Эрх баригчдын “дөжрөлт”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Улс төрийн тогоон дахь үйл явцын хэт халалтаас улбаалан эрх баригчид маань “дөжирчих” шиг боллоо. ЖДҮ-ийн зээлийн асуудал, сайдын өөрчлөлт, сөрөг хүчний ажил хаялт, төсвийн маргаан, УИХ-ыг тарахыг шаардсан Ерөнхийлөгчийн албан бичиг гээд олон асуудалд ийнхүү “чих нь шуугиад” баргийн шүүмжийг тоохоо больчих шиг.

Ялангуяа ЖДҮ-ийн зээлийн асуудалд Төрийн ордонд байгаа бүх хүн холбогдчих шиг боллоо. “Би ч авсан, чи ч авсан” гэцгээж, тус хэрэгт нэр холбогдсон гэх УИХ-ын гишүүд “төлчихье, уучлал гуйх шаардлагагүй” гэх байдлаар хандаж байна. Албан тушаал, авлигын гэх уг асуудалд УИХ-ын цөөнгүй гишүүн холбогдчихоод байгаа нь үндэсний эрх ашгийн эсрэг үйлдэл болохыг сөрөг хүчнийхэн хэлж байгаа.

УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авч байгаа энэ асуудалтай холбогдуулан УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгч шаардаад байгаа. УИХ мөн л таг чиг.

Дээр нь УИХ 2019 улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталж орхив. Төсвийг батлагдахаас нь өмнө салбар салбарын мэргэжилтнүүд төсвийн хуваарилалтад шүүмжилжлэлтэй хандаж байлаа. Төсөвтэй холбогдуулан жагсаал цуглаан Төрийн ордны үүдэнд өрнөх нь хэвийн үзэгдэл болоод байв. Энэ байдал арваннэгдүгээр сарын 15 хүртэл өрнөх төлөвтэй байсан юм. Гэтэл эрх баригчид зовлонгийн түргэн нь дээр гэж бодсон уу, өнгөрөгч баасан гарагт хугацаанаас нь өмнө төсвийг баталж орхив.  

Уг нь төсвийг ул суурьтай хэлэлцэж, шүүмжлээд байгаа асуудлуудыг нарийн авч үзэх хугацаа байсан. Харин чихнээ жингэнэх нэг ч гэсэн хонхноос даруй салах гэсэн мэт Төсвийн төслийг түргэнээ баталчихлаа. Сөрөг хүчин АН-ыг ажил хаясны маргааш өдөр нь 2019 оны төсвийг баталчихсан. Цаана нь бүтэн хоёр долоо хоногийн хуулийн хугацаагаа үлдээгээд шүү.

Засгийн газраас арваннэгдүгээр сарын 8, 9-нд буюу энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Засаг нь амар гэхээр л төрийн эрх барих дээд байгууллага нь амрахын тулд төсвөө урьдчилаад баталчихдаг юм байж. Уг нь ажлаа шахаад хэлэлцэх, тодруулах, сайжруулах асуудал бишгүй л байсан юм сан.

Сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явцын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү голчтой үг хэлсэн. Тэрбээр “Төсөв батлах цагаар Ардчилсан нам ажил хаялаа. Үүнээс болж парламент хяналтгүй боллоо. Хяналтгүй болсныг далимдуулж  Захиргааны шүүхийг татан буулгах хуулийн төсөл орж ирлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн газрын шийдвэр, шийдвэрийг биелүүлж буй аймаг, нийслэлийн Засаг даргын аливаа шийдвэрийг Захиргааны шүүхээр авч хэлэлцэхгүй болж байна. Энэ заалт нь маш хортой үр дагавартай. Төрийн өмчийн дарга, прокурорын орлогч УИХ-ын гишүүд ЖДҮДС-аас зээл авсан. Үүнд хэн нэгэн иргэн гомдол гаргах эрхгүй гэсэн үг. Би үүнийг улайм цайм луйвар гэж харж байна. Хэрвээ ингэж батлах юм бол бид ардчиллаас бүрэн ухарч байна гэсэн үг. Үндсэн хуульд заасан Засгийн бүрэн эрх ард түмний гарт гэсэн заалт буюу ард түмэн Засгийн газрын дээр байж шүүхээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь мөн Үндсэн хуульд заасан “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд эрх зүйн этгээд байна” гэсэн заалт зөрчигдөнө” гэсэн юм.

Тэрбээр мөн “Ганцхан Б.Батзориг гэдэг хүн огцрох ёсгүй. Хэд хэдэн сайдыг огцруулах ёстой. Зээл авсан хүн нь огцрохгүй өгсөн хүн нь огцорно  гэдэг юу гэсэн үг вэ. Энэ утгаараа Я.Содбаатар сайд огцрох ёстой. Дээрээс нь эрчим хүчийг хэд хоногоор тасалсныхаа хариуцлагыг хүлээж Эрчим хүчний сайд огцрох хэрэгтэй. Шатахууны үнэ хэрээс хэтэрлээ. Шатахууны үнийг буулгаж чадахгүй бол чаддаг хүнээр нь сайд хийлгэх хэрэгтэй” хэмээсэн. Бодох л асуудал. Үндсэндээ эрх баригчдыг бүгд шүүмжлэв. Гэхдээ шүүмжлэлд “дөжирнө” гэж байдаг бололтой.

Нөгөөтэйгүүр шүүмжлэлийг зөвхөн эрх баригчид хүртээд сөрөг хүчин цэвэр үлдэнэ гэдэг хэтэрхий шударга бус. АН-ынхан ч "АСЕМ"-ийн хэрэг, ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг баруун, солгойгүй цацсан баримт ил болоод байгаа. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат 2014-2016 оны хооронд АН-ыг эрх барьж байхад Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн сангийн олон тэрбум төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон тухай мэдээлэл цацагдсан. Зөвхөн 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь Сэлэнгийн, тодруулбал өөрийнх нь тойргийнх нь иргэд  байжээ. Тэгэхээр сөрөг хүчин ч шүүмжлэлийн хажуугаар өнгөрөхгүй нь. Тэд ярьж, шүүмжилж байгаа шигээ үнэхээр улс орны төлөө ажиллах чин хүсэлтэй бол ажил хаялт зарлаж байхынхаа оронд төсвийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааг хянах чиглэлээр идэвхитэй ажилласан бол илүү үр дүнтэй байсан юм даа.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.240) 2018 оны 11 сарын 10

NEGMUSUN MONGOL GEDEG TANIL TALTAI BOLCHIH

0  |  0
Top