Тээвэрчдийн гэргий нарын холбооныхон ХЭҮК-ын даргатай уулзав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр (2018.11.05) Тээвэрчдийн гэргий нарын холбоо, "Баянзам" тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийсэн байна. Тус үнэлгээнд тусгагдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, зөрчлийг арилгуулах, тээвэр, нүүрс ачилт, буулгалтыг хүний эрүүл мэндэд хор хөнөөл багатайгаар зохион байгуулах тухай Засгийн газрын 320 тоот тогтоолын заалтыг хангуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлжээ.

Төрийн бус байгууллагынхан "Өнөөдрийн байдлаар 140 орчим аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан байдаг. Мөн 12 мянга гаруй нүүрс тээврийн хэрэгсэл байгаагаас 2000 орчим нь л монгол эзэнтэй, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай. Тэдэнтэй нийгмийн хариуцлага тооцоход хялбар биш" гээд Мэргэжлийн хяналтын байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулах санал дэвшүүлжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний тайланг 2018 оны 6-10 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгадад зохион байгуулсан" гэдгийг тодотгоод, ТББ-ынхантай хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top