О.Насанбурмаа: Энэ спортод амьдралаа зориулсных цүнхээ үүрээд ордон руугаа л алхана даа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн зургаахан монгол тамирчин байлаа. Тэднээс хамгийн түрүүлж хэн нь дөрөв дэх медалиа зүүх бол гэсэн бодол бөх сонирхогчид, спорт сонирхогчдын тархинд байсан биз. Гурван медальтнуудаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баямөнх, З.Ойдов, О.Бурмаа нар дөрөв дэх медалиа зүүхгүй нь тодорхой. Учир нь, бүгд тамирчны замналаа дуусгасан. Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, Д.Сумъяа, О.Насанбурмаа нарын хувьд боломж байв. Дээрх гурван тамирчнаас О.Насанбурмаа өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд дэлхийн аваргын дөрвөн медальтан болж анхдагч болсон. Тэр ч бүү хэл гурван өөр жинд дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн анхны бөх нь О.Насанбурмаа. 15 насандаа Азиас, 18 настайдаа дэлхийн аваргаас медаль зүүсэн түүнийг дэлхийн хүчтэнүүд зүй ёсоор онцолж байгаа юм. Магадгүй 2018 оны Монголын онцлох тамирчин болохыг ч үгүйсгэхгүй. Дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль зүүж чадсан шилдэг тамирчинтай хэсэгхэн хугацаанд ярилцлаа. Түүнд одоо олимпийн наадам л үлдлээ, өөрөө ч тэрийгээ сайн мэдэж байгаагаа хэлсэн.


 

О.Насанбурмаа: ДАШТ-ий дөрөв дэх медалиараа аав, ээжээ багахан ч гэсэн баярлуулж чадсан гэж бодож байна

-“Хүрэл” Насанбурмаа дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа зүүхдээ мөнгө болгож хувиргалаа. Сайхан амжилт, бахархмаар үр дүн юм. Танд эхлээд баяр хүргэх нь зүй ёсны хэрэг. Сэтгэгдлийг тань сонсоё?

-Маш их баярлалаа. Намайг үргэлж дэмждэг чөлөөт бөхөд сэтгэлтэй ард түмнийхээ ачаар дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа авсандаа баяртай байна. Дөрөв дэх медалиа авахдаа Будапештын дэвжээнд өнгийг нь хувиргасандаа бүр ч их баярлаж байна.

-Таны сугалаа нэлээд чанга харагдсан. Та бас шинэ жинд барилдлаа. Хэцүү байв уу. Барилдааныхаа талаар товч мэдээлэл өгөх үү?

