ЦУВРАЛ III: Их багшийн ”АЛДАГДСАН” шарилыг засварлахад 3.2 сая төгрөг зарцуулжээ

Олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их багш Цэвээн-Арашийн Чүлтэмжамц 1700-аад онд амьдарч байсан бөгөөд нутаг усандаа эрдэм номын хүч чадлаараа гайхагдсан нэгэн байсан гэдэг. Тэрээр жанч халахынхаа өмнө “Намайг таалал төгсөхөд миний бие цогцосыг Хөх нуурын Содномдаржаа уулын дундах оноон дээр онголж нутаглуулаарай. Би олон түмнийхээ төлөө 108 оноог хааж, өөрийн бие цогцосоор муу муухайгаас хамгаалж байх болно” хэмээсний дагуу түүнийг шавь нар нь тус ууланд онголжээ.

Ийнхүү онголохдоо модон хайрцаг зангидаж, чулуун бунханд байршуулсан ба сүүлд түүний баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжжавыг мөн дэргэд нь онголсон гэдэг. Гэвч он жилийн явцад уг чулуун бунхан гэмтэж сүйдэн, түүний дараа 2015 онд Их багшийн шавийн бие цогцос хулгайд алдагдсанаас хойш орон нутгийн захиргаа хувилгаадыг хамгаалах үүднээс суварга босгож, багш, шавь хоёрын бие цогцосыг суваргад оршоосон хэмээж байв.

Гэвч уг суваргыг зорин очих үед шавийн бие цогцос суваргандаа байсан ч Их багш “Өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шарил бунхандаа байхгүй гэдгийг бидний багийнхан нүдээр үзээд, Содномдаржаа уулнаас буусан юм. Иймд Их багшийн ариун бие цогцос хаана байгааг мэдэх үүднээс  “Цахир” сумын Засаг даргын өрөөнд уулзалт товлолоо.

Сумын Засаг дарга Г.Болд-Эрдэнэ асуултад хариулахаасаа өмнө ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Анх хоёр шүтээний талаар гадны хүмүүс нэг их мэддэггүй байсан. Мэддэг нь ирж мөргөдөг л байсан байх. Анх 2015 оны намар шавийнх нь шүтээнийг алдсан. Бид алдсан гэдгээ ч мэдээгүй. Гэтэл Улаанбаатар хотоос занданшуулсан шарил олдлоо гэдэг мэдээлэл гарсан. Тэр дагуу шүтээнийг залсан газарт нь цагдаа нарыг очиж үзүүлж, байхгүй гэдгийг нь мэдсэн. Номтой хүмүүс л авсан шиг байна билээ. Занданшуулсан шарилыг авахдаа оронд нь үнэгний арьс болон хүний гавлын ясыг улаан өнгөөр будаад хийчихсэн байсан. Харин дараа жилийнх нь өвөл буюу 2016 оны аравдугаар занданшуулсан шарилыг хотоос авчирч, нутагт нь буцаан залсан” гэв.

Г.БОЛД-ЭРДЭНЭ: ХИЙДИЙГ ЦАГДАА, ТАГНУУЛЫНХАН ЛАЦДААД ЯВСАН ТУЛ ХАРУУЛЖ БОЛОХГҮЙ


Ингээд Архангай аймгийн Цахир сумын Засаг дарга Г.Болд-Эрдэнээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Содномдаржаа уулын оройд босгосон хоёр суварганы нэг нь хоосон байна. Тэгээд ч тэр үү доторх орчинг нь харагдахааргүй болгож, шагайвчийг нь битүүлсэн байна билээ. Эхлээд та үүнд тайлбар өгнө үү?

-Шавийг нь алдагдсанаас хойш багшийнх нь онгон байхгүй болчихсон гэх яриа гарч байсан. Нутгийн иргэд ч гэсэн байгаа, байхгүйг нь нягтлах хэрэгтэй гэж үзсэн. Улмаар бид өнгөрсөн долдугаар сарын 16-нд гаргаж үзэхээр болсон юм. Гэтэл аймгийн захиргаа болон тагнуулынхан, мөн салбар яамнаас хүмүүс ирж, “Шүтээнийг нааш нь, цааш нь тээвэрлэж, хөдөлгөхөд Засгийн газрын тогтоолтой байдаг. Тиймээс хөдөлгөж, хөндөж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед шүтээний бунханг нээгээд буцаагаад хаасан юм.

