АНХААР: Замын хөдөлгөөний ШИНЭ ДҮРЭМ хэрэгжиж ЭХЭЛЛЭЭ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

2018 оны арваннэгдүгээр сарын 1 буюу ӨНӨӨДРӨӨС Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм үйлчилж эхэллээ. Энэ хүрээнд дүрэмд ямар өөрчлөлт орж байгааг дэлгэрэнгүй танилцуулъя. Шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт орж байгаа. Хэдхэн хоногийн дараагаас шинэ дүрэм хэрэгжиж эхлэх тул жолооч, явган зорчигчдыг энэхүү өөрчлөлттэй танилцахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

ЖОЛОО БАРИХ ҮЕДЭЭ ГАР УТАС, ХӨГЖИМ, ЧИХЭВЧ АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО!

Жолоочид хамарсан заалтуудад гэхэд  замын  хөдөлгөөнд оролцох үед гар утас ашиглахыг хатуу хориглосон. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сарниж, сулардаг. Энэ нь осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Тухайлбал, 35 км/ц-ийн хурдтай явж байгаа машины жолооч утсаар ярихгүй, ирсэн дуудлагыг салгахад гурван секунд зарцуулдаг байна.  Гэтэл хурдтай явж байгаа үед 47 метр газрыг туулах хугацаа юм байна. Түүнчлэн хөгжим, чихэвч ашиглахыг хориглосон бөгөөд зөрчил гаргасан жолооч Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх нь.

Замын хөдөлгөөний дүрмийн шинэчлэлээр зөвхөн жолооч биш явган зорчигч үүрэг хүлээнэ. Зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглоно. Мөн скүүтер, 20 км цагийн хурдтай явдаг тээврийн хэрэгсэлтэй зорчиж болохгүй. Эл дүрмийн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, автомашинд мөргүүлсэн тохиолдолд тухайн иргэний буруу болох магадлал өндөр байна.

Иргэдийн мэдээллийн дагуу “E-Police” аппликэйшнээр торгууль тавьж эхэлжээ. Мэдээж цагдаагийн байгууллагын нөөц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод 800 гаруй мянган зөрчил илрүүлэгч камертай боллоо гэсэн үг. Хэрэв зөрчил гаргахгүй л бол “E-Police” аппликэйшн танд ямар ч асуудал авчрахгүй. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг зорилгоор өөрчлөлт оруулсан гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм.


Замын хөдөлгөөний дүрэмд орж буй ӨӨРЧЛӨЛТҮҮД

  1. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно.

  2. Хүүхэд,залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр зорчихыг хориглоно.

  3. Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

  4. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрөөнө.

  5. Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

  6. Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

  7. Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.

  8. 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

  9. Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байна.

  10. “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахыг хориглоно.

  11. Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно.

  12. Автобусны хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

  13. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхгүй.

  14. Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

  15. Жолоочийн өвөр дээр суудлын болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно

  16. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана.

  17. Мопедын жолооч хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй.

  18. Таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрнө.

  19. Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.

  20. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

  21. Нийтийн тээврийн автобус, троллейбус буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсоно.

  22. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглох зэрэг өөрчлөлт орсон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.230) 2018 оны 11 сарын 02

Hamgiin gol ni huuhduudiig zoriulaltin suudaltai busee bnga hiij hewshtel ni huulia changalah heregtei bnaa arai heterhii yawj bhiinmaa, 100-200k gaar shuud torgood bh heregtei, torguuliiin ihesged uguh heregtei bnaa, tehgui bol orkuud butehgui bnaa, amid airbag bolzon, tolgoi garaa tasalchmaar il gargazan aimaar yawhiinmaa, eniigee tulhuu anhaaraldaa zamiin tzagdaa bolon durem juram gargagchidaa

0  |  0
Top