна” гэж амладаг ч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байж ирсэн. Тэгвэл Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр төрийн үйлчилгээний 60-70 хувийг бүрдүүлдэг улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой боллоо. Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлт нь улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, хуулийн хүрээнд улсын бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй байлгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн юм байна.
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр:
Иргэний үнэмлэх амь орно
2012 оноос эхлэн Монгол Улс иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээллийг унших, тэмдэглэгээ хийх боломжтой санах ой бүхий ухаалаг чиптэй цахим үнэмлэхийг иргэддээ олгож эхэлсэн. Гэвч ашиглаж чаддаггүй байв. Харин Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр уг чипэнд агуулагдаж буй тухайн иргэний овог, эцгийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистерийн дугаар, төрсөн газар, зураг, хурууны хээ, гэрийн хаяг зэрэг мэдээллүүдийг ашиглах боломж бүрдэнэ.
Иргэний үнэмлэхийг уншуулдаг болсноор бидний цахим үнэмлэх төрийн мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болох юм байна.
Төр иргэнээс нэмэлт мэдээлэл шаардахгүй
Иргэн та цахим үнэмлэхгүй тохиолдолд улсын бүртгэлийн салбар нэгж дээр очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулаад хүссэн лавлагаа мэдээллээ харьяалал харгалзахгүй авах боломжтой. Үүний тулд танаас төр ямар нэгэн нэмэлт мэдээлэл шаардахгүй болох нь. Мөн бүртгэлийн үйлчилгээг улсын аль ч хэсгээс авах боломжтой юм байна.
Хэрэв та Увс аймагт томилолтоор ажиллаж байхдаа улсын бүртгэл, лавлагааны үйлчилгээ авах шаардлагатай болвол өөрт аль ойр байгаа сумын бүртгэлийн мэргэжилтэнд хандах нь.
Цаашдаа төрийн бүх байгууллага улсын бүртгэлийн системд үндэслэн төр иргэнээсээ ямар ч нэмэлт мэдээлэл нэхдэггүй болох юм байна. Гааль, татвар, нийгмийн даатгал гээд төрийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн төр өөрийн бүртгэлийн системд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэсэн үг.
Гэрээсээ бүртгэл лавлагааны үйлчилгээ авна
Иргэн та www.burtgel.mn сайтаар дамжуулан хүссэн газраасаа интернет орчинд бүртгэл, лавлагааны үйлчилгээг авдаг болно.
Өнөөдөр иргэд улсын бүртгэлийн байгууллага дээр биеэр очих болон ТҮЦ машинаас бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авч байгаа. Харин Бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд шинэ боломжууд нээгдэж байна.
Жишээлбэл, иргэдийн зүгээс банканд бүрдүүлж өгдөг 10 бичиг баримтын долоог нь та гэрээсээ цахимаас авах боломжтой боллоо.
Нотариат жуулчлагч болно
Наториатаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүртгүүлэх мөн лавлагаа мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд авах боломжтой боллоо. Иргэн улсын бүртгэлийн байгууллагад очихгүйгээр наториат дээрээс эд хөрөнгийн бүртгэлийн бүх үйлчилгээг авах боломжтой. Харин эд хөрөнгийн бүртгэлийг наториат улсын бүртгэлд дамжуулах юм.
100 айл руу 100 явахгүй
Иргэд төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн, эцэг /эх/ тогтоосны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, шилжилт хөдөлгөөний, төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг суурь бүртгэлийг харьяалал харгалзахгүй 330 сум, 152 хорооны аль ойр байгаадаа очиж үйлчлүүлэх боломжтой.
Зөвхөн шилжин ирж байгаа хороондоо бүртгүүлнэ
Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхдээ иргэд хуучин хорооноосоо хасалт хийлгээд дараа нь шилжин ирж байгаа хороондоо бүртгүүлдэг байсан. Харин шинэ хуулиар зөвхөн шилжин ирж байгаа хороондоо л бүртгүүлдэг болно.
Ингэснээр иргэн хоёр явахгүй болно.
Төрсний гэрчилгээг төрсөн даруйдаа эмнэлгээс авна
Хүүхэд төрөхөд автоматаар регистерийн дугаар олгодог систем бүрдүүлсэн байна. Жишээлэхэд, Завхан аймгаас нийслэлд ирж төрсөн эхэд хаягаар нь тухайн хүүхдийн төрсөн он, сар, өдөр, хүйсийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн хүүхдэд оногдох Монгол Улсын регистерийн дугаарыг олгох юм байна. УБЕГ-аас төрөх эмнэлгээс регистерийн дугаар олгох ажлыг 29 хоногийн өмнөөс туршсан бөгөөд Улаанбаатар хотод байх 12 төрөх эмнэлэгт 29 хоногт 3500 хүүхдэд төрсөн даруйд нь регистерийн дугаар амжилттай олгосон байна.
Ингэснээрээ хүүхэд төрсөн даруйдаа Монгол Улсад бүртгүүлэх боломжтой болно. Өмнөх хуулиар төрсний дараах 30 хоногийн дотор регистерийн дугаар авч, төрсний гэрчилгээ олгодог байсан.