-Тэр үед Гэсэр багшийн шүтээн байсан уу. Хүмүүс байгаагүй гэж ярих юм билээ?

-Нээхдээ байгаа, байхгүйг нь үзээгүй. Өөрөөр хэлбэл, хараагүй.

-Яагаад тэр билээ? Бунханыг нээсэн бол дотор нь Их багшийн шүтээн байгаа эсэх нь харагдах ёстой биш үү?

-Ер нь, бичиг баримт бүрдүүлж, хууль журмын дагуу явах ёстой гэж үзсэн. Тиймээс байгаа эсэхийг нь харалгүй хаачихсан юм. Тэрнээс хойш бичиг, баримтыг нь хөөцөлдөж байгаад өнгөрсөн есдүгээр сарын 20-нд хүргэсэн.

Үүнээс өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Түүх архилеогийн хүрээлэнд хандсан. Тэд ч наашаа ирэхээр болсон. Бид зардлыг нь ч гаргаж өгсөн байдаг. Нийт 3.2 сая төгрөгийг шийдэж өгсөн. Ингээд Түүх архилеогийн хүрээлэнгээс хоёр хүн, Соёлын өвөөс гурван хүн ирсэн. Дээр нь аймгаас Мэргэжлийн хяналтын гзарын дарга, улсын байцаагч, Тариат сум дундын Тасгын дарга зэрэг 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж, Их багшийн шүтээнийг гаргасан.

-Одоо Содномдаржаа уулын оройд байгаа суварганаас гаргаж авсан гэсэн үг үү?

-Тийм.

-Тэгвэл танд Их багшийн занданшуулсан шарил алдагдаагүй, байгаа гэдгийг нь батлах, нотлох зүйл бий уу?

-Ер нь бол бий.

-Манай сурвалжлах баг Улаанбаатар хотоос Их багшийн шүтээнийг харахаар зорьж ирсэн. Тиймээс бид харж болох уу?

-Бид нар Их багшийн бие цогцос байгаа гэдгийг нь өөрсдөө үзэж, нотлоод хийдэд залчихсан байна. Одоо засварлах гэж байгаа болохоор хүнд харуулахгүй.

-Хүмүүст харуулж болохгүй ямар шалтгаан байна вэ?

-Ер нь бол үзэж болохгүй дээ. Засварлаж дууссаны дараа үзэж болно.

-Бид гэдэгт ямар хүмүүс багтаж байна вэ?

-Их багшийн шүтээнийг суварганаас гаргаж, сумын төвийн Хийдэд залахад оролцсон хүмүүс. Биднээс өөр хүн хараагүй. Өмнө нь багшийн шүтээнийг хайрцагт байхад хэн ч хараагүй байхыг үгүйсгэхгүй.

-Одоо тэгвэл Гэсэр багшийн шүтээн сумын төвийн хийдэд байгаа хэрэг үү? Хэзээнээс сэргээн засварлаж эхлэх вэ?

-Тийм. Сэргээн засварлах гээд аваад ирсэн байгаа юм. Удахгүй байх аа.

-Гэхдээ Ажлын хэсэг гарч ажиллаж л байгаа бол хийх зүйл нь тодорхой байх ёстой. Наад зах нь, хэзээнээс засварлаж, хэзээ олон нийтэд үзүүлэх гэх мэт зүйлс тодорхой байх ёстой шүү дээ?

-Мэдэхгүй. Цагдаа, тагнуулынхан ирээд, хийдийн хаалгыг лацдаад явчихсан.

-Их багшийн шүтээнийг харж хамгаалах, сүсэгтэн олонд нээлттэй байлгах нь орон нутгийн захиргааны хариуцах асуудал байх гэж ойлгодог. Харин энэ хэрэгт ямар учраас тагнуулын байгууллага оролцсон тухай тайлбарлахгүй юу?

