“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг хянах хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн зээлд УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон явдал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ асуудалтай холбогдуулан орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг төлөөлж, Архангай аймгийн ЖДҮЭХ, “Бид Монголдоо үйлдвэрлэв” ТББ-аас хамтран ЖДҮ-ийг хөгжүүлэх санг “Шилэн-нээлттэй” болгох шаардлага тавилаа.

Уг шаардлагад "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 2018 оны дөрөв, тавдугаар сар, долоо, наймдугаар сард хоёр үе шаттайгаар олгосон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн талаарх санхүүгийн баримтыг 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний 17:00 цаг гэхэд нийтэд ил тод мэдээлэх, шилэн дансанд мэдээллийг байршуулахыг шаардаж байна" гэжээ.

Мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг шударга, хяналттай, нээлттэйгээр дахин олгохыг шаардсан байлаа.

Түүнчлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудыг нэгдэж, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг хянах хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалж байсан юм.

Орон нутгийн бизнес эрхлэгчид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах гэж 1-5 удаа хүсэлт гаргасан ч амжилт олохгүй байхад УИХ-ын гишүүд өөрийн болон өөрийн хамаарал бүхий компаниудад 950 сая төгрөгөөс 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан явдлыг тэд эсэргүүцэж байсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top