Их эзэн Чингис хаанд бичсэн захидал

2018 оны 11 сарын 08
Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархалын өдөр өнөөдөр /2018.11.08/ тохиож байгаатай холбогдуулан "Их эзэн Чингис хаанд бичсэн захидал" шүлгийг сонсогч танд хүргэе.

Өгүүлэгч О.Батсүх
Их эзэн Чингис хаанд бичсэн захидал

Бурханы оронд та амархан морилж байна уу

Бурхан Халдунаа санаад хэцүү л байгаа биз дээ

Нөгөө ертөнц гээч ямархан байх юм бэ дээ, тэгээд

Нөөлөгт  Ононгийн чинь  зуныг арай л гүйцэхгүй байна уу

Дэлүү Болдог, Бурхан Халдун чинь хэвээрээ байгаа

Дэлхийг сөхрүүлж явсан Монгол үрс чинь хэвээрээ байгаа

Туурайн тамгатай нутаг чинь хэвээрээ байгаа

Туг, сүлд, Монгол  чинь ч хэвээрээ байгаа

 

Гэвч, таны амьдарч явсан цаг үеэс чинь

Гэрээсэлж үлдээсэн аугаа төрт улсаас чинь

Өчнөөн олон юм өөр болж хувирсан

Үр хойчис чинь хөл, толгойгоо олохоо больсон

Урд зүгийн Зүрчид, Нанхиад, Хар Хитаны

Улыг нь долоочих шахсан хэдэн ноёдтой болсон, бид

Усыг нь хүртэхдээ сөгддөж, хүртдэг нутгийг чинь

Улаан шороо болтол ухаж төнхөөд хаячихсан

Монголоо гэсэн сэтгэлгүй энэ хэдэн ноёдыг чинь

Модон илжигэнд болж өгвөл хадаж орхимоор санагдах юм

Дураараа дургиж буй энэ олон тэнэгүүдийг

Дугуйт тэргэнд чацуулаад хядаж орхимоор санагдах юм

 

Өүлэн эх, Бөртэ гоо хатны чинь удам

Үзэсгэлэнт охид чинь харийн бэр болцгоож байна

Удам нь ариун, ургийн чинь цус булингартаж байна

Уулс хүртэл дүнсийж, тэнгэр бүүдийж байна

Сардаа нэг хүрт гэж таны зарлиг болгосон

Сархадыг өдөр,шөнөгүй ууцгааж байна

Согтуу ноёдын хөлчүү хийрхэл, хөлгүй тэнэглэл дунд

Сонгуулиар бүрэлдсэн Их хуралдай чуулж байна

Ертөнц дахиныг бөхийлгөж, сөхрүүлж явсан

Есөн цагаан туг чинь гунигтайхан хийсч байна

Босоо заяат төрийн чинь хоймор гутайж байна

Боржигон удамт гэрийн чинь хоймор унтаж байна

Буруу номтнууд, буртаг сэтгэлтнүүд нутгийг чинь цөлмөж байна

Булшийг чинь хүртэл хайж ясыг чинь өндөлзүүлж байна

 

Таны нэрийг ичихгүй бамбай болгож  өмнөө баригсад олон болсон

Таны нэрээр ичиж үхмээр олон юмсыг бас нэрлэдэг болсон

Хөөрхий, ядарсан үрсийг чинь  дээрэлхэж тавласан бүхнийг

Хөх тэнгэрийнхээ аянгаар ниргэж өгөөч, Та

Мөхөл сэхлийн хорвоог нэгэн жолоонд зангидсан

Мөнх тэнгэрийнхээ онгодоор ивээж хайрлаач, Та

Алд биет минь алжааваас алжаатугай  гэж сэтгэнэл

Аугаа их цаг үе ирнэ хэмээн итгэнэм зээ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би Монгол хүн(103.26.195.139) 2024 оны 04 сарын 21

Ядаж л ингэж Эзэн Хаандаа үнэнийг өчиж гомдлоо тайлахаас даа.

3  |  0
нүд чих(103.57.92.108) 2024 оны 04 сарын 21

Зөв хэлжээ. Даанч бүтэхгүй зүйл шүү!!

2  |  2
зөв(202.70.37.34) 2024 оны 04 сарын 21

үнэнийг л бичжээ

3  |  0
ИргэнГ(202.9.42.110) 2024 оны 04 сарын 21

Ямар сайхан хэлээ вэ.Үнэхээр болж бүтэхгүй бүхнийг тэнгэр ниргээсэй

2  |  0
Буриад(77.218.224.138) 2024 оны 03 сарын 14

Хүсмээр зүйлийг бичжээ.

1  |  0
Top