“Диваажингийн цэцэрлэгт” тавтай морил...

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

Хаа газрын хүн зон олны үйлийн үр хаана, хэзээ шингэж дуусдаг болохыг бид таашгүй. Гэхдээ амьд яваа, амьдарч яваа цагтаа Диваажингийн цэцэрлэг байдгийг сэтгэл дотроо ер нь ийм л байдаг байх даа гэсэн тийм мэдрэмж, бодолд тээж явдаг байх.

Эрт дээр үед нэгэн баатар эр байжээ. Хятадын түүхэнд энэ баатрыг Даюу хэмээн нэрийднэ. Баатар эр нутаг усаа үер усны аюулаас хамгаалахын тулд эцэс төгсгөлгүй явсан байна. Ийн явж байхад нь бурхан багш түүнд тусалж нэгэн судрыг өгсөн гэдэг. Тэр сударт нь хэрхэн уул хадыг гэтэлж устай залгаж, үер уснаас хамгаалах талаар сийрүүлэн үлдээжээ.  Залуу баатар бурхны үлдээсэн судар болон галыг нь өдөр шөнөгүй ашигласны эцэст Гурван хавцалын хэвлийд “Диваажингийн цэцэрлэг” үүссэн түүхтэй. Уулс үүлсийн дунд нь сүрдмээр авч амар амгалан ноёлох байгалийн цогц  энэ бүтээл  Хөх Мөрний дээд сав газарт байрладаг ажээ. Гурван хавцалынхаа элгэнд багтаж, энгэрт нь дулаацаж яваа иргэд бол Чүнчинийхэн. Тэднийг “Уулан хотынхон” ч гэж нэрлэдэг. Хаашаа л харна сүрлэг сайхан уулс нөмөрлөх энэ нутгийнханд  аялал жуулчлалын зам дурайж энэ чиглэлээр Бүх Хятадын хотуудаас дөрөвдүгээр байрт жагсчээ. Уг хотыг БНХАУ-ын эх газрын баруун өмнөд хэсэг Хөх мөрний дээд урсгалын газар нутагт оршдог гэж газрын зурагт тэмдэглэсэн байна. Тан улсын алдарт шүлэгч Ли Бай энэ газарт шүлгээ тэрлэж явсан удаатай. Аргагүй л яруу найрагчид, зохиолчдын онгод энд л ордог болов уу гэмээр амирлангуй энэ хотод Хөх мөрөн урсах бөгөөд Жялинжян, Үжян мөрөнтэй зөрдөг.  

Энд Хөх мөрний гурван хавцал, дэлхийн соёлын өв Дазүгийн чулуун сийлмэл, дэлхийн байгалийн өв Үлүнгийн кастын газрын гадарга болон Наньчуаний алтан бурхан уул бий. Чүнчин хотыг  Хятадын чухал экологийн бүс болгохоор төлөвлөөд байгаа нь  сүүлийн жилүүдэд  хэрэгжүүлсэн Хөх мөрний экологийн орчныг хамгаалах төсөл, мод тарьж ойжуулах, Хөх мөрний хууль бусаар эрхэлж байсан гармын үйл ажиллагааг зогсоосон, экологийг сэргээх зэрэг ерөнхий арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж  шат дараалсан  арга хэмжээнээс харж болно. Мөн Хөх мөрний эрэг дэх Чүнчиний экологийн халхавч бүсийн ургамлын хучилтыг сэргээхээ ч тэд мартсангүй. Энэ удаа  тэд  хотынхоо цаашдын хөгжлийн явцыг  хэрхэн харж байгаа болон одоо хэрхэн хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөтэй байгаагаа  танилцуулахаар Монгол Улсын сэтгүүлчдийн төлөөллийг уриад буй нь энэ. Манай багийнхны  анхны зочилсон газрын нэг бол Үшанийн гурван хавцалын хөндий байв. Энд хүрэхийн тулд эхлээд цахилгаан машинаар хүрнэ. Цахилгаан машины өндөр нь 750 метр, хөрөнгө оруулалтын хувьд 100 сая юань зарцуулсан гэж байлаа. Гэхдээ цаашдаа энэ чиглэлийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хятадад төдийгүй Азидаа хамгийн өндөрт тооцогдох  (200 метрийн өндөртэй) цахилгаан шатыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Цаашдаа аялал жуулчлалын том бүс болохын тулд жуулчдад аль болох тохь тухыг санал болгох юм. 


