АСЕМ-аас 79.2 тэрбумыг завшсан 17 хүний нэрийг хэзээ ЗАРЛАХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн дуулиан нийгэмд давалгаа үүсгэж, хариуцсан салбарын  сайд нь хүртэл зээл авсан нь илэрч, албан тушаалаасаа буухаар боллоо. Үүнтэй нэгэн адил төсвийн болоод хандивлагчдын мөнгөн тусламж, техник тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан замбараагүйтэл 2016 онд Монголд зохион байгуулсан Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн үеэр гарсаныг ЖДҮ-гийн дуулиантай зэрэгцэн босгож ирж байна.

Товчхондоо, 17 албан тушаалтан АСЕМ зохион байгуулах үеэр 79.2 тэрбум  төгрөг завшсан гэх мэдээлэл өмнө нь гарч байсан. Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар энэ бүхнийг шалгаж, тогтоосон гэдэг боловч 17 албан тушаалтны нэрийг олон нийтэд зарлаагүй, хэрхэн шийдвэрлэх нь ч өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Шахаж, шаардах учиртай Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь ЖДҮХС-гаас зээлсэн авсан хүмүүсийн дуулианд нэр нь хавчуулагдсан яваа. Тийм ч учраас АСЕМ зохион байгуулах зардлаас "илүүчилсэн" эрхмүүдийн нэрийг зарла гэх шахаа, шаардлага ЖДҮ-гийн асуудалтай зэрэгцэн улс төрийн хүрээнээс илүү цухалзаж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэхэд "АСЕМ-ыг асар өндөр өртөг зардалтай зохион байгуулсан. Эндээс 79.2 тэрбум төгрөгийг завшсан 17 албан тушаалтан байна гэж зарлаад байгаа. Энэ мэт зүйлүүдийг яах юм бэ” хэмээн асууж, араас нь анхаарал тавьж явна. Энэ бүхнийг улс төрийн өшөө авалт хэлбэрээр биш улсад үнэхээр хохирол учруулсан бол тэр хүмүүс хариуцлага хүлээж, улстөрчдийн гар, хөлөө шургуулсан ийм байдал давтагдахгүй байхад бас нэгэн дохио нь болог гэж иргэд ч дэмжиж байгаа юм.

 


"АСЕМ"-ЫН ТАНСАГЛАЛЫГ ЭРГЭН САНУУЛАХ НЬ

АСЕМ зохион байгуулах зардлыг хяналтгүй урсгасан гэмээр дүр төрхийг Үндэсний аудитын газрын шалгалтын дүнгээс харж болно. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн гэх зочид буудлын 578 иж бүрдэл тавилга, цагаан хэрэглэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгө болон зээлээр худалдсан. 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдлийг төрийн 33 байгууллагад шилжүүлсэн. ЖДҮХС-гаас  зээл авагчдын дунд нэр нь дурдагдаад байх болсон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр  785 тавилга, тоног төхөөрөмжийг  үнэ төлбөргүй шилжүүлсэн. Тавлига худалдсан 103 сая төгрөгөөсөө 97.3 сая төгрөгийн төлбөрийг авалгүй, өгөөмөр загнасан гэхчлэн олон зүйлсийг шалгалтын дүнд дурьдсан байдаг.

Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирлаар ажиллаж байсан О.Заяамандах гэгч 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр "Нью Терравокс" ХХК-тай БНХАУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн орчуулгын 6955 нэгж тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Ингэхдээ гэрээний хугацаа дууссаны дараа тоног төхөөрөмжийг түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр төлбөрийг тусгасан байдаг аж.

Мөн АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны сайд, яамны ажилтнуудын АСЕМ зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд зарцуулсан. 117.9 сая төгрөгөөр яамны байр, гадна талбайг тохижуулсан жишээг ч хэлж болно.

