900 автобусны ХАР УТААГ хумих төсөл ГУРВАН он дамнах нь

2018 оны 11 сарын 12

 Гэр хорооллын яндангийн утаа хүйтний улиралд иргэдийн эрүүл мэндэд заналхийлдэг бол хар тугалга, хүнд металлын   хорт хий агуулдаг автомашины яндангийн утаа жилийн дөрвөн улиралд, өдөр бүр биднийг хордуулдаг. Судалгаанаас харахад өвлийн улиралд Улаанбаатар хотыг бохирдуулдаг утааны 10-20 хувийг авто тээврийн хэрэгсэл ялгаруулдаг юм байна. Тэгэхээр жилийн дөрвөн улирлын турш ийм хэмжээний утаа иргэдийг утдаг гэсэн үг. Тэгвэл насжилт өндөр утаа тортог, хүхэр ихтэй дизель мотортой автобусууд, хуучин машинууд болон шатахууны стандартаас хамаарч ялгардаг хүхрийн хэмжээг хэрхэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаад байгаа юм.

Бүртгэлтэй авто  тээврийн хэрэгслийн 72 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Тээврийн хэрэгслээс хамаарч буй агаар орчны бохирдлыг бууруулахын тулд  эхний  ээлжинд хийх ажлуудын нэг нь нийтийн тээврийн том оврын автобусуудад шүүлтүүр байрлуулах гэдэг дээр шийдвэр гаргадаг хүмүүс нь санаа оноо нэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм.

Жилийн өмнө  “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан Иргэний танхимд болоход Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа   “Гэр хорооллын яндангийн утаанаас гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээрээс ялгарч байгаа угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь илүү их бохирдол үүсгэхэд нөлөөлж байна” гэж ярьж байв.

Мөн энэ үеэр тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжгүй элэгдэлд орсон газруудыг өнгөт хавтангаар хучих, ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, гэр хорооллын өрхүүд гүн боловсруулсан нүүрс түлшиндээ хэрэглэх зэрэг аргаар агаар, орчны бохирдлыг бууруулах боломжтой талаар яригдсан юм.  Энд яригдсан автобусны янданд шүүлтүүр суулгах тухай сэдэв бол хэдэн он дамнаж буй. Засгийн газрын тогтоолоор ийм шийдвэр гарч байв.

Гэтэл өнөөдрийн тухайд өнөөх шийдвэр нь хөрсөн дээр дөмөгхөн шиг бууж чадаагүй байна. Ерөөсөө энэ ажил тун ахиц муу байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдын шуурхай хуралдаан дээр яригдаад авсан юм.

Тэгвэл чухам яагаад удаан явагдаж  байгаа вэ гэдэг нь төр засгийн зүгээс санхүүжилтийг нь шийдэлгүй, төсвийн мөнгөө харамлаад, тэрбум тэрбумын өр тавьдаг, эсвэл буцалтгүй тусламж горьдоод хэвтчихдэг жишиг уг ажил дээр давтагдаж буйтай холбоотой. Уг нь нийтийн тээврийн автобусанд шүүлтүүр тавихад хар утаа 97 хувь буурах боломжтойг туршилт харуулж байна.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлж байгаа юм. Харин өнөөдрийн тухайд ээлжинд  насжилт өндөр,  утаа тортог, хүхэр ихтэй дизель мотортой 24 автобусанд туршилтаар суулгажээ. Төслийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар бааз болон Сутайн Буянт ХХК-ийн нийт 24 автобусанд DPF шүүлтүүрийг суурилуулж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлжээ. Нэг автобусанд шүүлтүүр байрлуулахад 45 сая төгрөгний зардал гарч буй. Тэгвэл манай нийслэлийн нийтийн тээвэрт 900 гаруй автобус тээвэрт явж байгаа.

Буцалтгүй тусламжаар хийгдэж буй уг ажлын үйл явцтай Нийслэлийн тээврийн газрын нөхдүүд танилцаад, хар утааг 97 хувь хүртэл бууруулсан үзүүлэлттэй байгааг нь магтацгааж байна. Өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 грамм хар утаа ялгарч буй  бөгөөд сарын хэмжилтийн дүнгээр тооцоход шүүлтүүр суурилуулсан 24 автобуснаас ялгарах 66.4 кг хөө тортог  агаарт хаягдах эрсдэлийг үгүй болгож байгаа аж. Хэрэв нийтийн тээврийн бүх автобусанд  шүүлтүүр суурилуулсан тохиолдолд хар утааны жилийн ялгаруулалтын хэмжээ 43.8 тонноор буурах боломжтой юм байна.

2017 оноос эхэлсэн энэ төсөл сар гаруйн дараа 3 дахь жилтэйгээ золгох гэж байна. 900-гаад автобусны 10 хувьд нь ч шүүлтүүр суурилуулж амжаагүй байгаа юм. Гадны тусламжаар, бидний хувьд үнэгүй хийгдэж буй ажил учраас шахамдуулаад, шаардаад байх эрхгүй. Харин автобусны хар утаа таныг, биднийг хордуулсаар байна. Ер нь ийм тулгамдсан асуудлуудаа шийдэхдээ бусдыг царайчлахаасаа урьтаж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлахад анхаардаг баймаар. Сая төсөв батлахад агаар орчны бохирдлыг бууруулахаар төсөвлөсөн мөнгийг 80 тэрбумаар танаж хаясан. Уг нь автобусны янданд шүүлтүүр байрлуулахад нийтдээ 40 тэрбум 500 сая төгрөг шаардагдаж байгаа юм. Мөнгө хөрөнгөөр тоглож чаддаг эрх баригчдын хувьд бол энэ том тоо биш шүү дээ.

Э.Болор

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top