Энд ирэхдээ автобусаар дээшлээд яг хавцал руугаа гарахдаа нэг минутын хугацаа шаардах цахилгаан шатаар үйлчлүүлэх боломжтой болох нь. Жуулчид цахилгаан шатаар өгсөх  үед нь “ Бурхны зүүд” нэртэй гол урсах ажээ. Энэ мэтчилэн жуулчдад жинхэнэ утгаараа үйлчилж нутгийн брэнд болсон байгалийн цогцлыг танилцуулахаар төлөвлөжээ. Сэтгүүлч бид төслийн орчуулагчаас, “ Бидний харж байгаа цахилгаан шатны барилгын үйл явц караказ хэлбэртэй харагдаж байна. Бид удахгүй буцна. Өөрөөр хэлбэл, тооцоод үзэхээр арваад хоногийн л хугацаа. Тэгэхээр ирэх 11 дүгээр сард цахилгаан шат ашиглалтад орж амжих болов уу” гэхэд  цахилгаан шатны барилга дээр гадаадын ямар ч компанийнхан оролцоогүй, нийт 1000 гаруй ажилтан инженерүүд ажиллаж байгаа. Бүх зүйлийг бид хуваарийн дагуу баталж гаргадаг учраас цаг хугацаандаа ашиглалтад орохгүй гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ итгэхгүй байгаа бол бид та нарын хаягаар ашиглалтад орж байгаа зургийг хүргүүлж болно. Мөн цахилгаан шатнаас гадна Үшанийн төвөөс 20 гаруй км-т онгоцны буудал нээж байгаа. 2018 оны 12 дугаар сүүлчээр ашиглалтад орно гэв. Хамгийн их сонирхол татсан өөр нэг зүйл бол хүний ухаанаас гарамгүй гайхалтай бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн нь асуухгүй өнгөрч болохгүй зүйлийн нэг байв. Уул, хавцал хадыг нүхэлж инженерийн гайхалтай шийдлээр бүтсэн бүтээн байгуулалтыг хэрхэн бүтээв гэхэд Хятад улс маш олон их дээд сургуулиудтай. Жишээ нь, зөвхөн энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд эхлээд уулын инженерүүдийг бодлогоор бэлтгэдэг. Тэд сургуулиа төгсч ирээд энд ажиллах эрхтэй болдог гэсэн юм.

 

Загасчны завин дахь амьдрал

Үүний дараа бид Тани голыг зорилоо. Гурван гол төслийн хүрээнд энэхүү голыг өөрчилж шинэчилсэн гэнэ. Анх жижигхээн горхи байсан бол төсөл хэрэгжүүлснээр хойш 90 метрийн гүнзгий болж гол дагаж амьдардаг иргэдийн амьдрал ч сайжирчээ. Голын зүүн талын уулын энгэрт нь хэдэн цагаан байшин харагдав. Учрыг сонирхвол, Засгийн газрын зүгээс төсөл хэрэгжүүлэхээс өмнө эхлээд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг чухалчилсан. Та бүхний харж байгаа энэ цагаан байшингууд бол тариаланчдын орон сууц. Нэг байшинд нэг л гэр бүлийнхэн амьдардаг. Зарим иргэд мөнгөтэй болохоороо байшингаа засварлаад зочид буудал маягаар түрээслүүлдэг. Гурван давхар байшин худалдаж авбал 200 мянган юанийн үнэтэй. Хэрвээ түрээслэх бол нэг хоногийн өдрийн хоол бүх зүйлтэйгээ нийлээд 80 мянган юань байдаг. Энэ уулынхаа цаад талд гүүр барьж эхэлсэн. Гүүрний бүтээн байгуулалтдаа зэрэгцээд хурдны галт тэрэгний зам тавигдаж байна. Чүнчинээс Ваньжөү хүртэлх галт тэрэг явах бөгөөд цагт 350 км хурдтайгаар зохион байгуулсан. Гэхдээ энэ бүтээн байгуулалтыг дөрвөн жилийн хугацаатайгаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар Чүнчинээс Бээжин хүртэл галт тэрэг явахад хамгийн багадаа 14 цагийн хугацаа шаардана. Хэрвээ галт тэрэгний бүтээн байгуулалт орчихвол ердөө нэг цаг 40 минутын дотор энд ирэх боломжтой болно. Сүүлийн жилүүдэд Гурван хавцалыг үзэх жуулчдын тоо нэмэгдсэн төдийгүй саяхан нэг баяр болоход 630 мянган жуулчид ирсэн тооцоо бий. Үүний дараа Манантай хавцалын хажуугаар явав.