-Уг хэрэгтээ бол бид нар хариуцах ёстой. Гэвч тагнуулынхан ямар учраас оролцож байгааг мэдэхгүй юм.  

-Тэгвэл хийдийг лацдаад, нутгийн иргэд хийдэд очих эрхийг хаачихсан хэрэг биш үү?

-Бүрэн хаачихсан гэж хэлж болохгүй байх.

-Үзүүлэхгүй байгаа шалтгаан нь юу байна вэ. Яагаад цагдаа, тагнуулаас “нууц” гэж үзэж байгаа нь  сонирхолтой байна?

-Түүнийг бол мэдэхгүй ээ. Мэддэг хүмүүсээс нь асуу.

-Их багшийн шарилыг суваргаас гаргах үед авсан баталгаажуулсан зураг байхгүй юу?

-Байхгүй, тагнуулынхан л авсан байх. Бид бол нэг ч зураг дараагүй.  

-Монгол улсын биет соёлын өвд бүртгэгдсэн шүтээнийг бунхнаас гаргах, сэргээн засварлах, хийдэд залах гэх мэт чухал үйл явдлуудыг баримтжуулан үлдээдэг гэж бодож байлаа. Гэтэл орон нутгийн удирдлагад энэ үйл явдлын нэг ч баримт байхгүй байгаа нь анхаарал татаж байна?

-Та нар цагдаа биш шүү дээ. Юу гэж хэлэх юм. Та нарт заавал үзүүлэх албагүй шүү дээ.

-Сүүлчийн асуулт. Та энэ үйл явдалд биеэр оролцсон хүний хувьд Их багшийн бие цогцосыг нүдээр харсан уу. Ямар учраас сэргээн засварлах шаардлагатай болсон юм бэ?

-Тийм ээ, харсан. Их багшийн бие жаахан бэртэлтэй байдаг. Өөр зүйлд тайлбар өгөх боломжгүй.

Ийнхүү бидний яриа өндөрлөсөн ч түүний ярианы эхлэл болон төгсгөл хэсэгт мэдээлэл зөрж байсан нь анхаарал татаж байлаа. Яриа эхлэхээс өмнө тэрбээр, Их багшийн шүтээнийг засварлаж байгаа тул бунхан хоосон байгаа гэх мэдээллийг өгч байсан бол шүтээн засварлаж байгаа мэргэжлийн хүмүүстэй уулзуулах хүсэлт тавих үед, сэргээн засварлах ажил эхлээгүй байгаа, хэзээ эхлэхийг мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн нь ИХ БАГШИЙН ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛ АНХНААСАА БАЙГААГҮЙ гэх бидний хардлагыг улам ч бататгасныг энд дурдах нь зүйтэй.


ХИЙДИЙН ХААЛГЫГ ЛАЦДАЖ, ЦОНХЫГ БИТҮҮМЖИЛСЭН БАЙВ

Ингээд орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авсны дараа сумын төвөөс баруун хойд зүгт, уулын бэлд байрлах хийдийг зорьсон юм. Уг хийдийн хашаа цоожтой байдаг ба дөрвөн хүн ээлжлэн Их багшийн занданшуулсан шарилыг манаж, хийдийг галладаг тухай Засаг дарга өгүүлсэн. Улмаар тухайн өдөр ээлжинд гарч байсан гэх нэгэн залуу бидэнд хашааны хаалга нээж өгсөн ч дотогш хэнийг ч оруулахгүй гэлээ. Учир нь, хийдийн хаалгыг цагдаагийн газрын тэмдэг бүхий лацаар лацадсан байсан ба доторх орчныг үл харагдахаар битүүмжилсэн байсан юм.