-Энэ жил жин өгсөөд анх удаа шинэ жинд барилдлаа. Дэлхийн аваргын медалиудаа гурван өөр жинд хүртсэн. Эхнийхийг нь 18 насандаа буюу 2008 онд 63 кг-ын жинд барилдаж анхны медалиа авсныг та бүхэн санаж байгаа байх. Дараа нь Стамбулаас хоёр дахь медалиа авч анхны хошой медальтай эмэгтэй тамирчин болж байлаа. Тэгвэл гурав дахийг нь Будапештаас 67 кг-д авч дэлхийгээс гурван медаль хүртсэн бас л анхны эмэгтэй тамирчин болсон. 2015 онд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан ч олимпийн эрхээ авсан. Харин энэ жил 72 кг-д Будапештаас дөрөв дэх медалиа зүүж, анхдагч болж байна. Эхний тойрогт хийлж, улмаар эзэн орны бөхийг 10:0, Туркийн тамирчныг, цаашлаад Хятадыг ялж финалд шалгарсан. Туркийн бөхтэй хийсэн барилдаан үнэхээр хүнд байлаа. Тухайн өдөр нь миний өдөр байсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл өрсөлдөгч бөх маань маш бохир барилдаантай, намайг үсдээд, биед нь хүрэхээр маажаад барилдаж болохгүй байсан. Ажиллах боломж олгоогүй, надад. Сүүлд 6:6-гаар оноо тэнцсэн. Хамгаалъя гээд бодтол нөгөө турх бөх намайг үсдээд, тэр чигээрээ хонгодож унагасан. Би өмнө нь “Mongolia open”-ий финалд Казахстаны бөхөд үсдүүлээд ялагдаж байсан минь санаанд орсон. Үсдэх чинь чөлөөт бөхөд хориотой мэх юм. Ингээд чэлленж дарсан. Хэрвээ жаахан удсан л бол чэлленж үзэх боломжгүй. Чэлленжээ үзлээ, азаар камер нь миний үснээс Туркийн бөх зулгааж байгаа талаас нь авсан байлаа. Камер өөр өнцгөөс авснаар таарсан бол миний чэлленж талаар өнгөрч би хожигдох байлаа шүү дээ. Гэтэл камерын шүүлт миний талд гарсан. Нэг талаар бэлтгэл сайтай байсан ч нөгөө талаар намайг тухайн өдөр үнэхээр аз ивээжээ. Хятадын бөх л гэхэд энэ жил огт ялагдаагүй явсан юм билээ. Үнэхээр бяртай, хий багатай, тэсрэлттэй тамирчин байсан. Ер нь 72 кг-ын жинд өрсөлдсөн бөхчүүдтэйгээ өмнө нь барилдаж байгаагүй. Аваргын төлөө Канадын бөхтэй барилдсаныг та бүхэн мэднэ. Чөлөөт бөхийн дүрэм шинэчлэгчдэж, финалын барилдаан тухайн өдрөө биш маргааш болдог болсон. Миний тооцоолсноор болоогүй. Мэх хийж чадахгүй, өрсөлдөгч маань чацтай, бяртай бөх байсан. Мэх хийх гэхээр бярдаж зогсоочихоод болдоггүй. Ингээд харамсалтайгаар ялагдаж, мөнгөн медалиа авсан даа. Мэдээж энэ олон жил ДАШТ-д барилдсаных төрийн дууллаа эгшиглүүлэхийг, алтан медаль энгэртээ зүүж, дэлхийн аварга гэж дуудуулахыг үнэхээр их хүссэн. Даанч чадсангүй. Гэхдээ медалийн өнгөө хувиргаж, дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа авч Монголын түүхэнд шинэ хуудас нээсэндээ баяртай байгаа.

-Онцлох барилдаан нь яалт ч үгүй финал биш. Хятадын бөхтэй хийсэн барилдаан биш. Туркийн бөхтэй хийсэн барилдаан байлаа. Хэрвээ шүүгчийн шийдвэр таны эсрэг гарсан бол бүх зүйл талаар өнгөрнө?

-Тийм шүү. Үнэхээр эгзэгтэй мөч. Медальгүй мултрах ч магадлалтай байсан. Сугалаагаа харахад зөв барилдвал аварга болох магадлалтай. Буруу барилдвал медальгүй ирэх ч магадлалтай байлаа.

-Уг нь цаг дуусахаас 10 орчим секундын өмнө 6:6-гаар тэнцсэн ч хожил таны талд байсан. Гэтэл хоромхон зуурт оноо алдахад таны барилдааныг үзэж суусан монголчууд уулга алдаад л...?

-Цаг харсан, 9.3 секунд үлдсэн. Намайг ерөөсөө барилдуулахгүй. Үсдэж дараад, эсвэл цээж маажаад хэцүү байлаа. Би шартай юм болохоор хүчтэй шилдэж дарахаар намайг торгоод л... Шийдвэрлэх барилдаан хийж байгаа миний хувьд шүүгч Туркийн бөхөд талтай ч юм шиг сэтгэгдэл төрж байгаа юм чинь. Хор шар их гарсан даа, дэвжээн дээр. Ер нь энэ жилийн тэмцээнд өмнөхүүдээ бодвол сэтгэлзүйн хувьд мундаг байлаа. Энэ бол яах аргагүй миний онцлох тал. Өмнө нь ямар нэгэн бодоод л, санаа зовох зүйл мэр сэр гардаг байсан. Гэтэл 2018 оны ДАШТ-д тийм зүйл огт болоогүй. Бэлтгэл ч сайхан таарч, сэтгэлзүй ч ёстой мундаг байлаа. Дөрөв дэх медалиа авахад нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг нь яах аргагүй сэтгэлзүй.

