ЦУВРАЛ II: Сүсэгтэн олон ГЭСЭР багшийн ХООСОН суваргад мөргөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Одоогоос 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан хувилгаад болох "Өвгөн Гэсэр лам" хэмээн олноо өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамц, түүний баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжжав нарын занданшуулсан шарил Архангай аймгийн Цахир сумын нутагт Содномдаржаа уулын оройд залаатай байдаг гэх яриа саяхныг хүртэл үлгэр, домог мэт сонсогддог байв. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнө цорж Аграмба Р.Санжжавын занданшуулсан шарил Улаанбаатар хотоос олдох хүртэл...

Тэгвэл багш, шавь хоёр эрдэм ухаанаараа түмэн олныг бишрэн гайхуулж, хэдэн арван жилийн турш Содномдаржаа уулын оройгоос нутгийн зон олноо элдэв далдын хүч, халдлага хийгээд өвчин, зовлонгоос хамгаалж ирсэн гэдэг.

Хачирхалтай нь, Цэвээн-Арашийн Чүлтэмжамц буюу олноо "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн их багшийн занданшуулсан шарилыг нүдээр харсан хүн ховор байдаг аж. Тэр ч битгий хэл, нутгийн зон олон нь хүртэл "Өвгөн Гэсэр лам"-ынхаа занданшуулсан шарилыг нэг ч  удаа харж байгаагүй учраас алдагдсан байж болзошгүй хэмээн сэрдэж нутгийн удирдлагуудаас Их багшийг сүсэгтэн олонд гаргаж харуулахыг шаардсаар иржээ.

Архангай аймгийн Цахир сум


Дээрх шалтгааны улмаас манай сурвалжлах баг Архангай аймгийн Цахир сумыг зорьж Их багш шавийн хамт байгаа эсэхийг нүдээр үзэхээр очлоо. Бидний зорьсон Цахир сум нийслэлээс 700 гаруй км-ын зайтай. Өндөр уулсаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн, хүйтэн сэрүүн уур амьсгалтай нутаг. Хүн ам нь цөөн, ааш аяг нь нутгархаг, найман настай балчираас наян настай буурай нь хүртэл сүсэг бишрэл өндөртэй. Ихэнх нь мал аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг бол үлдсэн хэсэг нь зам дагуу дэлгүүр, цайны газар ажиллуулдаг ажээ.

-ЦАХИРЧУУД "ӨВГӨН ГЭСЭР ЛАМ"-ЫГ ХАРААГҮЙ Ч БАЙГАА ГЭДЭГТ НЬ ИТГЭДЭГ- 

Биднийг Цахир суманд очих үед сумын Засаг дарга зэргэлдээх сум руу ажлаар явжээ. Тиймээс нутгийн иргэдтэй уулзаж Их багшийн занданшуулсан шарил Содномдаржаа ууландаа байдаг эсэх, түүний занданшуулсан шарилыг харж байсан зэргийг сураглалаа. Цахир сумын уугуул болон суугуул настай хүмүүстэй уулзсан ч "Өвгөн Гэсэр лам"-ын занданшуулсан шарилыг харж байсан хүн бидэнтэй нэг ч таарсангүй.

Тэд “Их багшийнхаа дүрийг нүдээр үзэж байгаагүй боловч сүсгээрээ байгаа гэдэгт нь итгэж шүтэж явдаг” гэцгээж байсан нь анхаарал татаж байсан юм. Харин Их багшийг шавийн хамтаар суварганаа оршиж байгаа гэдэгт нутгийн залуус итгэдэггүйгээ хэлж байсныг дурьдах нь зүйтэй. Гэвч тэд жилд нэг удаа Содномдаржаа уулнаа очиж багш шавь хоёрын суваргад мөргөж, өлмийн шорооноос авч хүртдэг тухайгаа сонирхуулсан юм.