Үүнтэй адил эмнэлэгт нас барсан иргэний бүртгэлийг шууд эмнэлгээс хийдэг болох юм байна. Түүнчлэн нас барсан иргэнийг ах дүү, хамаатан садан нь цахимаар бүртгүүлдэг болох юм.
Гадаад паспортын хугацаа 10 жил
Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил болно. Харин 16-аас доош насны хүүхдийн гадаад паспорт таван жилийн хүчинтэй хугацаатай байх нь.
Мөн гадаад паспортыг ухаалаг чиптэй болгох талаар шат дараатай ажлууд хийгдээд эхэлсэн байна.
Иргэнд байх гэрчилгээний тоо цөөрөв
Ирэх сарын 1-нээс эхлэн иргэн танд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээг олгодог болох нь.
Харин овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, үрчилсний, гэрлэлт цуцалсны гэрчилгээнүүд авах шаардлагагүй болно.
Нэр солих буюу “Лүндээжанцангууд” төрөхгүй
Улсын бүртгэлийн хуулинд “иргэн овог, нэрээ нэг удаа өөрчилж болно” гэж заасан байсныг шинэ хуулиар овог, нэрээ ямар үндэслэлээр өөрчлөх боломжтойг тодорхой болгож өгчээ.
Ингэснээр өнгөрөгч сонгуулийн үеэр сонгогчдыг төөрөгдүүлсэн олон “Лүндээжанцан” нэртэй нэр дэвшигчид гарч ирэхгүй гэсэн үг.
Иргэн бүр тоон гарын үсэгтэй болно
Иргэд тоон гарын үсгээ ашиглан улсын бүртгэлийн 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Эхний ээлжинд арваннэгдүгээр сарын 1-нээс www.burtgel.mn сайтаар дамжуулан төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн, эцэг, эх тогтоосны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын зэрэг 10 лавлагаа үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан цахимаар авдаг болно.
Үндсэндээ цахимаар илгээж байгаа аливаа хүсэлтүүдийг цахим гарын үсгээр баталгаажуулах юм.
Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн нэрс нээлттэй болов
Тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, хэлбэр, регистерийн дугаар, улсын бүртгэлд бүртгэгдсэн огноо, төрөл, үүсгэн байгуулагчийн нэр, тоо, хувьцаа эзэмшигчдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, өөрчлөн байгуулагдсан мэдээлэл, оноосон нэр өөрчлөгдсөн мэдээлэл, татан буугдсан мэдээлэл, итгэмжлэлтэйгээр төлөөлөх этгээдийн нэр зэрэг нь хэн бүхэнд нээлттэй болж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд байгаагүй нийгэм, эдийн засагт гарч буй том дэвшил билээ.
Хүсвэл иргэн та www.burtgel.mn сайтаар дамжуулан дурын компанийнхаа хувьцаа эзэмшигчдийг шүүх боломжтой боллоо. Мөн иргэдийн нэрийн сан, эд хөрөнгөтэй холбоотой мэдээллүүд тус сайтад нээлттэй байршжээ.
Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь хаана байршдаг болон барьцаанд байгаа эсэхийг www.burtgel.mn сайтаас харах боломжтой. Ингэснээр хууль хяналтын байгууллагад ихээр бүртгэгддэг хууран мэхлэх үйлдэл гарахгүй болох юм.
Хуулийн этгээдийн нэрээ цахимаар захиалаарай
Анх хуулийн этгээдийн нэр авч байгаа байгууллага цахимаар нэрээ шүүх боломжтой болов. www.burtgel.mn сайтаар дамжуулан тухайн нэрээр эхэлсэн, тухайн нэрээр төгссөн, тухайн нэрийг агуулсан зэрэг нөхцөлүүдээс сонгон хүссэн нэрээ шүүж үзэх боломж бүрдсэн байна.
Та хуулийн этгээдийн нэр авахдаа цахимаар захиалах боломжтой бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаар харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Мөн тамга тэмдгийн хяналтын дугаарыг харьяалал харгалзахгүйгээр дахин давтагдахгүй 10 оронтой тоогоо авах боломжтой болж байна. Ингэснээр иргэн та хөдөө томилолтоор ажиллаж байхдаа л тамгаа захиалах боломж бүрдэх нь. Учир нь тамга тэмдгийн үйлдвэрүүд улсын бүртгэлийн байгууллагатай цахимаар холбогдож эхэлсэн байна.
Түүнчлэн хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрыг тухайн үйл ажиллагаа явуулдаг орон нутагт нь бүртгэх боломж бүрджээ.
Бүртгэл, лавлагааны хугацаа богиносов
Улсын бүртгэлийн багц хуулиар бүртгэл, лавлагааны бүхий л хугацаа иргэнд ашигтай байдлаар шийдэгдсэн байна. Тухайлбал, шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх хугацааг хоёр дахин багасгаж ажлын 10 өдөр байсныг таван өдөр болгосон байна. Мөн
Этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш улсын бүртгэлд хандаж өргөдөл гаргах хугацааг нэмэгдэн 30 хоногийн дотор бүртгүүлэх, амжаагүй тохиолдолд 60 хүртэл хоног сунгах байдлаар нийтдээ 90 хоног хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах боломж олгож байгаа аж. Энэ үйлчилгээг өмнө нь 10 хоногт багтаахыг иргэдээс шаарддаг байв.
