“Цэнхэр Улзын онгон бөө Цэвэлмаагийн Нэргүй агсны нутагт ЦЭНГЭНХЭН ЖАРГАВАЙ”

Найргийн андууд нь түүнийг “Цэнхэр Улзын онгон бөө Цэвэлмаагийн Нэргүй шүлгээ уншина” гэж дууддаг байв. Одоо тэр энэ орчлонд байхгүй, харин дээд тэнгэрийн оронд цогтой нь аргагүй шүлгээ дуудаж байгаа. Тиймдээ ч найрагч нөхөд нь, гэр бүл, нутаг ус, шавь нар нь өнгөрөгч амралтын өдрүүдэд чухам түүнийг л дурсахаар Норовлингийн цэнхэр хөндийд чуулав.

Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, цогт яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч, Цэнхэр Улзын онгон бөө Цэвэлмаагийн Нэргүй агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан "Улзын цагаан хойморь" өдөрлөг, яруу найргийн наадам тун чиг одтой хиймортой, онгодтой болж өндөрлөлөө.


Түүнийг хүндэтгэн уран бүтээлийн анд, нутаг усны уугуул, нэр нэгт, нэрт орчуулагч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Нэргүй, олноо “Алтан-Овооны Ай сэцэн, Дарьгангын Дай сэцэн” хэмээн алдаршсан, эх оронч яруу найрагч,  Соёлын Гавьяат зүтгэлтэн Айлтгүйн Төмөр-Очир, түүнд Ренчиний Чойномын нэрэмжит шагналыг 70 нас хүрэхээс нь өмнө гардуулж өгсөн, Чойномын “Өд” сангийн тэргүүн Дорлигийн Ганболд, нутаг усаараа овоглосон хоёрхон яруу найрагчийн нэг /нэг нь Эрээнцавын Нямсүрэн/ Буриадын Соёлын Гавьяат зүтгэлтэн “Хэнтийн” Батхүү, өнөө цагийн яруу найргийн ертөнцөд 2008 оноос “ДҮРСЛЭЛҮҮД”,  2015 оноос “ХЭЛБЭРГҮЙ ДҮРСЛЭЛ” өөрийн дэг сургуулиа толилуулж, яруу найрагч Дугаржавын Гансүрэн,  Норовлин сумын уугуул, энэхүү наадмыг санаачлагч, Ерөнхий сайдын Орон тооны бус зөвлөх, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэл, Монголын дууны яруу найргийн “ханхүү” хэмээн нэрлэгддэг, яруу найрагч Д.Ган-Очир, Ц.Нэргүй багшийн гарын ганц шавь гэгддэг яруу найрагч Д.Нарантуул, 90-ээд оны яруу найрагт балчирхан ч гэлээ Хан Хэнтийнхнээ өнгөлөн гарч ирсэн яруу найрагч С.Наранчимэг, Л.Мөнхзул, Ш.Батцэцэг, Ш.Анхтуяа, яруу найргийн ертөнцийнхний дунд “СҮНС” хэмээн алдаршсан яруу найрагч, зураач Дамбын Одгэрэл, Норовлин сумын уугуул, тус сумын Нутгийн зөвлөлийн дарга, “Мөрөөдлийн театр”-ыг үүсгэн байгуулагч, жүжигчин Ганбаатарын Алтаншагай тэргүүтэй олон сайхан уран бүтээлчид Цэнхэр Улзын хөндийд хоёр өдөр чуулсан гэхээр ямархан шидтэй, ямархан гайхамшигтай үйл явдал болсныг үгээр хэлж, үзгээр бичишгүй билээ.


Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан тэргүүтэй төр засгийн удирдлагууд ч мөн хүндэтгэл үзүүлж, тус яруу найргийн наадмыг зохион байгуулахад дэмжин оролцсоныг дуулгахад таатай байна.

УЛЗЫН ЦАГААН ХОЙМОРТ УЯГДСАН УРАН НАЙРАГЧИД

“Энэ насандаа би таяггүй амьдарна

 Эрлэгийнд очих хаяггүй амьдарна

Уулынхаа чулуу шиг ургаж амьдарна

Улзынхаа гол шиг урсаж амьдарна” хэмээн тунхагласан Цэвэлмаагийн Нэргүй агсан 1990-ээд оноос хойшхи яруу найргийн наадамд манай Хэнтийн нэрийг бараг ганцаараа үүрч явсан гэхэд хилсдэхгүй ээ. Гялалзан долгиотсон үсээ арагш нь илээд л

“Номын наран Чойном минь

Ноён хутагтын сүнс минь” гээд л уншихдаа өөрөө зүгээргүй сахиустай юм болов уу гэж бодохоор хэмээн Д.Гансүрэн найрагч нэгэнтээ дурссан байдаг. Хан Хэнтийн “ХЭРЛЭН ТООНО” утга зохиолын нэгдлийг үүсгэн байгуулах, шинэ цус сэлбэх, залуу үеэр эгнээгээ тэлэхэд чухам түүний гавьяа их байсан гэдэг. Тиймдээ ч Цэвэлмаагийн Нэргүй агсны 80 насны ойд тус утга зохиолын нэгдлийн 30 гаруй гишүүд Норовлингийн ногоолин талд цугларч, найрагч агсны төрсөн тоонот, үр хүүхдэд хүндэтгэл үзүүлсэн нь энэ билээ.