Содномдаржаа уулын тусгай хамгаалалттай бүс


-СОДНОМДАРЖАА УУЛЫГ ХОРМОЙЛЖ ХАШАА ХАТГАЖЭЭ-

Бид сумын иргэдтэй уулзаж, ярилцсаны дараа сумын Засаг даргатай уулзаж, учир байдлаа хэлэв. Хүний ёсыг бодож хүлээж авч уулзсан ч мань эр "Та нар эхлээд хоёр суваргыг харчихаад ир" гэхээс өөрийг бараг л хэлсэнгүй. Хоёр ламын занданшуулсан шарилыг хоёулаа байгаа эсэхийг сурвалжлахаар ирсэнд дотроо дургүй байгаа нь бидэнд тод анзаарагдана. Ганц сумын Засаг дарга ч биш тамгын газрын алба хаагчид, сумын ИТХ-ын зарим төлөөлөгчид дурамжхан байгаа нь мэдэгдэж байлаа. Гэсэн ч бид нутгийн хүүгээр зам заалгуулж, сумын төвөөс 40 гаруй километрт  орших Содномдаржаа уулын зүг хөдөллөө.


Цахир сумын удирдлагууд Содномдаржаа уулын бэлд ногоон төмөр хашаа хатгажээ


 

Уул тийш хүрэх зам муу, хад асга ихтэйгээс гадна бидний замд гурван гол таарав. Дээрх голыг гаталж чамгүй бартаа туулсны эцэст Содномдаржаа уулын бэлд ирлээ. Харин уулын бэлийг тойруулж хашаа хатгасан байх ба өнгө нь бага зэрэг гандсаныг эс тооцвол хашаа бараг л шинээрээ юм. Цас ихтэй үед энэхүү хашаанаас цааш хэр баргийн унаа дээш гардаггүй гэх ба зорьж очсон хүмүүс машинаа доор орхиод алхдаг тухай газарчлан яваа нутгийн хүү ярьж байв.

Тэрбээр "Манай нутаг хувилгаан олонтой. Би жилдээ нэг удаа Содномдаржаа уулыг зорьж, "Өвгөн Гэсэр лам" болон шавьд нь мөргөдөг. Гэхдээ шавийнх нь занданшуулсан шарилыг харсан ч багшийнхийг нь харж байгаагүй" гэв.

Түүний яриаг анхааралтай сонсож зогссон бид, "Өвгөн Гэсэр багш”-ийн занданшуулсан шарилыг харсан хүн байдаг эсэхийг лавлахад "Мэдэхгүй ээ. Гэхдээ ер нь л манай нутагт харж байсан хүн бараг л байхгүй гэдэг юм билээ" хэмээсэн нь гайхшрал төрүүлж орхив. Учир нь нутаг усаараа тахин шүтдэг шүтээнийхээ дүрийг нэг ч хараагүй байна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдана.

Өвгөн Гэсэр лам болон түүний шавь нарын шарилыг оршоосон суваргууд


-УУЛЫН ОРОЙД ХОЁР СУВАРГА БАЙХ Ч НЭГ НЬ ХООСОН УГТЛАА- 

Олон түмнээ "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамц болон түүний баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжжав нарын онгоныг залсан Содномдаржаа уул далайн түвшнээс дээш 1800 гаруй метрт байрладаг. Гэсэн ч хоёр ламын эрдэм, шидийг мэддэг сүсэгтэн олон эл газрыг зорих нь ихэсчээ. Ялангуяа сүүлийн гурван жилийн дотор эрс нэмэгдсэн байна. Учир нь, гурван жилийн өмнө цорж Аграмба Р.Санжжавын занданшуулсан онгон алдагдаж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон юм. Тэр цагаас хойш олон нийт, сүсэгтэн олон тэр аяараа мэдэх болсон байна.