-Дүрэм өөрчлөгджээ. Медалийн төлөөх барилдаан хоёр дахь өдөр нь биш тухайн өдрөө болоод дууссан бол та эрчиндээ ялсаар алтан медаль авах боломж байсан ч юм шиг. Танд тэгж бодогдов уу?

-Жин хасахгүйгээр барилдсан. Миний од гийсэн өдөр байсан учраас хүнд, хэцүү бүхнийг даван туулсан гэж боддог. 24 цаг амраад барилдах сонин л юм билээ. Хурдан барилдаад дуусах юмсан гэх бодол ч төрсөн. Яг одоогийн дүрмээр удаан үргэлжилвэл жин их хасдаг тамирчинд тохиромжгүй юм шиг санагдсан. Яах вэ, миний хувьд байгаа жингээрээ л орсон учраас харьцангуй нөлөө багатай. Гэтэл жин хасдаг бөх жинтэйгээ тэмцэлдсээр байгаад л ядарна. Удалгүй дэвжээнд гарна, барилдаанд ч сөрөг нөлөө их гарах магадлалтай. Жингээ зөв хасах, зөв тавих, формоо хадгалах, бэлтгэлээ зөв тохируулах гэх мэт олон зүйлээс тамирчны амжилт шалтгаална шүү дээ. Мөн дэвжээний хажууд суусан багшаас ч шалтгаалах зүйл байна.

-Та дэвжээн дээр энгийн үеэсээ арай өөр болдог. Үүнийгээ анзаарав уу?

-Хоёр, гурван тэмцээн дээрээс анзаарсан. Манай найзууд ч хэлж байна билээ. “Чи дэвжээн дээр нэг өөр. Дэвжээнээс буугаад энгийн үедээ бас нэг өөр хүн болдог. Үүнийгээ анзаарч байна уу” гэж хэлсэн удаа бий.

-Дөрөв дэх медалийн болзол хангаад сэтгэл санаа бага ч гэсэн амарсан байх. Шагналын тавцанд зогсоод дөрөв дэх медалиа зүүлгэж байхад юу бодов. Өмнөхөөсөө өөр мэдрэмж төрсөн нь лавтай?

-Хамгийн түрүүнд миний аав, ээж, намайг үргэлж дэмждэг хүмүүс их баярласан байх. Сүүлийн таван жил дэлхийгээс медаль авч чадаагүй. Медалиас мултраад л... Гэтэл өсвөр, залуучуудын ангилалд барилддаг байхдаа медалиас бараг мултарч үзээгүй. Болж өгвөл түрүүлдэг. 13 настайгаасаа л амжилт үзүүлээд эхэлсэн. Тэгвэл таван жилийн дараа дэлхийн аваргаас медаль авах тэр мэдрэмж үнэхээр гоё. Ойрд аваагүй тийм сайхан мэдрэмжээ авлаа. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй учраас хамгийн өндөр зогсоол дээр нь зогсохыг маш их хүссэн. Аваргын төлөө шалгарчихаад аав, ээжтэйгээ ярьтал “Аав, ээж хоёр нь охиноороо маш их бахархаж байна” гээд уйлж байсан. Тэр үед маш их сэтгэл хөдөлсөн. Аав, ээжийгээ амьд сэрүүнд нь ачийг нь хариулах юмсан гэж үргэлж боддог юм. Өдөр бүр дэргэд нь байгаад тус нэмэр болж чадахгүй ч дэлхийн аваргын дөрөв дэх медалиараа аав, ээжээ бага ч болтугай баярлуулж чадсан гэж бодож байна.

-Бөх сонирхогчид эмэгтэй тамирчдаас медаль авах магадлалтай гурван хүнийг нэрлэж байсан. Хоёр нь медальд хүрч, нэг нь тэмцээнээ эрт дуусгасан. Ер нь спорт сонирхогчид энэ жилийн амжилтад шүүмжлэлтэй хандаж байх шиг. Дотор нь барилдаж байгаа хүний хувьд сонирхогчдын шүүмжлэл хэр бодит вэ?

