Тайчигч байсан Стефания Феррариогийн гайхалтай түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

90-60-90 биеийн харьцааг хамгийн төгс гэж үздэг үе ард хоцорч, гоо сайхныг үнэлэх хүн төрөлхтний үнэлэмж өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж байгаа цөөхөн эмэгтэй загвар өмсөгчийн нэг нь Стефания Феррарио юм.

Өдгөө түүний тухай хэвлэлүүд “Гоо сайхны шинэ стандарт тогтоогч” хэмээн өргөмжилдөг болжээ. Гэвч үнэндээ бол тэр шинэ стандарт тогтоосон юм ч биш. Стандарт гэж тогтсон зүйлийг хэлдэг. Харин гоо сайхан бол тогтсон нэг стандарт байх боломжгүй тийм зүйл. Тиймээс Феррариог гоо сайхны шинэ стандарт тогтоогч биш, харин гоо сайханд стандарт байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулагч гэж тодорхойлбол илүү зохилтой.

Өмнө нь бат тогтсон байсан загварын хэмжүүрээр бол тэр яалт ч үгүй бүдүүн загвар өмсөгчийн тоонд орно. Гэсэн ч түүнд өөрийн гэсэн давтагдашгүй чанар бий. Австрали бол Америк шиг олон үндэстэн холилдсон цагаачдын улс. Монголчууд эрлийз хүмүүсийг царайлаг байдаг гэж ярьдаг. Канберрагийн уугуул Стефаниягийн ээж нь цэвэр итали бүсгүй бол аав нь англи саксон хүн. Эцэг эхээс нь түүнд гоо үзэсгэлэнтэй өвөрмөц төрхөөс гадна оюуны өндөр чадвар өвлөгджээ. Эцэг эх нь хоёул улсдаа нэр хүндтэй эрдэмтэд байдаг аж. Тэд охиноо эрдэм номын мөр хөөлгөхөөр Австралийн Үндэсний их сургуульд оруулсан ч лхин нь хоёрдугаар дамжаанаасаа сургуулиа орхиж, загвар өмсөгч болох багын мөрөөдлөө биелүүлэхээр Мельбурныг зорьсон гэдэг.

Мельбурнд очоод байж байтал танил нь нэг зурагчинтай танилцуулснаар шинэ салбарт орох анхны алхмаа хийжээ. Зурагчинд төлсөн 800 ав.долларыг түүнд аав нь өгсөн гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Мельбурнд оргилуун мөрөөдөлтэй ирсэн би энэ салбарт амжилт олохын тулд олон жил зарцуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ээж Австралийн Үндэсний их сургуулийн Математикийн тэнхимын эрхлэгч, аав маань шинжлэх ухааны зураач тул аль, аль нь загварын ертөнцөөс хол хөндий хүмүүс байсан гэж болно. Гэсэн ч намайг дэмжиж, зурагчинд өгөх мөнгийг төлж билээ. Тэр үед урагчинд найман зуун доллар өгөөд оронд нь өөрийнхөө найман зургийг аваад хоцорч байлаа” хэмээн ярьсан байдаг. Стефания зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, энд тэндхийн шалгаруулалтад оролцохын зэрэгцээ жимс ногооны дэлгүүрт ажиллан амьжиргаагаа залгуулдаг байв. гэхдээ бүтэн жил ажилгүй суух үе ч гарч байжээ. Энэ үеэс тэрээр бас нэгэн сонирхлоо дагаж Мельбурны шөнийн цэнгээний газруудад тайчих болсон байна. хамгийн чухал нь, тэрээр энэ үедээ өөр нь хамгийн их хэрэг болсон “Өөрийнхөөрөө гоо үзсгэлэнтэй байх” санаагаа олоод авчтихсан байжээ.