Харин Цахир сумын удирдлагууд шавийг нь алдаж, буцаан залахдаа Содномжаржаа уулын оройд хоёр цагаан суварга босгожээ. Үүдийг нь урд зүгт харуулж, хоёр метр ч хүрэхгүй зайтай зэрэгцүүлж барьсан дээрх хоёр суварганы зүүн талынх нь "Өвгөн Гэсэр лам" хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Араашийн Чүлтэмжамцынх, баруун талынх нь түүний шавь цорж Аграмба Р.Санжжавынх ажээ.

Гэвч тэрхүү хоёр суварганы зүүн талынх нь буюу "Өвгөн Гэсэр лам"-ынх нь хоосон угтав. Тэгээд ч тэр үү онгон, шүтээнийг харахад зориулж хийсэн суварганы жижигхэн шагайвчийн шилийг нь зузаалж, доторх орчинг нь харагдахааргүй болгожээ.

Харин баруун талд байрлах шавь, цорж Аграмба Р.Санжжавын занданшуулсан шарил орших суварганы гурван талын шагайвчаар хувилгааныг тод харж болохоор байв. Анхлан харж буй хүнд цочирдом ч гэлээ, эрдэм номын хүчээр ийнхүү олон зуун жил амьд сэрүүн мэт оршиж ирснийг нь гайхан биширмээр.

Их багшийн шавь цорж Аграмба Р.Санжжавын дүр суварганы шагайвчаар харагдах нь...


-ХОЛООС ЗОРЬЖ ИРСЭН ИРГЭД ХООСОН СУВАРГАД МӨРГӨЖ БАЙНА-

Анх багш, шавь хоёрыг нутаглуулахдаа шургаа модыг хайрцаглан зангидаж, уг хайрцагны дотор нь биеийг нь хийн залжээ. Гэвч цагийн уртад нар, салхинд уг хайрцаг элэгдэн, өмхөрч багш, шавь хоёрын занданшуулсан шарилын тал хэсэг нь ил гарч ирсэн байна.

Улмаар нутгийн иргэд гурван үхэр тэрэг чулуугаар ил гарсан хэсгийг нь далдалж, шүтэх болжээ. Харин сүүлд "Өвгөн Гэсэр лам" болон түүний шавь цорж Аграмба Р.Санжжав нарт зориулж хоёр цагаан суварга босгохдоо тэрхүү мод, чулууг суварганы урд талд байршуулан үлдээжээ.

Эдүгээ зорьж ирсэн сүсэгтэн олон хоёр суваргад мөргөж, хойч үеээ даатгахдаа тэрхүү овоонд арц, хүж уугиулж сүслэн залбирдаг бөгөөд бидний очихтой зэрэгцээд сүсэгтэн иргэд залбирч байгаатай таарсан юм. Тэд Их багшид зориулж босгосон суварга хоосон байгааг мэдсэн хэрнээ сүслэн залбирч байв. Эдгээр иргэд суварганы хажуугаас хар шороо таслан авч харагдах ба энэхүү шороо нь элдэв гай тотгор зайлуулах, тэр бүү хэл ханиад, хатгааг эдгээх шидтэй гэлцэж байв.

Ийнхүү бид сүсэгтэн олны шүтэн биширч буй хувилгаадын биеийг оршоосон гэгдэх ижил суварганы нэг нь шүтээнгүй гэдгийг нүдээр үзсэн даруйдаа уулнаас бууж, Цахир сумын төвийг зорилоо. 

/ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.../

Сүсэгтэн олон хувилгаанд мөргөж буй нь

Багш шавь хоёрын занданшуулсан шарилыг оршоосон гэх суваргуудСодномдаржаа уулын орой дээрээсИх багшийн шавь цорж, Аграмба Р.Санжжавыг оршоосон суварганы шагайвч


Их багшийг оршоосон гэх баруун талын суварганы шагайвчаар доторх орчныг харах боломжгүй байв

Хоёр суварганы чанх урд байрлах овоонд сүсэгтэн олон арц, хүж уугиулдаг байна

 


Б.ГАНТУЯА, Б.ТӨРБАТ

WWW.ZINDAA.MN

ЦУВРАЛ I: Гэсэр ламын ШАРИЛЫН мөрөөр


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отгоо(66.181.179.134) 2023 оны 05 сарын 15