Сурвалжлах багийн гол зорилго бол суварга болон хийдийн аль нэгтээ Их багшийн шүтээн байгаа бол бодитоор үзэх байсан боловч түүнийг үзэх байтугай, шүтээнийг харсан нэг ч хүнтэй тааралдаагүй юм. Тиймээс “Өвгөн Гэсэр лам”-ын гурав дахь үеийн хамаатан гэгдэх С.Батчулуун гуайтай уулзахаар зорилоо. Тэрбээр Их багшийн үе удмыг залгамжлагч нэгэн төдийгүй түүний намтар түүхийг судалж, баримт материал цуглуулан, “Өвгөн Гэсэр Богдын цадиг домгийн цоморлиг” хэмээх ном хүртэл хэвлүүлэн гаргаж байжээ.


 

ГЭСЭР ОВГИЙН СЭНГЭЖАВЫН БАТЧУЛУУН: ГЭСЭР БАГШИЙГ ХАРЖ БАЙСАН ХҮН БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ...


Гэсэр овгийн Сэнгэжавын Батчулуун гэх энэ эрхэм одоо Архангай аймгийн Цахир суманд амьдардаг бөгөөд “Ник Петровис” ШТС-ын эрхлэгчээр ажилладаг.

Тэрбээр “Манай ээж Г.Хорлоо 1927 онд төрсөн. “Өвгөн Гэсэр лам”-ын гуравдахь үеийн хамаатан хүн. Тэрээр 1990-ээд оны үе хүртэл эсэн мэнд байхдаа их багшийн эрдэм чадлын тухай их түүхийг бидэнд хэлж өгсөн юм. Мөн нутаг орны настай хүмүүсээс их багшийн тухай мэдээ, баримт цуглуулж явсаар 2013 онд номоо гаргаж, орон нутгийнхандаа үнэгүй тарааж байсан.

Их багшийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ээжээсээ өвлөж аваад, улмаар соёлын өвд албан ёсоор бүртгүүлж, ном журмын дагуу хадгалж ирсэн.

Их чадалтай эрдэмтэй хүн байсан учраас шавь нар нь Гэсэр хэмээн нэрийдэж байсан гэдэг. Манжийн хааны зарлигаар Тариатад Гэсэр сүм гэдэг хийд хүртэл байгуулж байсан түүхтэй. Гэсэр багшийг харж байсан хүн бол байхгүй шүү дээ” хэмээгээд, гүйхээрээ шахуу биднаас зугтаж одсон юм.

Түүнийг ийнхүү ярьсаны дараа удам угсааны хүн нь хүртэл Их багшийнхаа шүтээнийг нүдээр үзээгүй байна гэдэг байж боломгүй санагдсан учир Засаг даргын ярьж байсан сэргээн засварлах ажлын талаар лавлахаар араас нь утас цохилоо.  

С.Батчулуун  бидэндтэй ярихдаа “Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хурал хийж, сэргээн засварладаг хүмүүсийг энд нь авчирч, янзлаад шүтээн болгон залах  шийдвэр гаргасан. Улмаар Шинжлэх ухааны академийн малтагч нар ирээд авран хамгаалах малталт гэдэг юм хийгээд одоо ямар ч байсан засвар хийх гэж байгаа юм шиг байна лээ. БСШУСЯ-ны харьяа Түүх, архилеогийн хүрээлэн, Байгаль орчны газар, соёлын өвийн төв, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа гэх мэт олон хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Ажлын хэсэг ирээд, авран хамгаалах малтлага хийж, цаашдаа шүтээн болгож залах байх. Гэхдээ жаахан ярвигтай. Мэдээж олон жил хадгалагдсан болохоор гэмтэл бэртэл байдаг байх.  Дөрвөн хүн ирээд, малтаж гаргачихаад явсан байна. Тэрнийг үзэх боломжгүй. Тагнуул, цагдаа, шүүх холбогдох байгууллага нь хамаагүй хүнд үзүүлж болохгүй гээд лац ломбо хийгээд явсан. Сэргээн засварлах хүнээ л оруулна, тэрнээс өөр хүн оруулж үзээгүй. Шүтээнийг хасах градустай харанхуй орчинд байлгах ёстой, нар үзүүлж болохгүй” гэлээ.

