ӨР тавьж, УТАА-тай тэмцэх арга амжилтад хүрэх үү?

Үргэлж яригдаад улиг мэт болсон ч, үнэхээр шийдвэрлэх ёстой асуудлуудын эхэнд агаарын бохирдол байх ёстой. Хүүхдүүд хотод амьдарсныхаа төлөөсөнд нэг насаараа хэвийн бус багтаамжтай уушгитай, эрэмдэг хүмүүс болж үлдэж байна. Судалгаагаар нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогдсон. Тэр хэрээр амьсгалын замын өвчлөл дийлэнх хувийг эзлэж буй. Тийм байхад энэ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ёстой шүү дээ. Харамсалтай нь, эрх мэдэлтнүүдийн бохир хандлагаас болоод агаарын бохирдол буурах хугацаа хойшилсоор л байна. Тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Гэвч өмнөх олон жилүүдэд агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгө мөнгө үр дүнгүй үрэгдсэнийг гэрчлэх дүгнэлтийг Аудитын байгууллага хийж, УИХ ч хуулийн хугацаагаар түрий барин ирэх оны төсвөө хурдан шаламгай батлахдаа утаа, бохирдлыг бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн,  147.9 тэрбум төгрөгийг 80 тэрбумаар танаж,  67.9 тэрбум байхаар батлав.


Улстөржүүлэх учиргүй сэдвийг улстөржүүлж, иргэдийнхээ зовлонгоор түрий барьж, төдийгөөс өдийг хүрсний балгаар энэ утаа, бохирдол арилна гэдэгт итгэх итгэл нийгэм даяар алдарч байна. Тэглээ гээд хөдөө амьдрахгүй, гадаадад цагаачлахгүй  хүмүүс үр хүүхэдтэйгээ хамтдаа агаарын асар өндөр бохирдолтой Улаанбаатарт үхлээ хүлээж байх ёстой юу. Шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэг шат шатны байгууллагад робот биш  хүмүүс ажилладаг л юм бол, үр хүүхдүүдийнхээ амьдрах орчныг бодож, хүн чанар, сэтгэл гаргаж ажиллах ёстой. Шат шатандаа сэтгэлгүй, хариуцлагагүй байсны улмаас төсөвт төлөвлөж оруулж ирсэн утаа бууруулах мөнгө танагдсанд эгдүүцэхийн оронд “улстөрчид нь идэж байхаар, ингээд хасагдсан нь ашгүй дээ” гэх хандлагатай хүмүүс ч байх. Гэтэл ууж иддэг хомхой зантай эрх баригчид төсвөөр далимдуулж, мөнгө идэх дээрээ тулбал зүсэн бүрийн хувилбарыг санаачлаад, хөрсөн дээр буулгачих чадалтай нь нэгэнтээ бат ноттой ойлгогдсон.

Агаарын бохирдол гэх харанга дэлдээд удсан аюулыг багасгах чиглэлд хөрөнгө мөнгө төсөвлөгдөх ёстой. Гол нь ХЯНАЛТ хэрхэн яаж тавигдах вэ. Үр дүнг хэдий хугацаанд шаардах вэ гэдэг асуудлыг хариуцлагатай түвшинд авч үзмээр байна. Агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг ТББ-ууд  нь төрийн байгууллагуудтай тав, арван цаасаар тохиролцдоггүй байхын тулд юуны төлөө яах гэж бид агаарын бохирдлыг бууруулъя гэж хэлж, яриад байна вэ гэдгээ ухамсартайгаар эргэн харъя.

Агаарын бохирдлыг  бууруулахаар анх төсөвлөж оруулж ирсэн мөнгөний зарцуулалт эхнээсээ шүүмжлэл дагуулсан нь үнэн.

  • Гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 16.4 тэрбум төгрөг

  • Улаанбаатар хотод ажиллаж байгаа уурын зууханд филтер байрлуулахад 22.5 тэрбум төгрөг

  • Сайжруулсан түлшинд татаас олгоход 54.7 тэрбум төгрөг

  • Гэр хорооллын айл өрхүүдийн янданд  шүүлтүүр байрлуулахад 54.3 тэрбум төгрөг тус тус төлөвлөөд байсан.

Харин төсвийн хэлэлцүүлгийн явцад айл өрхүүдийн янданд шүүлтүүр байрлуулах нь төдийлөн үр ашигтай бус гээд хассан юм. Тэгвэл төсөв эцэслэн батлахад 54.3 тэрбум дээр нэмээд 25.7 тэрбум төгрөг хасагдлаа. Тэгэхээр энэ мөнгийг уурын зууханд филтер байрлуулах төсвөөс танах уу, эсвэл сайжруулсан түлшний татаасны мөнгөнөөс хасах уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Яадаг ч байсан эрх баригчдын зүгээс утаа, агаарын бохирдлыг бууруулах тухай ярьсан төсөөллийн ярианууд хөрөнгө мөнгөгүйгээр хөрсөн дээр буух боломжгүй л харагдаж буй. Уурын зуухнууд дээр филтерээ байрлуулж чадахгүй бол, үр дүн өндөр биш гэгддэг ч, агаарын бохирдлын хорт түвшнийг тодорхой хэмжээнд бууруулдаг гэх сайжруулсан түлшний салбараа дэмжихгүй юм бол, агаарын бохирдол  тэгээд яаж буурах вэ. Хэн тэгээд Улаанбаатарын агаарын бохирдолтой ноцолдох юм бэ.