энэ юу болсон бэ \n

0  |  0
cxz(125.231.121.9) 2018 оны 11 сарын 11

Bitgii ingej buruu yum shutej bai. Bi baigal hangaigaa shutdeg. Ternees bish uxsen xuniig xezeech shutdeggui, Iim boloodl mongol xumuusiin uxamsar ulaml doroi bolood bgaii yum shu de. Shariin shashin bolo xristiin shashin bol zugeerl mungu ugaah gesen xuilees uudeltei.

0  |  0
ИРГЭН(202.179.27.203) 2018 оны 11 сарын 08

ТӨР НЬ МӨНГӨ ИДЭЖ ЛАМ НЬ ОЮУН УХААНЫ НЬ ИДСЭН ЭНЭ ЦӨВҮҮН ЦАГТ ЯДАРСАН АРД ТҮМЭН АРГАА БАРАХДАА ХОНОГИЙН ХООЛНЫХОО ТӨЛӨӨ МӨН АВЛИГАЖСАН ЭМНЭЛЭГЭЭС ИЛҮҮТЭЙ ҮХСЭН ХҮНИЙ ӨЛМИЙ ДООРХ ШОРООГ ШҮТЭН ИТГЭЖ ИДЭЖ ТӨРД НАЙДАХААС ИЛҮҮТЭЙ ТЭР ШОРООНД НАЙДДАГ БОЛСОН НЬ ҮНЭХЭЭР ЭМГЭНЭЛТЭЙ ЭРГЭЭД ХҮЙ НЭГДЭЛРҮҮГЭЭ БУЦАЖ ХҮЛЦЭНГҮЙ ДОРОЙ ЯДУУ БАЙСААР ДУУСАХ ЗАМААР МОНГОЛЧУУДЫГ ЭРХТЭН ДАРХТАНГУУД ОРУУЛЖ БООЛ БОЛГОЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ТӨР НЬ МӨНГИЙ НЬ ЛАМ НЬ ТАРХИЙ НЬ ИДЧИХЭЭР ЭНЭ АРД ТҮМЭН ХООСОН ЮУНД Ч ХАМААГҮЙ МӨРГӨН ЗАЛБИРСААР МӨХӨЖ БАЙГАА НЬ ХЭН НЭГЭНД МӨН ГАДНЫХАНД БЭЛЭН ИДЭШ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ЭНЭ ЯНЗААРАА УДАХ

0  |  0
мянгаа(66.181.190.110) 2021 оны 10 сарын 29

Аав ээжээс өөр ид шидтэн байдагт итгэдэг хүмүүс элэнц хуланц эцэг өвгөдөө юу гэж бодох вэ бүх ид шид бурхан чин ээж аав хоёр маан байж бид хүний хорвоод бурхадаа шүтсэн үр хойчоо залгамжлагч л сайн муутай хоёр цэнэг болж мандан бадарсан хорвоод муу хоёрыг амилуулсан хүмүүс баймаар тэхэд харин бусдын хэнийн мэдэхгүй нэгнээ мухар мунхаран шүтэж тэднээс аврал эрж тусламж хүсэхээр удам судар маан дорой байгаагийнх уу харин монголчууд эх нутаг уул овоо гол усаа л тэднийхээ үлдээсэн ид шидээр уламжлан авч ирсэн биз дээ агуу их эзэн хаанаа шүтэж эх орон Монгол улсаа шүтэж төрийн минь сүлд өршөө гэё

