БАЯНХОНГОР: ”Бүтээлч Баянхонгор” уралдааны шилдэгүүд шагналаа гардаж авав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

   Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба хамтран орон нутгийн онцлогтой, төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ донж маягийг нь тааруулан урласан, дэлхийн зах зээлд борлуулахуйц бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор  гар урлалын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг зохион байгуулжээ.

Уралдааныг арьс эсгий, мод, чулуугаар дангаар болон бусад материалаар хослуулсан бүтээсэн бүтээл гэсэн гурван төрлөөр 2018 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 10-ны хооронд зохион байгуулав. Нийт 27 оролцогч 90 гаруй бүтээлээ ирүүлснээс төрөл тус бүрт 1-3 байрыг эзлүүлсэн байна.

Уралдаанд амжилттай оролцсон оролцогчдод Германы Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс 500, 700 мянган, нэг сая төгрөгийн шатлалаар шагнажээ. Оролцогчдын хүсэлтийн дагуу шагналын мөнгөөр багаж, тоног төхөөрөмжийг худалдан авч, өнөөдөр/11 сарын 6/  сургалтад хамрагдах эрхийн бичгийн хамтаар Баянхонгор аймагт гардуулан өглөө.

Баянхонгор аймгийн ИТХ-аас 2018 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хийх шаардлагатай, салбарын хөгжилд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх ажил, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын нөөц газруудыг үзэж сонирхсон жуулчдад зориулсан түүх, соёл, орон нутгийн онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд энэ арга хэмжээ чухал нөлөөтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top