Түүний энэхүү ярианаас үзэхэд шарилыг хадгалах орчин хасах градустай байх ёстой атал шарилыг залаад байгаа гэх хийдийг Засаг дарга Г.Болд-Эрдэнийн хэлснээр, дөрвөн хүн ээлжлэн галладаг гэх яриа хоорондоо зөрүүтэй санагдаж байв.

Ийм учраас тус хийд рүү нэвтрэх эрхийг хаанаас хэрхэн олж авах тухай сураглаж, Архангай аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад, “Бидэнд шарил хамгаалах үүрэг чиглэл байдаггүйгээс гадна ийм зүйлд манайхаас хамгаалалт явуулаагүй” гэх тайлбарыг өгсөн билээ.

Ийнхүү “Цахир” сумын удирдлага болон Их багшийн хамаатан гэх С.Батчулууны хэлснээр, Өвгөн Гэсэр ламын шарилыг өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр бунхнаас гарган, сэргээн засварлахаар хийдэд залсан гэх боловч эх сурвалжуудын өгч байгаа мэдээлэл хоорондоо зөрсөөр байгаа нь хэргийн үзүүрийг Улаанбаатар хот руу чиглүүллээ....

/ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/

Б.ГАНТУЯА, Б.ТӨРБАТ

ЦУВРАЛ I: Гэсэр ламын ШАРИЛЫН мөрөөр

ЦУВРАЛ II: Сүсэгтэн олон ГЭСЭР багшийн ХООСОН суваргад мөргөж байна

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

zochin [ 122.201.23.83 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 00:27 минутанд

Сэтгүүлчид баярлалаа. Ийм үнэн бодит мэдээллийг газар дээр нь очиж судлаап ард түмэндээ хүргэсэнд

Тангад лам нарын үүр [ 202.179.26.178 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 02:07 минутанд

Монголд тангад лам нарын үүр нь Архангай.Бүгд худлаа цуу домог ярьсан ГончИгдоржтойгоо адилхан жүжигчин гарууд.

Pagva [ 172.58.45.149 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 20:04 минутанд

Shaa shaa. Iim him and itgedeg uhernuud zailaa

Pagva [ 172.58.45.149 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 20:04 минутанд

Shaa shaa. Iim him and itgedeg uhernuud zailaa

зочин [ 103.229.122.204 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 07:54 минутанд

тэр цэнхэр дээлтэй шарил юм уу аль эсвэл доор зурган дээр байсан малгайтай шарил юм уу? аль нь юм бэ?

ЧАМД ПАДЛИЙГҮЙ [ 182.160.34.244 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 04:51 минутанд

150.129.141.19 ЧИ БИД ХОЁРЫНХ ДОЛОО Ч ХОНОЛГҮЙ ӨМХИЙРӨӨД ХҮН НОХОЙЧ ШИНШЛЭХ АРГАГҮЙ БОЛНО.НААД ЭРДЭМТ ХҮН ЧМНЬ ХЭДЭН ЗУУН ЖИЛ БОЛОХОД МУУДААГҮЙ БАЙНА ГЭДЭГ ШИД БИШ ҮҮ ? МААНАЙСАН МАХАН ТОЛГОЙ

Зочин [ 150.129.141.19 ]      |     2018 оны 11-р сарын 12 -нд, 03:14 минутанд

Хүүр сэгэнд мөргөдөг энэ гажуу ёсоо болих цаг болсон.Монголчууд минь хар тангадаас гаралтай шарын шашинд мунхарч үхэр монгол гэж хэлэшдэх хүртэлээ доошоо орсон. Тэнгэрлэг хүчирхэг хөх Монголын үр удам хаана байна. Шүтээд байдаг Чингис хаан чинь Халдун ууландаа өглөө оройгүй мөргөвмгэж байдаг болхоос энэ тэрний хүүрэнд мөргөлөө гэж Нууц товчоонд л лав бичээгүй. Монгол хүн Мөнх хөх тэнгэр, унасан газар угаасан ус төрсүүлсэн эцэг эх, өвө дээдэстэй мөргөж явсан нь үнэн.

Go to top of page