-Зөв шүүмжийг бол хүлээж авалгүй яах вэ. Гэтэл зарим нь шүүмжлэх биш доромжилж байна. Зөвхөн чөлөөт бөх дээр ч биш. Ер нь тамирчдыг нийтээр нь доромжилдог болжээ. Шүүмжилж, доромжлохын дон тусчихсан юм шиг. Болсон ч, болоогүй ч шүүмжилнэ. Ямар нэгэн аргаар өөв сэв гаргаад л шүүмжилж байна. Үнэндээ тамирчид ялахын төлөө л дэвжээнд гардаг. Заримдагууд шиг гэртээ зүгээр суугаагүй. Барилдахын тулд маш их бэлтгэл хийнэ. Тив, дэлхийн аваргад эх орноо төлөөлөхийн тулд олон жил хөдөлмөрлөж, дотоод өрсөлдөөнөө даван туулна. Ингэж байж эрхээ авч шалгарч байгаа юм. Түүнээс биш гэртээ зүгээр сууж байгаад ДАШТ-д яваагүй. Ар гэр, амьдрал, боловсрол гэх мэт олон зүйл золиослож бэлтгэл хийдэг. Хүссэн тэмцээндээ явлаа, бидний амьдрал зургаан минутын дотор л шийдэгдэж байна. Зургаан минутын дотор тухайн тамирчин мандан бадарч байна, эсвэл хэн ч биш юм шиг болж байна. Сайн барилдахаар нь тэнгэрт тултал магтдаг. Жаахан тааруу барилдвал элдвээр хэлнэ, үхээсэй гэх холгүй байх юм. Надад ийм зүйл олон тохиолдсон. Тамирчид бүх зүйлийг сэтгэлийн хатаар даван туулах ёстой гэдэг. Гэтэл үнэндээ адилхан л хүн шүү дээ. Би ч, та ч, аль нэг дарга ч ялгаагүй, бүгд л хүн. Шүүмжлэх хэрэгтэй, гэхдээ зөв бай. О.Насанбурмаа дэлхийн дэвжээнд амжилт гаргаж байгаа мэт боловч миний ард маш олон хүн бий. Ар гэр, найз нөхөд, бэлтгэл хангагчид, хамт олон, дүү нар, ивээн тэтгэгчид гэх мэт. Сүүлийн үед хүмүүс их ч талцаж байх шиг. Азийн наадамд явна гэж яваад 76 кг-д өрсөлдсөн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан. Тэр үед хүмүүс янз бүрээр л хэлсэн. Гэвч би тэсээд л өнгөрсөн, сонсоогүй юм шиг. Гэтэл үнэндээ надад маш их хэцүү санагдсан. Миний төлөө сэтгэл гаргасан хүмүүсийг л баярлуулахыг хүссэн, цаашид ч тийм байна. Спортоос больж болно. Гэхдээ надад энэ спортын оргил дээр нь гарах юмсан гэх мөрөөдөл, хүсэл, зорилго бий. Намайг хэн нэгэн “сайн барилдаарай” гэхэд би түүнийг нэг өдөр баярлуулахыг хүсдэг.

-Талцлын талаар та цухас дурдлаа. Энэ талаар юу хэлмээр байна вэ. Хөндлөнгөөс ажиглахад тамирчдад их л дарамт болж байгаа юм шиг?

-Нуулгүй л хэлье. Дасгалжуулагч тамирчныхаа төлөө гүйх нь зөв. Гэвч хэтэрхий туйлширч болохгүй. Бүгд л адилхан тамирчин. Амжилт гаргахын төлөө явж байгаа. Хэсэгхэн тамирчин Монголын төлөө яваагүй шүү. Талцал хэнд ч ашиггүй. Талцаж, нэгнийхээ дээр гарах гэж үздэг тэмцлээ болиосой гэж боддог. Бүгд л нэг зорилготой. Чөлөөт бөх гэсэн тогоонд яваа. Маргалдаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд эв найрамдалтай, ганцхан зорилгынхоо төлөө нэгдэж, амжилтын төлөө зүтгээсэй гэж хүсье.