“Мориор гэтлэх” нэртэй энэ гол нь 50 метртэй. Уулынх нь оройгоор одоо хүртэл иргэд амьдардаг бөгөөд ойролцоогоор 20 мянган оршин суугчидтай. Эдгээр оршин суугчид бусдын л адил амьдрах. Уул хавцал дүүрэн хэдий ч өөрсдийн гаргасан мянган мянган жимээр ажил сургуульдаа явдаг гэх.  Амьдралынх нь гол үүсвэр загасчлах бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сараас  ирэх жилийн зургаадугаар сар хүртэл загасчлах зөвшөөрлийг Засгийн газраас албан ёсоор олгодог байна. Энэ хугацаанд загас барьж болно, харин хугацаа дууссаны дараа загас баривал торгууль хүлээнэ. Мөн хад уулаар нь дагаад эмийн ургамлууд маш олон төдийгүй эрт дээр үеийн булшууд бий. 200- 300 мянган тэртээх булш бунхнууд агуй нь дотор байрладаг ажээ. Анх үндэсний цөөнх байсан Ба болон Пү үндэстнүүдийн булш байсан тухай Хятадын археологч 1987 онд олсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр анх 20 булш олсон бөгөөд нэг булшийг нь үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн булш байж. 14-15 насны байсан болов уу гэмээр. Өмсч зүүсэн хувцас эдлэл хэрэглэлийг нь сонирхвол эрэгтэй нь баян айлынх, эмэгтэй нь ядуу гаралтай айлын хүүхэд байсан байна. Энэ булшийг тойроод хоёр мянган жилийн өмнөх олдворууд байсан бөгөөд тухайн олдворуудыг Засгийн газартаа хүлээлгэн өгч үзмэрт байршуулсан аж.


Судалгаанаас үзэхэд тухайн үеийн хүмүүсийн баян, хоосны ялгаа булшин дээр хүртэл байсныг харж болно. Уулынхаа хэчнээн өндөрт байх тусам баян хүний булш байрлаж, ядуу хүнийх нь байгаль дэлхийдээ шингэж оддог байна. Тийм өндөрт өөрийгөө булшлахын тулд баячууд ядуу хүмүүст мөнгө төлж механик аргаар хад хавцалыг ухуулдаг байсан байна. Яагаад заавал өндөрт гэж. Энэ нь бас нэг шалтгаантай. Өндөрт байх тусмаа “ Диваажингийн цэцэрлэгт” очно гэсэн мөнхийн хүсэл нь тэднийг ийнхүү мөнхлөн үлдээхэд хүргэжээ. Тухайн үеийн хүмүүсийн итгэл үнэмшил их байсан одоо ч энэ байдлыг халахыг хүсдэггүй, харин ч байгаль эхээр нь авч үлдэж олон мянган жуулчдын нүдийг хужирлах төсөл хэрэгжүүлж буй нь Засгийн газрынх нь бодлогын нэг юм. Тодруулбал, Засгийн газрын зүгээс 2012 онд тогтоол шийдвэр гаргаж агуйд амьдардаг байсан иргэдээ тосгон руу нүүлгэн шилжүүлээд  нөхөн төлбөр олгосон байна. Энэ нөхөн төлбөрийн гол ач холбогдол  нь байгаль эхээ сүйтгэхгүй гэсэн нэг л зарчимтай. Хэрвээ байгаль эхээ сүйтгэх ямар нэгэн үйлдэл гаргавал торгуулийн системд шилжинэ. Тэднийг байгаль эхээ хэрхэн хамгаалж байгааг шалгадаг байгууллага өдөр бүр энд ажилладаг гэж байлаа. Хамгийн гол нь энэ төслийн ач тус нь хойч ирээдүй үедээ байгаль эхийг байгаагаар нь үлдээж, энэ бүхнээ олон жуулчдад харуулж, үүнээсээ амьдарч болох алтан боломжийг хамтдаа хайж байгаа гайхалтай төслийн нэг хэсэг гэж байлаа.

