ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Монголын Шинжлэх ухааны академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Энэ өдөрлөгийн үеэр Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, инноваци шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга, амьтан, ургамал, бичил биетний судалгааны дээжийг олон нийтэд нээлттэй танилцуулсан юм.

“Манай хүрээлэн нээлттэй хаалганы өдрөөр суурь судалгаа, захиалгат болон гранд нийлсэн 20 гаруй төслийн үр дүнг харуулсан үзэсгэлэн, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг танин мэдэхүйн түвшинд нээлттэй харуулж, олон нийтэд танилцуулж байна” гэж ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Ариунболд ярилаа.

Ургамлын биотехнологийн үзэсгэлэнд маш ховор тохиолддог алтан хундгана цэцэг болон 1896 онд хадгалсан цэцэгний хатаамал зэрэг сонирхолтой үзмэрийг дэлгэн харуулсан юм. Түүнчлэн мөлхөгч болон жигүүртний чихмэлүүд, барагшун болон жорлонгийн үнэр ариутгагч зэрэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн харуулжээ.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 2015 онд Ботаникийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нэгдэн байгуулагджээ. Тус хүрээлэн нь Монгол орны байгалийн зэрлэг ургамал, амьтан, бичил биетний ангилал зүйг шинжлэх ухааны нарийвчилсан төвшинд судалдаг байгууллага юм. Тус хүрээлэн мазаалайн судалгааг БНХАУ-ын эрдэмтэд хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцээний шатанд явж байна.

ШУА-ийн тэргүүлэгчдийн газар, харьяа хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа бөгөөд маргааш физикийн хүрээлэн болон одон орон геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг тохионо.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page