Цаашид таван жил тутамд нэг удаа болох Ц.Нэргүй агсны нэрэмжит “Улзын цагаан хоймор” яруу найргийн наадамд зүүн гурван аймгийг хамарсан 37 яруу найрагч шүлгэн эрхиэ хэлхэж, гурван шатанд уралдсан бөгөөд наадмын тэргүүн байрыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч С.Начин, дэд байрыг Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүн, яруу найрагч Н.Мөнхсайхан, гутгаар байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч “Хэнтийн” Батхүү нар хүртсэн бол тусгай байрт яруу найрагч Б.Энхжаргал, “Цагаан Уул-2018” наадмын тэргүүн байр, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Алтанхуяг нар орж, урлагийн тэнгэр Янжинлхам, ус нутгийн олныг баярлуулав.


Энэ үеэр яруу найргийн наадамд үзэгдэл болсон “АРВАН ХОРОМ” буюу гуравдугаар шатанд шалгарч үлдсэн таван яруу найрагч “БАРДАМ” сэдвээр шинэ шүлэг зохиосон нь ёстой л үзэгчид, шүүгчдийн сэтгэлийг догдлуулсан ховорхон мөч байв. Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт зохиолч С.Буяннэмэх яруу найргийн дугуйлан хичээллүүлж байхдаа “ТАВАН ХОРОМ”-д шүлэг зохиолгодог байсан нь ийн уламжлал болон үлдэж, Цэвэлмаагийн Нэргүй агсны наадам дээр үзэгчдийн саналаар “АРВАН ХОРОМ” болон хэрэгжсэн нь энэ юм. Норовлин сумын иргэд яруу найрагт чин сэтгэлээс хайртай, сонирхон уншдаг нь наадмын гурван даваанаас харагдаж байсан нэн олзуурхууштай зүйл юм. Үүнийг шүүгчдийн бүрэлдэхүүн болох Ж.Нэргүй, Ай.Төмөр-Очир, О.Түвшиндэмбэрэл, Д.Одгэрэл, Д.Нарантуул нараас эхлээд хөтлөгчөөр ажилласан Д.Ган-Очир, Ш.Анхтуяа нар ч бахдан хэлж байв. Яруу найрагч төдийгүй урлагийн хэн бүхэнд ийм сайхан нижигнэсэн алга ташилт л онгод тэнгэрийг нь үргэлж баясган хөгжөөдөг билээ. Харин Ай.Төмөр-Очир ах л өөрийг нь шүлэг уншиж байхад “чив чимээгүй” байхыг үзэгчдээсээ гуйж байсан шүү, мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.  


-ЗАРГАЧИЙН НУТГИЙН ЗАРТАЙ НАЙРАГЧИЙН ТӨӨРСӨН ТООНОТООС ТӨРСӨН БОДЛУУД”

Өөрийгөө “заргач” Шихихутагийн нутгийнх гэдгээрээ, билигт яруу найрагч Ренчиний Чойномтой өвөртөө орж явсан анд нь гэдгээрээ  үргэлж омогшин бахархдаг тэрбээр 2007 онд 69 настайдаа тэнгэрт хальж үр хүүхэд, уугуул нутаг, унаган багын найз нөхөд хийгээд утга зохиолын ертөнцөд уй гуниг авчирсан билээ. Үргэлж сайхан үнэр сэнгэнүүлж, үнэн сургаалиа хайрлаж явдаг түүнд хүмүүс хэчнээн хайртай байсныг, үүрд мөнхөд дурссаар л байхыг  Улзын хөндийд цугласан утга зохиолын ертөнцийнхний дурсамж ярианаас тодхон мэдрэгдэж байлаа. Норовлин сумаас хойш 30 гаруй км-ийн зайд Ц.Нэргүй агсны төрсөн тоонот “Баянгол” багийн нутагт орших ажээ. Одоо тэр орчмын айлууд өөрсдийн “Баянгийхан” хэмээн нэрийдэх бөгөөд ойр орчмын ой мод, нутаг усаа сахин хамгаалан суух ажээ. Үзэсгэлэнт намрын цагаан тал найрагчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байв. Айлтгүйн Төмөр-Очир найрагч “цээжний” олон сайхан шүлэгтэй хүн. Цэвэлмаагийн Нэргүй найрагчийн тоонотод тэр олон сайхан эх оронч шүлгийнхээ нэгийг ёстой л халгин, цалгин уншиж байсан даа. Мөн тэрбээр цогт яруу найрагчийг 70 нас хүрэхээс нь өмнө буюу 2006 онд Р.Чойномын шагналыг нь авч өгсөн гавьяатай нэгэн. 2007 онд буюу дотны андынхаа нэрэмжит шагналыг энгэртээ гялалзуулснаас хойш ердөө жилийн дараа өөд болсон гэдэг. Нээрээ ч Ай.Төмөр-Очир ахын хэлдгээр “хөгшин хүнд хоёр жил гэдэг урт зай” ажээ. Учир нь Чойномын “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Ц.Нэргүй найрагчид 70 насных нь ойгоор “тэмдэг” зүүж өгөхөөр төлөвлөсөн байсныг нь Ай.Төмөр-Очир ах ийн наана нь олгуулсан нь ёстой л тэнгэрийн таалал мэт юутай азтай бас юутай гунигтай.