Хэрэв тэр 54 тэрбум төгрөгөөр янданд шүүлтүүр байрлуулахгүй гэсэн юм бол ипотект төсөвлөсөн 115  тэрбум төгрөг  дээр яагаад нэмчихэж болдоггүй юм бэ. Зах зээл дээр бэлэн орон сууцнууд байж байна. 115 тэрбумаар 1650 айлыг орон сууцны зээлд хамруулна гэж буй.  Агаарын бохирдлыг урт хугацаанд бууруулах хамгийн гол шийдэл орон сууцжуулах гэж ярьдаг хэрнээ, яндангийн шүүлтүүрт төсөвлөж чадсан 54 тэрбумыг яахаараа ипотекийн санхүүжилт рүү оруулж болохгүй байгаа юм. Ядаж л 800 өрх ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ шүү дээ. Улаанбаатарт 200 мянган өрх яндантай гэрт, байшинд амьдарч байна. Гэтэл сард 200 өрх л 8 хувийн зээлээр орон сууцанд орж байна.

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Б.Энхбаяр хэлэхдээ “Бид богино хугацаанд 200 мянган өрхөө орон сууцанд оруулж чадахгүй учраас, ойрын хугацаандаа  яндантайгаа л зууралдахаас өөр аргагүй байна” гэж байсан. Мөн тэрбээр “2019 оны төсөв ба Агаарын бохирдол” сэдэвт судалгаандаа “2019 оны Агаарын бохирдлыг бууруулах төсвийн зарцуулалтаас 2019 оны зорилтот түвшинд хүрэхийн тулд богино хугацаанд хэрэгжүүлж болохуйц, утааны ялгаралт, хорт агууламжийн хэмжээг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг багасгахад илүүтэй чиглэсэн байна” гэж хэлж буй юм. Тийм байж болно. Гэхдээ бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүдэд агаарын бохирдлыг шийдвэрлэх хүсэл зориг байгаа эсэхэд эргэлзэх шалтгаан дэндүү олон байна.

Агаарын бохирдлыг бууруулах хүсэл зориг Монголын төрд байх ёстой болохоос олон улсын байгууллагууд юу хийх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг байж болохгүй. Манай төр төсөвтөө мөнгө суулгахаас татгалзаж байхад гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр дэд бүтэц хөгжүүлэх, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны барилгын чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,733.32 сая ам.долларын төсөвт өртөг бүхий 23 төсөлд 204.03 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүний 186.94 тэрбум төгрөг нь зээл, 17.09 тэрбум төгрөг нь буцалтгүй тусламж хэлбэрээр байгаа аж.

Гэтэл улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахаар тусгаж оруулж ирсэн 147.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг харахад Улсын төсөв, орон нутгийн төсвөөс 106.4 тэрбум төгрөг, Агаар бохирдуулсны төлбөрөөс 22 тэрбум төгрөг, Ус, рашаан ашигласны төлбөрөөс 26.5 тэрбум төгрөг, нийт 154.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрдүүлэхээр тооцсон байсан. Энэ нь 2011-2018 онуудад төсөвлөсөн төсвөөс 23 хувиар илүү үзүүлэлт юм. Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах эх үүсвэр байсаар атал 187 орчим тэрбумын зээл авах замыг сонгож байна. Үүнийг эрүүл бодлого гэж харах ёстой юу?

Ирэх онд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулъя. Судлаач Б.Энхбаяр энэ талаар “Шинээр болон он дамжиж хэрэгжих нийт 23 төсөл хөтөлбөр байна. Эдгээрийг нэгтгэж дүгнэвэл Улаанбаатар хотын эрчим хүч, ус, дулааны дэд бүтцийг сайжруулах замаар гэр хорооллыг барилгажуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд дийлэнх нь байна. 2019 онд хийгдэх санхүүжилтийн дүнг хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг агаарын бохирдлын эх үүсвэрийн бүтцэд шилжүүлсэн байдлаар тооцвол Улаанбаатар хотын дэд, бүтэц 48 хувь, Гэр хорооллыг хөгжүүлэхэд 4 хувь,  Орон сууцжуулах төсөл хөтөлбөр 11 хувь, Тээврийн хэрэгсэл  7 хувь,  хог, хаягдал ус зэрэг бусад  үйл ажиллагаа 31 хувийг бүрдүүлж байна. Санхүүжүүлэгч түнш буюу улс орноор нь үзвэл хамгийн их санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банк 80.45 сая ам.доллар, дараа нь БНХАУ 71.9 сая ам.доллар байна” гэж буй юм.


Мөн тэрбээр агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн 2011-2017 онуудад дүгнэлт хийхдээ:

  • Нэгдсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй.

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр батлагдсан хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт тодорхойгүй буюу хангалтгүй

  • Олон газар олон нэгжүүд байгуулагдаж, үйл ажиллагааны уялдаа холбоогүй, замбараагүй ажилласан, татан буугдсан.

