“Netsuke”- танд Японы уламжлалт гар урлалын гайхамшгийг таниулна

2018 оны 11 сарын 08

Япон улсын соёлын нэгээхэн хэсэг болох гар урлалын гайхамшгийг харуулсан “Natsuke- Японы уламжлалт гар урлал өнөө цагт" үзэсгэлэн “Монголын үндэсний музей”-д өчигдөр /2018.11.07/ нээгдлээ. Тус үзэсгэлэн нь Япон орны соёлыг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор Япон сангийн зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэн бөгөөд 65 үзмэрээс бүрдэж  байна. Үнэ төлбөргүй гарч байгаа энэхүү үзэсгэлэн 12-р сарын 01-ны өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм.

“Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэлийн тухай:

Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Тухайн үед Япончууд үндэсний хувцас кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, жижиг хэтэвч зэргийг бүснээсээ зүүж хэрэглэдэг байж.

“Netsuke” гэдэг нь модны ур үндсээр урладаг бөгөөд бүснээс зүүх уяаны үзүүрт уг чимэглэлийг зүүдэг тул “Netsuke” гэдэг нэршилтэй болсон түүхтэй аж. Орчин үеийн “Нэцүкэ”-г ямар ч сэдвээр ямар ч материалаар хийх боломжтой. Харин уламжлалт “Нэцүкэ” нь юуг дүрсэлж хийсэн нь тодорхой ойлгомжтой байдаг. Харин орчин үеийн “Нэцүкэ” нь илүү хийсвэр утга санаатай байдаг. 

Чимэглэлийг хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг юм байна. Кимононы бүснээс зүүх утсыг оруулах хоёр нүх гаргадаг ба бүснээсээ зүүж доош унжуулахад “Netsuke”-ийн нүүр нь урагшаа харсан байдалтай байх ёстой бөгөөд Кимоно хувцасны өнгөн хэсгийг гэмтээхгүй хэлбэртэйгээр урлан хийдэг ажээ.

“Netsuke”-г хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц онцлогийн шингээж урладаг байна.


Амьтан  

“Нэцүкэ”-гийн гар урлалд газар тариаланд ашиглагддаг үхэр, морь болон бурханы туслах зараал хэмээгддэг сармагчин, буга зэргийг ихээхэн ашигладаг гэнэ. Мөн орчин үеийн “Нэцүкэ”-д бол тухайн дүрсэлж хийсэн амьтны төрөлх мөн чанарыг харуулахыг зорьдог байна.

Хүн

Хүн бол инээж, уурлаж, баярлаж, гомдох зэрэг олон янзын сэтгэлийн хөдөлгөөнтэй. “Нэцүкэ”-д хүнийг дүрсэлж урлахдаа дээр дурдсан чанаруудыг онцлон урладаг байна.

Сонгодог загвар

“Нэцүкэ” үзэхдээ гол анхаарах зүйл нь хүн болгон мэддэг амьтан болон хүний дүрийг хэрхэн жижигхэн чимэглэлд оруулан дүрсэлж хийснийг сайн харах хэрэгтэй аж. Анх харахад ойлгомжгүй мэт дүрс байгаа ч сайн анхааран харвал хэн бүхний мэдэх хулгана, загас зэргийг дүрсэлсэн байдаг. Түүнчлэн мэлхий болон наймаалж нь “нэцүкэ”-д хамгийн их ашиглагддаг сэдэв гэнэ.

Үлгэр домогт гардаг дүрүүд

Хүмүүс эртнээс бурхан болон үлгэр домогт л зөвхөн гардаг хийсвэр баатруудыг бодитоор байдаг гэж төсөөлж ирсэн. Энэ сэдвүүд ч бас “Нэцүкэ”-г хийхэд маш их ашиглагддаг бөгөөд эртний домог болон түүхэнд гардаг дүрүүдээр сэдэвлэн хийсэн “Нэцүкэ”-г биедээ авч явахад сахиус шиг өөрийг нь хамгаална хэмээн боддог байжээ.  

Ургамал, модон материал

Японы гар урлал дотор мод болон ургамлыг дүрсэлж хийхэд ихэвчлэн хоёр утга санааг агуулсан байдаг. Шууд харахад ургамал, модыг дүрсэлж хийсэн юм шиг атлаа нөгөө талаар өөр нэгэн далд утга санааг агуулсан байдаг. Энэхүү үзүүлэнд тавьсан ургамал, модыг дүрсэлсэн таван “Нэцүкэ” мөн адил тус тусдаа далд утга санааг агуулжээ. Ямар далд утга байгааг бодож олох нь бас энэ урлагийн нэг онцлог аж. 

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top