Энэ долоо хоногт дэлхий дахинаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 10

Энэ долоо хоногт АНУ-ын дунд хугацааны сонгууль дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Арваннэгдүгээр сарын зургааны өдөр болсон тус сонгуульд Ардчилсан нам Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд 223 суудал авч, сүүлийн найман жилд анх удаа ялалт байгууллаа. Конгрессын дээд танхим болох Сенатын танхим олонхийн буюу 51 суудлыг Бүгд найрамдах нам авсан бол Ардчилсан нам 46 суудал авчээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 113 саяд хүрч, дээд амжилтыг тогтоолоо. 2014 оны сонгуулийн ирц 39 хувьтай байсан бол энэ удаагийнх 48 хувь хүрсэн байна.

Энэ сонгуульд эмэгтэйчүүд мөн дээд амжилтыг тогтоов. Сонгуулийн үр дүнд Конгресс нийт 118 эмэгтэй гишүүнтэй боллоо. Нью Йоркийн ардчилсан намын Александриа Окасио-Кортез 29 насандаа Конгресст сонгогдсон анхны хамгийн залуу эмэгтэй гишүүн болов. Мөн тус намаас дэвшсэн Илхан Олмар, Рашида Тлэйб нар Конгресст сонгогдсон анхны лалын шашинтай эмэгтэй гишүүд болж, Миннесота, Мичиган мужуудын түүхэнд бичигдэж байна. Түүнээс гадна, ардчилсан намаас дэвшсэн Шэрис Дэвидс, Дебра Хааланд нар Конгресст сонгогдсон анхны уугуул Америк эмэгтэйчүүд боллоо. Тулааны урлагт хүч сорьж байсан Шэрис Дэвидс Канзас мужаас сонгогдсон ижил хүйстнүүдийн анхны төлөөлөгч болов. 

Мөн түүнчлэн, Аяна Пресслий Массачусетс мужид ялалт байгуулсан анхны хар арьст эмэгтэй гишүүнээр тодорчээ. 


Энэ долоо хоногт АНУ-ын Ираны эсрэг тавьсан хамгийн чанга хориг арга хэмжээ хүчин төгөлдөр боллоо. Үүнтэй холбогдуулан газрын тосоор баян Иран улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөв.

Трампын засаг захиргаа 2015 оны цөмийн гэрээгээр хүчингүй болгоод байсан бүх хоригийг дахин сэргээж байгаа бөгөөд энэ хоригт Иран болон тус улстай худалдаа хийх улс орнуудад хамаарах юм. АНУ-ын хоригт 700 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж зэрэг орж байгаа бөгөөд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хэлснээр, 100 гаруй томоохон олон улсын компаниуд Иранаас гарсан байна.


Цөмийн гэрээнд оролцогч Их Британи, Герман, Франц улсууд хоригийг эсэргүүцэж байгаа бөгөөд Ирантай хуулийн дагуу бизнес хийж буй өөрийн компаниудыг дэмжихээ мэдэгдэж төлбөр тооцооны шинэ механизмыг бий болгож, АНУ-ын хоригоос зайлсхийх боломжоор хангах юм.

Гэсэн хэдий ч Трампын засаг захиргаа найман орныг энэхүү хориг арга хэмжээнд оруулаагүй байна. Үүнд АНУ-ын холбоотон болох Итали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос болон Турк, Хятад зэрэг улсууд багтаж байгаа аж.

Америк-Хятадын дипломат болон аюулгүй байдлын яриа хэлэлцээний хоёр дахь үе Вашингтонд арваннэгдүгээр сарын 9-ний өдөр боллоо.

Тус хэлэлцээнд АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис, БНХАУ-ын талаас Хятадын коммунист намын Төв Хорооны гадаад хэргийн комиссын тамгын газрын дарга Ян Зэчи, үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Вэй Фэнхэ нар оролцов. Аюулгүй байдлын яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, Өмнөд Хятадын тэнгис, Тайваны асуудал болон Солонгосын хойг зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Вэй Фэнхэ хэлэхдээ, талууд стратегийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, зөрчилдөөнөөс зайлсхийх учиртай гэв.  

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео арваннэгдүгээр сарын 8-нд Нью-Йорк хотноо төлөвлөгдөөд байсан Хойд Солонгосын төлөөлөгчтэй хийх уулзалтаа хойшлуулав. Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтыг хойшлуулах асуудлыг Хойд Солонгосын тал тавьсан бөгөөд АНУ Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригоо зөөлрүүлэхээс татгалзаж буйтай холбоотой хэмээн үзэж байна.

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдмэл салбарын дарга Ким Ён Чол, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар шинэчлэлийн талаар болон БНАСАУ-ыг бүрэн бөгөөд эцсийн байдлаар цөмийн зэвсэггүй болгох асуудал болон АНУ, Хойд Солонгосын шинэ дээд хэмжээний уулзалтын талаар ярилцахаар төлөвлөж байсан билээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д арваннэгдүгээр сард айлчлах магадлалтай байна гэж БНСУ-ын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ. Оросын зүгээс Ким Жон Уны айлчлалыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Хойд Солонгосын тал айлчлалын тов, газар болон хэлэлцэх асуудлыг ярилцаж байгаа аж.


Энэ долоо хоногт дүрвэгсдийн асуудал мөн л олны анхаарлын төвд байлаа. Ойрх Дорнод, Хойд Африкийн улс орнуудын 20 мянга гаруй дүрвэгсэд хүйтэн зэвсгээр зэвсэглэн, Босни-Хорватын хилээр дамжин Европын холбооны газар нутагт ойрын үед нэвтрэхээр заналхийлж байна.

Тус хоёр улсын хил дээр тусгай хүчнийхнийг байрлуулсан ч нөхцөл байдал хүндрэхээр болоод байгаа гэнэ.  Дүрвэгсдийн дунд эмэгтэй хүн бараг үгүй бөгөөд 95 хувь нь залуу эрчүүдээс бүрдсэн дүрвэгсдийн арми хутгаар зэвсэглэн хил нэвтрэхийг зэхэж байна. Дүрвэгсдийн ихэнх нь Пакистан, Иран, Алжир, Марокко гаралтай иргэд байгаа аж.


Энэ долоо хоногт Камеруны хулгайлагдсан 78 сурагч суллагдаж, ОХУ сарыг роботын тусламжтайгаар судлах болсноо мэдэгдэж, НАСА агентлаг Титан гараг дээр амьдар бий гэдгийг нотолж, Хятадад усан доорх метроны хонгил нээгдэж, “Spice Girls” нэгдэж, аялал тоглолт хийхээр болсон зарласан зэрэг үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.

Я.Болор

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.95.240) 2018 оны 11 сарын 10

ENE ONII ONTSLOH HUN TRAMP

0  |  0
Top