АСЕМ зохион байгуулахын тулд Монгол Улс төсвөөс 23.6 тэрбум төгрөг баталж, 20.8 тэрбумыг нь зарцуулсан байдаг. Гэтэл  20.8 тэрбум төгрөгөөс 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг мэдсэн олон хүн гайхаж байлаа. Тиймээс мөнгө завшсан гэх 17 албан тушаалтныхаа нэрсийг албан ёсоор зарлах хэрэгтэй. АСЕМ-ын зардал гэхээр очид буудал байгуулж, шинэчлэхэд өгсөн мөнгө, хаус барьсан гээд зардал нилээд хөвөрнө. МҮЭХ хүртэл оролцож, хишиг хүртэн, зочид буудалд хөрөнгө оруулсан гэхчлэн олон асуудал яригддаг билээ.

17 АЛБАН ТУШААЛТАН ХЭН ХЭН БАЙВ?

Үндэсний аудитын ерөнхий газраас ямар хүмүүс хөрөнгө шамшигдуулсан тухай мэдээлсэн. Тэд хэн хэн байв. Ихэнх нь албан тушаалаа хүлээлгэн өгсөн.

1. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

2. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Однасан

3. Ерөнхийлөгчийн зөвлөх асан, Хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар

4. ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга  Д.Ганхуяг

5. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  асан П.Цагаан

6. Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан

7. ИНЕГ-ын дарга асан Г.Нямдаваа

8. Үнэлгээний хорооны дарга асан А.Давгадорж

9. “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал асан М.Баянмөнх

10. Цах-ДХХА цехийн дарга асан С.Батсайхан

11. ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат

12. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Ж.Отгонбаатар

13. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл

14. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Ё.Гэрэлчулуун

15. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Б.Бадрал

16. НХААГ-ын дарга асан С.Ганбаатар

17. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг гэсэн нэр бүхий 17 албан тушаалтан багтсан байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний Аудитын газраас “Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,3-т заасан дагуу аудитаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг шалгуулахаар шилжүүлж байгаа тул холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн албан тоотыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Нийт АСЕМ нэрээр 290 тэрбум төгрөг зарцуулсан үүнээс 79,2 тэрбумыг нь Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Г.Баярсайхан тэргүүтэй 17 албан тушаалтан зүгээр л замрахуулаад хаячихсан бололтой. Улаанбатаар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл гэхэд 33 тэрбум 634 сая төгрөгийн шууд гэрээ байгуулсан. Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоонд 12,5 сая төгрөгийг гэрээгүй өгсөн. Энэ мэтээр баримт хөвөрч байна.


“ТУСГАЙ САН”-ГУУДАД Ч ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Нэгэнт ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс ил болж, эхнээсээ албан тушаалаасаа огцорч, удаалаад авсан зээлээ богино хугацаанд эргүүлэн  төлөхөөр болж байна. Ядаж улс хохиролгүй болж үлдэх юм даа.

Эгэл түмнийх болохоос эрх мэдэлтнүүдэд зориулсан “САН” биш гэдэг сануулгыг ямартай ч энэ удаагийн ЖДҮ-ийн зээл тойрсон асуудал тод харууллаа. Одоо харин нэг мөр гүйцээх хэрэгтэй. Засгийн газрын тусгай санг мөнгөний хүүдий гэж хардгийг халуун дээр нь таслан зогсоох хэрэгтэй. Хяналтыг ч сайжруулах ёстой.

2018 оны байдлаар Засгийн газрын 29 тусгай сан үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэхдээ эдгээр сангууд өнөөдөр үүргээ гүйцэтгэсэн ч маргааш татан буугдах эрсдэлтэй. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль батлагдсанаас хойш 12 жилийн хугацаанд нийт 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 236 тайлбар, зүүлт хийжээ. Анх Засгийн газрын 22 тусгай сан байсан ч нэмж байгуулсан, татан буулгасантайгаа нийлээд 40 тусгай сан өнгөрсөн хугацаанд ажилласан байна. 2015 онд 15, 2016 онд 18, 2017 онд 21 гэх мэтчилэн.

Тусгай сангуудад 2015 онд 2.2 тэрбум, 2017 онд 21 тусгай санд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Харин мөнгийг хэрхэн зарцуулав, хэн ашгийг нь хүртэв гэдэг үнэхээр тодорхой биш явж ирсэн. Нэр нь өөр болохоос үйлдэл нь ЖДҮХС-гаас нэг их ялгарахгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Аудитын шалгалтаар Засгийн газрын тусгай сангуудын нийт өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрчихээд байна” гэдгийг онцолсон байсан. Тусгай сангийн зардлыг яаж бүрдүүлдэг вэ гэсэн асуулт эндээс урган гарч ирж байна. Тэдгээрийг хэрхэн санхүүжүүлдэг нь хэрхэн зарцуулдгаасаа дутахгүй анхаарал татна.