-Нэг жил хагасын дараа олимп болох нь. Таны хувьд олимпоос медальгүй учраас ганц л зорилго үлдсэн болов уу. Тэгэхээр ирэх жилээс олимпийн жинд барилдана биз?

-Тэгэлгүй яах вэ. 68 кг-ын жинд барилдана, олимпийн жин учраас. Миний үндсэн жин л дээ.

-2020 оны олимп таны хувьд бараг сүүлчийнх болов уу гэж таамаглаж байна, зөв үү?

-Магадгүй. Гэхдээ цаашдын хувь заяаны талаар одоо яриад яах вэ. 2020 оны олимп дуусгаад сайхан амарна. Өөртөө чөлөө өгч хэсэг хугацаанд амрах төлөвлөгөөтэй. Дараагийн зүйл нь тэртээ, тэргүй болно биз.

-Өөрийн гэсэн шавьтай болох уу?

-Энэ спортод амьдралаа зориулсных цүнхээ үүрээд ордон руу алхах л байх. Гэхдээ дасгалжуулагч хийнэ гэдэг амар биш. Энэ бол хүн бүхний хийх ажил биш юм. Маш их стресстэй ажил. Хүний хүүхдүүдийг хүн болгоно гэдэг хэцүү. Тиймээс дасгалжуулагч хийе гэсэн бодол төрдөггүй юм. Зүгээр л өөрийнхөөрөө, дураараа байхыг хүсдэг. Чөлөөт бөхийн тогоо руу нэг их орохыг хүсэхгүй байна. 10 гаруй жил барилдсан туршлага, сурсан зүйл надад үлдэнэ дээ. Түүнийгээ залуучуудад чадахаараа зааж, зөвлөнө. Гэвч энэ нь дасгалжуулагч хийнэ гэсэн үг биш шүү. Хааяа хэдэн дүүдээ чадах зүйлээсээ зааж хөлсөө гаргана.

-Дөрвийн дөрвөн медаль авчихсан, магадгүй олимпоос медаль авлаа гэж үзэхэд олимпийн медальтай хүн өөрий гэсэн гарын ганц, хоёр ч болтугай шавьтай болохыг хүсэхгүй гэж үү?

-Спортын нэг сайхан чанар байна. Тэр нь зөв төлөвшил. Заавал чөлөөт бөх гэлтгүй Монголд хөгжиж буй ямар ч төрлийн спортоор хичээллэсэн хүүхэд бүрийн төлөвшил зөв болно. Харин дасгалжуулагч болно гэж ерөөсөө бодогдож байгаагүй. Нэг ч бай, нэлээд хэд ч хүнтэй ажиллана гэдэг амархан ажил биш ээ.

-Тамирчин хүн амьдралаа золиослодог гэж олон хүний амнаас сонссон. Эмэгтэй хүн гэхэд ээж болохоос эхлээд олон зүйлийг хойш тавьдаг. Та хэзээ хувийн амьдралдаа анхаарал хандуулах вэ?

-Болно доо, 2020 оны олимпийн дараа. Хань минь намайг бүх талаар дэмждэг тулдаа л би өдий зэрэгтэй яваа юм. Хэрвээ дэмждэггүй байсан бол хэцүү шүү дээ. Зорилго нэгтэй учраас бүх зүйлд санаа зовохгүй, бие биенээ ч сайн ойлгох юм даа. Гэр бүлийн хүн маань үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэдэг.

-Тамирчин хүнд зардал мөнгөний асуудал хамгийн хүнд тусдаг юм шиг байна. Үүнд одоо санаа зовдог хэвээрээ юү?