Түүний тухай дурсамж яриануудыг найрагч андуудаас нь эхлээд наян настай багш нь хүртэл сэтгэл доглон хэлж байв. Нэрт орчуулагч Ж.Нэргүй “Р.Чойномыг “наашаа” гэдэг байсан даанч цөөхөн хүмүүсийн нэг нь Ц.Нэргүй. Ямартаа л, шоронгоос дөнгөж гараад Өндөрхаанд очсон Чойномыг тэр өдөртөө гэртээ дагуулж аваачаад бүтэн жил “орогнуулсан” гэдэг. Түүнийхээ төлөөсөнд Мөнгөнморьтын шоронд аргалж болдоггүй зургаан сарыг ардаа хийсэн юм билээ. Чойномынхоо тухай бичсэн дурсамжийн хоёр ном нь өдгөө тэр сайхан найздаа зориулсан сэтгэлийн Цагаан суварга болон үлджээ. Чухамхүү Чойномд түүн шиг л найз хэрэгтэй байж дээ. Чойномын шүлгүүдийг бүгдийг нь цээжээрээ мэддэг “Хоёр хөлтэй нэвтэрхий толь”-той би учирч яваагүй. Яг л цээж сайтай тангад лам шиг. Нэгэн дурсамж санаанд бууж байна. 1997 оны намар юмсан. Тухайн үед ХААЯ-ны сайд байсан доктор Л.Нямсамбуу, УИХ-ын гишүүн, Өмнөговийн Ц.Баярсайхан болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хэдэн дарга нартай Мардай орох замдаа Норовлинд түр саатаад гарах хооронд Нэргүй ах маань Р.Чойно¬мынхоо “Алтай”, Буриад” найраглалуудыг нь ганц ч мөр хаялгүй цээжээр уншаад эхэлчихсэн чинь нөгөө хэд маань салж чаддаггүй. Тэгээд тун яаруу явсан биднийг лавтайяа бүтэн цаг саатуулчихаж билээ” хэмээн 2007 оны 10 дугаар сарын 08-нд "Диваажин" улсын иргэн болсон буй за, та минь” нэртэйгээр “ЗУЛ” өргөн бичиж байв. Түүнийгээ ч дурсав.


Иймийн тул хэн бүхэн түүнд хайртай байжээ. Ай.Төмөр-Очир найрагчтай хоёр цаг орчим шүлгээр дайралцаж, Р.Чойномын “Буриад” найраглалыг Ононы гүүрэн дээр бүтнээр нь уншиж бишрүүлж явсан суут нэгэн. Ёстой л түүнийг цогтой, билигтэй, жинхэнэ “эр хүн” байсан гэж Д.Гансүрэн найрагчийн хэлдэг үнэн гэдгийг тэнд байсан бүхий л хүн баталж байсан шүү. Мөн энэхүү нийтлэлээрээ дамжуулан Норовлин сумын Засаг дарга түүний баг хамт олон, яруу найрагт хайртай ард зонд нь баярлаж талархсанаа илэрхийлье. Цогт яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй агсныг Норовлингийн болоод Хан Хэнтийн жинхэнэ бахархалт, хүндэтгэлт хүмүүн болохыг та бүхэн мэдрүүлж чадсан билээ.

Дараа догдлол, баяр гунигаа тээгээд дахин очно оо, Норовлингийн ногоолин тал, Цэнхэр Улзын онгон бөө танаа...

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Баагий [ 202.9.40.138 ]      |     Ням, 13:08 минутанд

Сайхан хүний тухай дурсахад сайхан даа. Гэхдээ энхуянга тун муу бичиж. Сэтгүүл зүйн бичвэрийн хувьд орон гаран, өгүүлбэрүүд нь дутуу хагас арай гэж ойлгох жишээтэй. Жаахан чадвар муу л сэтгүүлч бна. бусдаар Ц.Нэргүй гэж хүнийг мэдэлгүй дээ мундаг хүн бсн.

Uranchimeg [ 112.72.11.124 ]      |     Бямба, 23:43 минутанд

Saikhan durdatgal saikhan uil yavdal boljee. Nudend haragdtal bichjee. Amjilt. Bagshiigaa hairlaj yavaarai shulgiig ni baharhan shuten unshij unshuulj l yavdag aa.

Чѳдрѳѳ [ 203.91.115.37 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 09:14 минутанд

үнэхээр сайхан 2 хоног болж ѳнгѳрсѳѳн буянтай буурал гэж Ц.Нэргүй гуайг л хэлэх байхдаа тэнгэр хангай хүртэл гайхам сайхан байсаан.

Go to top of page