Сангууд улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь, тамхины онцгой татварын хоёр хувийн хөрөнгөөс санхүүждэг.

Манай улс жилд архины онцгой албан татвараас 400 тэрбум, тамхины онцгой албан татвараас 250 тэрбум төгрөг төвлөрүүлдэг  гэдэг. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Тиймээс Засгийн газрын тусгай сангуудад ямар их мөнгө эргэлддэг вэ гэсэн төсөөлөл гаргаж болох юм.

Эцэст нь, ЖДҮХС-гийн дуулианы араас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, АСЕМ зохион байгуулах мөнгөнөөс завшигчдын нэрсийг зарлаад, хууль, хяналтын байгууллагууд нь  нь шалгаж, нэг мөр цэгцлэх шаардлагатай болсныг ойрын өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд тод харуулж байгааг дахин сануулъя. Мөнгө төгрөг завшсан хүмүүсийн нэрсийг баримттайгаар олон нийтэд ил болгох нь хууль хяналтынхан шалгаж арга хэмжээ авахаас хурдан хугацаанд үр дүнтэйгээр шийдвэрлэгддэг гэдгийг ЖДҮХС-гийн эргэн тойронд өрнөсөн үйл явц харуулж байна. Тиймээс АСЕМ болон Засгийн газрын Тусгай сангуудтай холбоотой үйлдлүүдийг ил тод зарлах нь энэ өдрүүдийн хамгийн их хүлээлттэй сэдэв болоод байгааг сануулах юун.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
simon(41.138.90.64) 2018 оны 11 сарын 04

холбоо барих: EMail:

0  |  0
Иргэн(202.179.27.246) 2018 оны 11 сарын 03

Тэр хүзүүгүй нөхрийг гадаадаас нь авчирч өрийг нь төлүүлээчэн

0  |  0
igk(66.181.160.16) 2018 оны 11 сарын 03

zarla zarla zarlaj baij shalgagdana

0  |  0
зочин(64.119.17.99) 2018 оны 11 сарын 02

хотын дарга маань бас л овоо цохисон байх шив бас зѳвшилцѳх ардчилал гээд бувтансаар л явах юм даа

0  |  0
Иргэн(66.181.177.253) 2018 оны 11 сарын 02

Маш зөв. Дэмжиж байна. Урт гартай цагаан захтануудыг сайн шалгаж, улсыг хохиролгүй болгоё

0  |  0
Иргэн(202.9.41.54) 2018 оны 11 сарын 02

Бүгдийг нь Монголын ард түмний өмнө цаалах ёстой. бусад хамсаатнуудынхан нь хөрөнгийг хурааж хартн наад новшнуудаа бүгдийг нь цаазлах ёстой.

0  |  0
иргэн(202.179.26.8) 2018 оны 11 сарын 02

энд нөгөө Панаалтай Удирдагч ЦЭлбэгдоржийнх нь Хөрөг алга байна ш дээ одоо нөгөөдөх нь Ингээд л миний зураг байдаггүй юм ш дээ Гомдоллоод байж байгаа нэг их сайхан Гавьяат үйлс бүтээчихсэн юм шиг бөөн Уур суугаа Эд нарт тэгээд Хариуцлага тооцчих Зоригтой цөстөй Аавын хүү Хууль Шүүх Прокурорынхонд алга гэж үү Хууль хяналтынхан ингэтлээ доошоо орох ч гэж дээ цаашдаа яанадаа

0  |  0
Хммм(202.9.43.138) 2018 оны 11 сарын 02

Зарлалаа гээд яадгийн бүх хөрөнгий нь хураагаад ял өгөөч. Даанч гэнэт баяжаад байцгаасын ккк

0  |  0
сүлд(103.212.117.212) 2018 оны 11 сарын 02

нэр зарлах биш,,ял өгөх хэрэгтэй.

0  |  0
Top