Ухаалаг хэвлэл удахгүй мэндэлнэ

Бид Юнь-Янгийн хоёр мөрний амралтын газар буудаллаад маргааш нь Лянпин хотыг зорив. Энэ хот нь Чүнчинийн хойд хэсэгт байрладаг ажээ. Тус хотод Баруун өмнөд Хятадын хамгийн том барилга байгууламж бий. 2014 оны дөрөвдүгээр сард Чүнчин хотын зөвшөөрлөөр байгуулсан бөгөөд гурван талаараа усаар хүрээлүүлжээ. Тус байгууламжид нийт 90 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд дундах хэсэг нь ашиглалтад ороод байгаа аж.  Тодруулбал, эдийн засгийн томоохон төвүүдийг энд байршуулж нэгдсэн бодлогод хамааруулахаар төлөвлөжээ. Ингэхдээ  Huawei гар утасны худалдааны төв, чип үйлдвэрлэх төв, худалдааны гудамж, таван одтой зочид буудал, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төвүүдийг багтааж байна. Үүний зэрэгцээ сүүлийн арван жилийн хугацааны экологийн үзэл баримтлалд тусгахдаа ухаалаг хэвлэл мэдээлэл, ухаалаг машин, ухаалаг нисэх онгоцын буудал гэхчилэн орчин үеийн техник технологид суурилсан бүтээн байгуулалтыг шат дараалан хэрэгжүүлэхээр болжээ. Гэхдээ зүгээр нэг бүтээн байгуулалт хийгээд яваад байна гэсэн үг огтхон биш юм. Тэд хамгийн эхлээд хүнээ боддог бодлогоо чухалчилдаг гэдгээ онцолж байв. Дээрх байгууламжийг тойрсон 100 гаад орон сууцны шинэ хорооллын шав хэдийнэ тавигдсан гэдгийг ч дуулгаж амжсан. Орон сууцны хорооллууд ашиглалтад орох үеэр иргэдээ шилжүүлэн суурьшуулах ажиллагаа эхэлнэ гэсэн юм.

Чүнчин хотын хамгийн том төслийн нэг нь ухаалаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр бүхий л мэдээллийг нэг дороос цогцоор авч болох төдийгүй оюуны шинжлэх ухааныг ч хослуулан хөгжүүлэх боломж нөхцөлийг ч давхар судалж байна. Энэ тухай бидний зочилсон Ляньтүө Жиньфү компанийн менежер тайлбарлахдаа, “Манайх  төслийн хүрээний сүлжээ компанийн нэг юм. 3D дэлгэцээр бүх банкны программ хангамж үйлчилгээг шууд хянадаг. Өнгөрсөн жил БНХАУ-ын Шадар сайд компани дээр ирээд  бидний үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Хятадын зах зээлийн санхүү, банкны үйл ажиллагаа шударга, ил тод нээлттэй байгаад нь талархсан гэсэн үг. Нөгөө талаар бүх зээлийн төлбөр тооцоог манай дэлгэцээс харж болно. Жишээ нь, нэг гэрийн ахмад төлбөр тооцоо хийлээ гэж бодоход ямар зориулалттай ямар зорилгоор хийснийг хянаж болно. Хүүхдийнхээ төлбөрийг хийсэн тохиолдолд тухайн сургуулийн дансанд орсон эсэхийг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, манай ашиглаж байгаа технологи бол үүлэн тооцоо буюу үйлдлийн холбоос юм. Дэлгэцийн тоо баримтаас харахад иргэд хамгийн их мөнгийг боловсролын салбарт зарцуулж байгаа нь харагддаг. Энэ мөнгийг гэрийн ахмадууд илүү их төлдөг нь харагдсан. Ерөнхийдөө манайх банкны программ хангамжийн компаниудтай ийнхүү хамтарч ажиллаж байгаа нь Хятадын санхүүгийн түүхийг хамтдаа бичилцэж яваа хэрэг юм” гэлээ.