1  |  0
мянгаа(66.181.190.110) 2018 оны 11 сарын 07

Аав ээжээс өөр ид шидтэн байдагт итгэдэг хүмүүс элэнц хуланц эцэг өвгөдөө юу гэж бодох вэ бүх ид шид бурхан чин ээж аав хоёр маан байж бид хүний хорвоод бурхадаа шүтсэн үр хойчоо залгамжлагч л сайн муутай хоёр цэнэг болж мандан бадарсан хорвоод муу хоёрыг амилуулсан хүмүүс баймаар тэхэд харин бусдын хэнийн мэдэхгүй нэгнээ мухар мунхаран шүтэж тэднээс аврал эрж тусламж хүсэхээр удам судар маан дорой байгаагийнх уу харин монголчууд эх нутаг уул овоо гол усаа л тэднийхээ үлдээсэн ид шидээр уламжлан авч ирсэн биз дээ агуу их эзэн хаанаа шүтэж эх орон Монгол улсаа шүтэж төрийн минь сүлд өршөө гэё

0  |  0
Nobs gej?....tenegee(148.60.92.227) 2018 оны 11 сарын 07

Hynii syteh mergeh ni ta nart yamar hamaa bna be?Hooson ch bna uu syteen ch bna uu?hend heregtei gej?heterhii tenegeen byy dyylga!21 zyyn gedeg chini engersen ye sain bygdiinhee emnees sydeen zyyj tenegtdeg zyyn sib dee!!ta nariin tenegiig neg zyyn ni ilerhiileh chag ireh bii?!...yhaantnyyd aa....hynii syseg setgeliig yugaar ch orloj chadahgyi!hyyr ch bna uu?hooson ch bna uu?ta nar chalchigsadad erdee ch hamaagyi ee!!dyygai hyzazgaa!!ger gertee l hyzna biz!olon niitiin web saitaar hyzahdaa yadag?gelgencheryyd be?....

0  |  0
Бат(202.9.42.42) 2018 оны 11 сарын 07

Энэ хүмүүс мөргө нүү байна уу очиж очиж чамд ямар хамаа байна

0  |  0
зочин(122.201.22.252) 2018 оны 11 сарын 07

Үхсэн хатсаны хүний хүүр чандарт мѳргѳж байсан доороо ядаж аав ээждээ нутгийн уул усандаа мѳргѳсѳн нь дээр байх.Муми нэртэй хатаасан хүүрэнд мѳргѳх Монголчуудаас ѳѳр мухар сүсэгт мал алга даа энэ хорвоод.Египетчүүд бхс бүтжргүй улсууд гэхдээ л хүүрэнд мѳргѳхгүй л байгаа юм шүү.Яана дааа ай хорвоо мал бол...

0  |  0
zochin(122.201.23.83) 2018 оны 11 сарын 07

Тэр хол газар өөрөө очиж, бодит байдалд тулгуурлан бичсэн нь үнэхээр сайн болжээ. Сэтгүүлчид баярлалаа. Сүүлийн үед ийм сайн, бодитой мэдээлэл үзсэнгүй ээ

0  |  0
шаабар(112.72.2.62) 2018 оны 11 сарын 07

Сайн сурвалжлага болжээ. Баяр хүргье. Харин хоосон байгаа суварганы учрыг олж хужрыг тунгаах нь зөв гэж санагдаж байна. Магадгүй хэн нэгэн нөхөр хулгайлж аваад зарчихсан ч юм билүү. Судалж үзэх ёстой түүхийн ховор тохиолдлын нэгэн шүү. Буриад зон Итгэл хамбын зандалшуулсан шарилаар чамгүй мөнгө хурааж байгааг бодсон ч чимээгүй орхиж боломгүй.

0  |  0
zochin(202.131.245.182) 2018 оны 11 сарын 07

hvnii l svseg bishrel sh de

0  |  0
Иргэн(66.181.160.98) 2018 оны 11 сарын 07

Хүүрэнд мөргөөд ямар шидийг олох бол.

0  |  0
ро(103.212.117.200) 2023 оны 05 сарын 28

Хүүрэнд мөргөх хэрэг байх уу

1  |  0
Чандмань-Эрдэнэ(66.181.161.88) 2018 оны 11 сарын 07

Сонирхол татахаар сайхан бичжээ. Ажлын амжилт хүсье.

0  |  0
Top