ТӨВ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад Төв аймаг онц дүнгээр үнэлүүлэв

   Монгол Улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын Ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, зудын нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу Аймгийн онцгой комисс, сумдын Засаг дарга нар, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм. 

Мөн Эрдэнэ сумыг нүүлгэн шилжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн улмаас үүссэн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан юм. Түүнчлэн хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн, малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэн үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Зуунмод сумыг нүүн шилжүүлэх болон удирдах бүрэлдэхүүний дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдсанаар өндөрлөлөө. 

Төв аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, иргэд идэвх санаачлагатай ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай буюу онц дүгнэлээ.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page