Нэгт багтсан гурвын замаар урагшлах нь...

Дэд бүтэц нь мэдэгдэм сайжирсан  Чүнчин хотын хувьд хурдны авто зам 3023 км, боомтын жилийн бараа тээвэрлэх хүчин чадал 197 сая тонн, Хөх мөрний хойдох олон улсын онгоцны буудлын зорчигчид тээвэрлэх хүчин чадал давхардсан тоогоор 38720 мянгад хүрээд буй.  Эх  газрын нээлттэй байдал асар хурдацтай хөгжиж  Хөх мөрний усан зам, Хятад- Европ чиглэлийн галт тэрэг  нээлттэй замаар урагшилж байна. Үүнийгээ Хятад- Сингапурын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны гуравдугаар төслийн хүрээнд Чүнчингээр дамжуулан хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ талаар  Баруун хэсгийн ложестик  төвийнхөн танилцуулахдаа, “ Бүх Хятадын хэмжээнд хамгийн том ложестик төв юм. 2007 онд анх байгуулсан, төмөр замаараа шууд Герман улсад нэвтэрдэг. “ Нэг бүс,  нэг зам” санаачилгад Торгоны замын эдийн засгийн бүсд хамрагдсан. Чүнчиний хувьд соёл шинжлэх ухаанд нээлттэй хот гэдгээрээ алдартай бөгөөд ачаа тээвэрлэлтийг 1891 оноос эхлэн хийж байв. Хотын нээлтийг хийхдээ 100 гаад жилийн настай том чулуун дээр тухайн үеийнхээ билэг тэмдгийг байршуулсан. Анх дэд бүтцийн бодлогоо нэг төв хоёр тулгуур гэсэн зарчимтайгаар гаргасан. Энэхүү бодлого өдий хүртэл хөгжин дээшилснээр өнөөдрийн хувьд 300 гаруй сая бүтээн байгуулалттай олон улсын далайд гарцтай хот болсон чадсан” гэсэн юм. Бидний ажигласнаар  ложестикийн төв нь галт тэрэгний худалдааны төв аж. Энэ хотод өрсөлдөөнтэй дөрвөн салбар байдгаас орчин үеийн ложестик, боловсон хүчин, соёл, боловсрол. Эдгээр салбартаа маш их өрсөлдөөнийг бий болгодог төдийгүй зөвхөн тухайн хүний нийгмийн асуудал гэхээсээ илүү эх оронч сэтгэлгээг давхар олгодог нь харагдаж байлаа. Эдгээр дөрвийг дагаж хөгжих салбарт  худалдаа, аж үйлдвэр, машины сэлбэг, электрон мэдээлэл гэсэн хуваагдлаар явна гэж байв. Чүнчин хотын хөгжлийн гарц нь  усан тээвэр, галт тэрэг, агаарын тээврийг голчлох бөгөөд үүнийгээ нэгт багтсан гурав хэмээн тайлбарлаж байна. Мянга мянган жилийн өмнө байхгүй болсон Торгоны зам өнөөдөр буцаж сэргэн эргэж ирсэн Бүх Хятадын ард түмний хүсэл мөрөөдлийн нэг байжээ.

