ХӨВСГӨЛ: Хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо

  Хөвсгөл аймаг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хүчирхийлэлд өртөгсдөд тусламж үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо. Нэг цэгийн үйлчилгээний төвийг жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт ихтэй аймгуудад эхэлж байгуулж байгаа гэнэ. Улсын хэмжээнд 8 төв байгуулагдаж байгаагийн нэг нь Хөвсгөл аймаг юм. Тус аймаг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тохиолдлын хувь хэмжээгээр аравт эрэмбэлэгдсэн  бөгөөд 53,7 хувь нь хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн судалгаа гарчээ.

Энэхүү төв нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг байрлуулах, хамгаалах, сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль зүйн зөвлөгөөг нэг дор үзүүлж, хоногийн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллгаа явуулах юм. Цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд хүчирхийллийн тархалтыг бууруулахыг зорьж байгаа гэнэ. НҮБ-ын Хүн амын сангаас байрны засвар барилга тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай зүйлсд нийт 71,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвөөс 26 сая төгрөг зарцуулжээ. Цаашид үйл ажиллагааг тогтвортой болгоход аймаг орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир, бусад хэлтэс агентлагийн дарга нар, Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо. 

Эх сурвалж: khuvsguliinungu.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page