-Би багаасаа барилдсан хүн шүү дээ. Олон тэмцээнд явна. Тухайн үед тамирчдыг дэмжих байгууллага харьцангуй цөөхөн. Байгууллагын үүд тогшино, мөнгө гуйгаад л медалиа бариад явдаг байлаа. Багш маань мөнгө гуйж, би дагадаг. Харин 2008 оны олимпоос Н.Түвшинбаяр аварга, Э.Бадар-Ууган аварга олимпийн наадамд түрүүллээ. Тэр цагаас хойш Монголын ард түмэн, төр засаг, албан байгууллагууд спортыг маш сайн дэмждэг болсон. Би ч их азтай хүн. “Алтай” констракшны тамирчин гэж явдаг. Х.Бат-Эрдэнэ захиралтай энэ компаниар овоглож тэмцээнд оролцож, цалинжиж, байртай хүртэл болсон. Тэмцээн уралдааны зардал мөнгөнд ч санаа зовохгүй өдий зэрэгтэй явж байна. Тиймээс Х.Бат-Эрдэнэ даргадаа үнэхээр их баярлаж явдаг. Ер нь их буянтай хүн л дээ. Зөвхөн би гэлтгүй манай чөлөөт бөхийн олон тамирчныг ивээн тэтгэсэн. Бас өөр спортын төрлүүдэд ч хөрөнгө оруулалт хийж, тамирчдыг их дэмждэг хүн байгаа юм. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, С.Цэрэнчимэд, С.Батцэцэг, А.Энхээ гэх мэт олон хүнд орон сууцаар тусалсан шүү дээ. Мөн би ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн газарт данстай. Мэдээж Монголын чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, БТСГ, Дэлхийн аваргад ивээн тэтгэсэн “Сүү” хувьцаат компани, Бэртэл гэмтлээс гол байхад үргэлж анхаарлаа хандуулж тусалдаг БТСГ-ын Спортын анагаах ухааны төвийн эмч М.Саранцацралтдаа, мөн МҮОХ-ны хамт олондоо баярлаж явдаг. Мэдээж миний бэлтгэл сургуулилтыг тааруулж өнөөдрийн амжилтад хөтөлсөн хайртай багш Т.Сүхбаатар, Т.Дамбарагчаа нартаа маш их баярлалаа. Та нарыгаа цаашид олон удаа баярлуулна аа.

-Спортын төрлүүдэд манайхан нэлээд ялгавартай ханддаг гэсэн шүүмжлэл байнга явдаг. Чөлөөт бөхийг л гэхэд олимпийн, олимпийн бус гээд л ялгадаг. Энэ тал дээр тамирчин хүний хувь ямар байр суурьтай явдаг юм бол?

-Олимп, дэлхийн аваргаас медаль авахад насан туршийн цалин авч байна шүү дээ, гаргасан амжилтаасаа хамаараад. Үүнд үнэхээр их баярладаг юм. Ер нь спортыг олимпийн, олимпийн бус гэж ялгаварлах утгагүй л дээ. Бүгд л адилхан олон жил хөдөлмөрлөж байгаа. Эцсийн зорилго нь бүх тамирчин Монголын нэрийг тив, дэлхийд гаргаж байна. Чөлөөт бөх л гэхэд олимпийн жин, олимпийн бус жин гээд л ялгаж байна. Энэ бол буруу тогтолцоо гэж боддог. Өрөөсгөл ойлголт л доо.  

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(202.126.89.132) 2018 оны 11 сарын 15

Үнэхээх мундаг тамирчин шүү Олимпийн алтан медаль аваарай амжилт таньд

0  |  0
Zochin A(66.181.183.252) 2018 оны 11 сарын 14

Amjilt mundag buh. Odoo olimpoos medal awah l dutuu busadiig ni bvgdiig hiisen. Amjilt olimpos medal awnaa bvr alt awna :)

0  |  0
mend(202.179.24.220) 2018 оны 11 сарын 14

odoo olimpod ch barahgui l dee,10 jil DASHT-t yavchihaad 4-n medali gej chi l mongold todrood baigaa bolohoos mash baga muu amjilt shuu dee,shigsheegiin tamirchin,za odoo yay gehev dee,zuvhun mongoldoo l

0  |  0
Hi(43.228.129.170) 2018 оны 11 сарын 14

Mundag tamirchin shuu. Yalj yalagdsan ch bnga barildaaniig ni uzeh durtai daa. Olympiin avarga BOLOOROI

0  |  0
..... Orhon(64.119.20.122) 2018 оны 11 сарын 14

Amijilt AZ jargal ervvl bayar baycal Cain caihniig ĕrøøĕ..............yraa

0  |  0
Top