“Элинь үйлдвэр” соёлын инновацийн эргүүлгэд

Аль ч талаас нь харсан хуучны цаг үеийг санагдуулах гудамж байх. Гаднаас нь харвал энэ дотор юу байгаад ямар зүйл үзүүлэх юм бол гэсэн бодол тээсээр Элинь хоёрдугаар үйлдвэрийг зорив. Яг бас үйлдвэр биш л дээ хуучин үйлдвэр ажиллаж байсан газрыг одоо аялал жуулчлалын гол үзвэрийн болгон ашиглаж байгаа аж.  Хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд шуухад шуугисан хуримын хосууд зураг татуулсан, түргэн хоолны газар энд тэндгүй ажиллах. Бидний явж буй энэ гудамж талбай 80 жилийн түүхтэй бөгөөд 2014 онд шинэчлэн зохион байгуулагджээ. Элинь үйлдвэрийг анх Англи улсаас авчирч тус улсын мэргэжлийн архетикторуудтай хамтран ажилласан байна. Үйлдвэрийг тойрсон гурван барилга нь 1930, 1940, 1950 онд баригджээ. Барилга бүр нь  өөр өөрийн онцлогтой, орчин үеийн шинэлэг санааг тусгаж төслийн хүрээнд өөрчлөн шинэчилсэн талаар төслийн менежер тайлбарлав. Түүний хэлснээр, энэ үйлдвэр бол Чүнчин хотыг яг гол төвд байрладаг. Хот өөрөө өндөрлөгт байдаг учраас бүх зүйлийг тольдож болно.  Анх төсөл хэрэгжүүлэх үед энэ дүүрэг хогоор дүүрсэн төдийгүй их эмх замбараагүй байсан. Хэдий ийм байсан  ч бид нэг ч модыг сүйтгэхгүйгээр бүтээн байгуулалтыг шинэчлэн хийсэн. Ингэхдээ барилгын дээвэр бүрийг ашиглахаар шийдсэн. Цоо шинэ санааг хуучны цаг үетэй нь зэрэгцүүлж үүнийг дагаад аялал жуулчлал хэрхэн хөгжих боломжийг судалсан.

Бидний судалгаа амжилттай болсон төдийгүй нийт 100 гаруй шинэ дэлгүүр энд нээгдсэн. Барууны болон азийн соёлыг нэгтгэснээр худалдаа эрхлэгчдэд ашиг авчирсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Анх төсөл хэрэгжүүлэхдээ энд цайны газар ажиллуулдаг нэг бизнесмэнтэй уулзаж байв. Тэр хүн маань өөрөө хуучны эдлэл цуглуулдаг хоббитой. Хоббигоо дагаад хуучны маш олон эдлэл цуглуулсан байсан. Үүнийг нь түшиглээд кофены газар, хүлээн авалтын танхим, цайны ёслол үйлддэг газар зэргийг байгуулсан. Одоо энэ бизнесмэн цахим ертөнцөд 60 сая дагагчидтай. Түүний эхлүүлсэн бизнес олон хүний сонирхлыг татсан төдийгүй төслийг хэрэгжүүлэхэд их нөлөө үзүүлсэн юм. Мөн өнгөрсөн 2017 онд Хятадын олон уран бүтээлчид энэ хэсэгт олон зураг авалт хийсэн. Жишээ нь ханан дээр гарсан зураг гэхэд Чүнчин хотыг сурталчлахад нөлөөллийн пиар болсон. Одоо ч гэсэн зөвхөн энэ зургийг харахын тулд дотоодын олон жуулчид ирдэг. Бид чөлөөт уран бүтээлчдэд боломж олгохын тулд тэдэнд байраа түрээслүүлдэг. Нэг хоногийн 20 юань. Үүнээс илүү болгож болохгүй. Хэрвээ хүмүүс их ирлээ гээд түрээсээ нэмчихвэл уран бүтээлчид ирэхгүй байх муу талтай. Чүнчин хотынхон их хөдөлмөрч бүтээлч ард түмэн байдаг юм” гэлээ.

 Төгсгөлд нь...

Хөрш орны нэг хотын хөгжлийг тольдож аяны богц задлахад ийм байна. Чүнчин хот чинээлэг иргэдийг бий болгох, хөгжлийг хамтдаа бүтээх, хөдөлмөрийн амтыг зэрэгцэж мэдрэх, инженерийн мяндсан ухаанд хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн үйл явцыг зөвхөн хамтдаа эх орондоо бүтээн байгуулахын тулд цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Чүнчин хотын цагийн зүү хөгжлийн гол түлхүүрийг зааж эхэлжээ.

В.Сарантуяа

БНХАУ, Чүнчин хот

   


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
равдан(49.0.218.25) 2018 оны 11 сарын 06

хятадуудыг муулна тэгчээд хувцас хоолоо зөөнө тэнэг үхэр монгол их байх юм даа

0  |  0
хятад(203.91.116.185) 2018 оны 11 сарын 05

Хятадыг таньж мэдэж байж хөгжинө даа манай монголчууд. Нүдээ аниад муулаад бвл нэг мэдэхэд хятадуудынхаа боолл л болно

0  |  0
Zochin(78.51.85.10) 2018 оны 11 сарын 04

Jun hyatadiin surtal uhuulga ve? Boliochee!!!

0  |  0
Top