  • Албан ёсны мэдээ, мэдээлэл, тайлан, хийж хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн талаарх тоо баримт, мэдээлэл байхгүй.

  • 2016 онд “Цэвэр агаар сан”-г татан буулгаснаар Улсын төсвөөс зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээ эрс буурч 4-5 тэрбум болсон.

  • 2016 оноос хойш агаарт агуулагдах хорт нэгдлийн хэмжээ буюу SO2, PM2.5, PM10 нэгдлүүдийн түвшин буцаад 3-33 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдэхэд шууд бусаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

  • Орон сууцанд амьдардаг бүртгэлтэй айл өрхүүдийн тоо жилд дундаар 5.6 хувиар буюу 5-8 мянгаар нэмэгдэж байгаа.

  • Гэр хороололд амьдардаг бүртгэлтэй айл өрхүүдийн тоо 2016 оноос эхлэн жил бүр 0.5-1.5 хувиар буурсан.

  • Нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тооны өсөлт саарч 15-аас 7% болсон нь тээврийн хэрэгслээс шалтгаалах бохирдлын эх үүсвэрийн өсөлтийг сааруулахад нөлөөлсөн байж болзошгүй.

-Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх албан ёсны тоо баримт одоог болтол байхгүй буюу 2014 онд НЗДТГ-аас гаргасан судалгааг 2019 оны төсвийн төсөлд БОАЖЯ ашиглаж байгаа хэмээн дүгнэсэн байна. Судлаач хэлэхдээ “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар нэг тодорхой байгууллага ажилласнаар тодорхой үр дүнгүүд гарсан. Төсвөөс зарцуулагдаж байгаа мөнгөний хэмжээтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ ихэссэн, буурсан үзүүлэлтүүд харагдаж байна” гэж байсан.

Гол нь агаарын бохирдлын эсрэг хөрөнгө мөнгийг хэн, хаана захиран зарцуулж байна вэ гэдэгт бодитой хяналт хэрэгтэйг сануулж буй юм. Тухайлбал, “Цэвэр агаар” сангийн үйл ажиллагааны тайлан үргэлж хаалттай байж ирсэн. Байнгын хороо, УИХ-д танилцуулсан маш товч тайлан л ил болсон байдаг. Мөн Ерөнхийлөгчийн дэргэд 2011-2014 оны хооронд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байгуулагдан ажиллаж, тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч, чухам ямар ажил хийсэн, үр дүн юу байв гэдэг талаар тодорхой мэдээлэл байхгүй. Дөрвөн жил дараалан төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгө авсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж  энэ бүтцийн талаар хэн ч ярьдаггүй. Энэ бол агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө мөнгөний араас холбогдох байгууллагууд хяналтгүй, хариуцлагагүй хандаж ирсний нэг л жишээ. Тиймээс л хяналтыг чангатгах механизмыг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэдэг нь гол асуудал болоод байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

Зочин [ 39.7.47.26 ]      |     Ням, 11:56 минутанд

Хүүк 9 сарын 1 нээс УБ луу түүхий нүүрс оруулахгүй утаа бууруулна гээд байсан яасан бэ ждүгийн мананд төөрчихсөн үү

Sagsleh [ 66.181.184.144 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 12:14 минутанд

Utaa buuruulah nereer,, Mungu,, idsen ue uein erhemuuded hatuu hariutslaga tootsood yamar arga hemjee absanaa ard tumend tailagnaj baihiig husej baina . Turiin mungiig alban tushaalaa ashiglaj idej uussan humuuseer zaabal tuluulj baih heregtei !!! Absan humuus ni tulj amjihgui nas barbal ur huuheduudeer ni { 9 ueer ni } tuluuleh heregtei !!!! Tegej baij Mongol oron hugjinu !!! Ue uein zasgiin gazart buruu shiidber gargaj ,idej uusan mungiig ni zaabal tuluuleh heregtei!!! Tangarag urguj ajil alba hashsan yum shini tedend hariutslag huleelge!!

zochin [ 103.254.120.84 ]      |     2018 оны 11-р сарын 06 -нд, 10:19 минутанд

ene mungu henii halaasand ordgiig hun buhen medne erh medeltei ni tuntiij ard tumen angaitlaa gaihna mongol amidral 27 jil

Bat [ 174.231.163.71 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 15:00 минутанд

Oron suuts is deed surguuli gadagshaa

Зочин [ 49.0.218.173 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 13:29 минутанд

Утаанд зарж байгаа нэртэй болохоос хэдэн даргын бизнес болоод олон жил болж байгаа. Утаа арилахгүй байх нь тэдэнд сайн. Хэн бизнесээ устгахын.

zochin [ 64.119.26.217 ]      |     2018 оны 11-р сарын 05 -нд, 10:21 минутанд

utaagui hot bolohiin tuld Ulaanbaatar hotoos niit irgediin tal ni nuuvel achaalal bagasah baih. tegeheer busad aimag sumaa hogjuulj, tend ni hun am suurishuulah heregtei baih.

Go to top of page