Стефания энэ санааныхаа тухай “16 настай, энэ салбарт анх хөл тавьж байх үедээ би одоо байгаагаасаа 20 кг-аар хөнгөн байв. Гэтэл намайг загвар өмсөгч болмоор байгаа л бол тур гэж хэлсэн. Эхэндээ хичээж, маш мэрийлттэйгээр жингээ хасч байсан ч сүүлдээ энэ нь миний эрүүл мэнд, бие махбодод сөргөөр нөлөөлж байгааг ойлгосон юм. Тиймээс жин хасахаа больж, байгаагаараа амжилтад хүрэхийн тулд хичээх болсон” хэмээн ярьсан нь бий. Тэрээр замналынхаа хамгийн чухал мөч, “эргэлтийн цэг”-ээр Британийн стилист Гок Вантай танилцсанаа нэрлэдэг. Стефания түүний үндэсний хэмжээний Target хэмээх цувралын загварыг өмссөн бөгөөд Дита фон Тизтай танилцаж, алдар нэрд гарах үүд хаалга энэ үеэс л нээгджээ.  

Нэлээд том биетэй түүнийг “Нэмэх хэмжээтэй” гэж тодотгодог ч үнэн хэрэгтээ бол тэр нэг ч кг илүү жингүй нэгэн билээ. Тиймдээ ч тэр үү #DropThePlus хэмээх хөдөлгөөний үүсгэн өрнүүлж байгаа. Энэ хөдөлгөөн нь хүмүүсийг нэгнийхээ бие галбирын янз бүрийн байдалд тэвчээртэй хандаж, ач холбогдол өгөхгүй байхыг сурталчилдаг юм. Том биетэй загвар өмсөгчдийг “Нэмэх хэмжээтэй” хэмээн тодотгох нь залуу охидын хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж үзээд ийм тодотгол хийхгүй байхыг мөн тэмцлийнхээ нэгэн шинэ зорилт болгожээ.  

Тууштай байж, өөртөө итгэсэн нь амжилтад хүргэсэн гэж Стефания ярьдаг. Тэрээр ажилдаа үнэн голоосоо дуртай. Тайчигч хийж байхдаа ч үнэхээр таалагдаж байсан учраас хийж байсан гэж өөрөө ярьдаг. Түүний энэ эерэг чанарууд загвар өмсөгч заавал туранхай байх албагүй гэдгийг баталж чадсан юм. Стефаниягийн биеийн харьцаа нь 100/72/104. Хоёр жилийн өмнө 98-69-98 байсан. Харин загварын карьераа эхлүүлэх үед үүнээс ч туранхай байсан нь тодорхой. Гэхдээ бусад загвар өмсөгчид жингээ барьдаг бол тэрээр жингээ барьсангүй. Байгаагаараа л гоо сайхны хэмжүүр болж чадаж байна.

Ажил эрхлэлт: Австралийн Myer их дэлгүүр, Дита фон Тиз брэндийн дотуур хувцасны загвар өмсөгч. Өмнө нь Gok Wan for Target, Sportsgirl, Berlei зэрэг брэндийн нүүр царай болж байв. Хилийн чандад Италийн Fiorella Rubino их дэлгүүр малайзын хувцасны брэнд Flow, Swimsuits For All-тай хамтарч ажиллаж байв. 

Блиц

Өдрийг эхлүүлэхдээ заавал хийдэг зүйл: Муу зуршил л даа, өглөө сэрээд орноосоо босоогүй байхдаа гар утсаараа оролдож, олон нийтийн сүлжээнд ордог. Бараг донтож, энэ алдаагаа зас гэж өөртөө хэлээд л байгаа.

Дуртай умдаан: Халуун капучино

Ширээний ном: Марк Мэнсоны ххувь хүний хөгжлийн талаар өгүүлсэн “F * ck өгөхгүй байх нарийн урлаг” номыг уншихад үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ би ном нэг их уншдаггүй. 

Дуртай ишлэл: Фрэнсис Бэконы “Ямар нэг өвөрсмөц онцлог зүйлгүй гоо сайхан бол гоо сайхан биш” гэдэг үг таалагддаг. Ганцхан танд л байдаг, таныг үзэсгэлэнтэй болгодог тэр давтагдашгүй тэр зүйлийг яг оноод хэлчихсэн санагддаг.

Дуртай дуучин: 80-аад оны хайрын дууч Билли Айдол

Айдаг зүйл: Амьдаараа булагдахаас айдаг

 

Б.Болор

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top