Хуулийн этгээд татан буугдсан, нэрээ өөрчилсөн бол өмнөх нэрийг нь 30 хоногийн дараагаас тухайн нэрийг өөр иргэнд шилжүүлэх аж. Татан буугдсаныг бүртгэх хугацааг гурав хоногийн дотор, мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан бол хоёр хоногийн дотор бүртгэхээр болжээ.
Мөн тамга тэмдэг гээсэн тохиолдолд хоёр өдрийн дотор хяналтын улсын дугаарыг олгох нь.
ААН-үүдийг хоёр жил тутамд цэгцэлнэ
Улсын бүртгэлийн газарт 177 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Иймд үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамны саналыг үндэслэн хоёр жил тутамд бүртгэлээс хасах ажиллагаа хийгддэг болох нь.
Газрын гэрчилгээ авахад давхар бүртгэгддэг болно
Газар эзэмших, ашиглахтай холбоотой бүртгэл тухайн газрынхаа гэрчилгээг авахад улсын бүртгэлд давхар бүртгэгддэг болно. Ингэснээр иргэн хоёр газар очиж бүртгүүлэх шаардлагагүй.
Газрын алба, УБЕГ дундын мэдээллийн сангаас мэдээллээ авах юм байна.
Мөн www.burtgel.mn сайтаас дурын иргэн тухайн газрын байршил, хэмжээ, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, тусгай тэмдэглэгээ зэрэг мэдээллүүдийг нээлттэйгээр авах боломжтой. Мэдээлэл ил болсноор дурын иргэн тухайн үл хөдлөх хөрөнгөнд тусгай тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалгах боломжтой болно.
Улмаар эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгүүлэх, улмаар өмчлөх эрхээ баталгаажуулах боломж бүрдэх юм.
Төрийн өмчийг бүртгэж, баримтжуулна
Төрийн байгууллагын үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн багц хуулиар бүртгэдэг болох аж. Ингэснээр төрийн үл хөдлөх өмчийг шамшигдуулах үйлдэл арилна гэж үзэж байгаа юм байна.
Мөн олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын олон улсын байгууллагыг бүртгэлийн байгууллагад бүртгэхээр болсон байна.
Барьж дуусаагүй барилгуудыг бүртгэнэ
Барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, хуулиар хамгаалуулах боломжтой. Барьж дуусаагүй барилгыг уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь улсын бүртгэлд бүртгүүлэн урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно.
Хуулийн этгээд хоёр жилийн дотор мэдээллээ шинэчлээрэй
Хуулийн этгээд үйл ажиллагааны чиглэлээ бүртгүүлдэг болно. Уг хуулийн заалтаар өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүртгүүлсэн байгууллагууд хоёр жилийн дотор ашгийн төлөөх компани эсвэл ашгийн бус төрийн бус байгууллага, сангийн хэлбэрээр ажиллахаа сонгож, бүртгүүлэх шаардлагатай болж байна.
Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагууд нь ашгийн төлөө явахаар бол компани байгуулаад явах нь. Ашгийн бус бол хоршоо, сан байгуулах замаар ажиллах нь.
Хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ
Үл хөдлөх хөрөнгийн төсөвт өртгийн үнээр бүртгэх, шилжүүлж байгаа гэрээ хэлцлийн үнийн дүнгээр болон эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн үнийн дүнгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бүртгэдэг болно.
М.Хангал
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
irgenii vnemlex jenjilj bolhu hotod
MOBICOM UNITELIIN KHEREGLEGCH BURTGUULEKH BOLOMJGUI GEJ GARCH BN
Нотариат Жуулчлагч биш Зуучлагч болно
Нэвтэрч болохгүй бна
Иргэний үнэмлэхний ач холбогдол одоо л гарах нээ . Цахим үйлчилгээ жинхэнэ утгаараа бий болжээ.
бүртгүүлэх гэхээр болохгүй юмаа
Ажлын ачаалал багасч, иргэд мэдээлэлээ гэрээсээ авна гэдэг сайн байна.
Turiin alban haagchdiin hund surtal herees heterch irgediig chiregduuldeg eldew heregtei hereggui tsaas nehj bolohgui torgono l gej amaa angaina ajliin tsagaar ajil deeree bhgui bj neg irheeree hugatsaa hetersen torgono geed yarwaichina shde
sain zvil
Өөрсдөө юу ч хийж бүтээдэггүй хүмүүс шүүмжлэх дуртай байхымдаа.болж бна цаашаа сайжруулаад яваад байвал том дэвшил шүү.
jps suulgah
Хангалаа, нотариатч жуулчлагч боллоо гэсэн байх юм. Зуучлагч ш дээ юун жуулчлагч вэ? ямар аялж жуулчилж байгаа биш дээ. 2 хүний хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байна.
burtgel.mn ajildagguiee