ТАНИЛЦ: Монголын хамгийн УРТ ГЭЗЭГТЭЙ эмэгтэй Ө.Айгүль

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Монголын хамгийн урт гэзэгтэй бүсгүй шалгаруулах уралдаан саяхан /2018.11.10/ болсон. Улсын хэмжээнд зохион байгуулсан гурав дахь удаагийн уралдаанд оролцсон 60 гаруй эмэгтэйчүүдийн хамгийн бага нь зургаан настай, хамгийн ахмад нь 70 нас гарсан буурай байжээ.

“Урт гэзэгтэй монгол бүсгүй” уралдааныг өмнө нь 1993, 1995 онд анх зохион байгуулсан бөгөөд энэ удаа 25 жилийн дараа дахин сэргээн, шалгаруулалт явуулсан юм.

Энэ жилийн уралдааны Тэргүүн дээд буюу гранпри шагналын эзнээр Өнөрханы Айгүль гэх бүсгүй шалгарсан. Түүний үсний урт 2 метр 12 см. Ө.Айгүль 34 настай, гурван хүүхдийн ээж. Баян-Өлгий аймагт төрсөн. “Ач” анагаах ухааны их сургуулийг төгсч, 2012-2014 онд уушгины эмчээр нарийн мэргэжил эзэмшсэн. Одоо БГД-ийн Эрүүл мэндийн төвд Сүрьеэгийн диспансерын эрхлэгчээр ажилладаг.

Түүнтэй холбогдож, товч ярилцлаа.

-Уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе. Уралдааны гол шалгуур нь үсний уртын хэмжээ байсан уу?

-Баярлалаа. Ерөнхийдөө үсний уртын хэмжээ гол үзүүлэлт. Түүнээс гадна үсний эрүүл байдлыг бас харгалзаж үзсэн.

-Та хэдэн жилийн хугацаанд ийм урт үстэй болсон бэ?

-5-6 наснаасаа хойш ургуулж байгаа. Ер нь тэр үеэс хойш үсээ тайраагүй гэсэн үг. Дөрвөн настайдаа халимаг үстэй байснаа санадаг.

-Ингэж урт ургуулахад арчилгаа мэдээж чухал. Та үсээ ургуулж, арчихад ямар арга үр дүнтэй гэж зөвлөх вэ?

-Бага байхад ээж маань цагаан будааны шүүсээр угааж өгдөг байсан. Оюутан болсноосоо хойш бол нэг их элдэв төрлийн зүйлс хэрэглээгүй. Энгийн л жишгээр үсээ арчилдаг.

-Таны ээж, эмээ урт үстэй юу?

-Урт үстэй. Ээж маань гэхэд хонгоо давсан гэзэгтэй. Нас ахиад жаахан шингэрсэн л болохоос сайхан урт үстэй хэвээрээ.



“Урт гэзэгтэй монгол бүсгүй” улсын III уралдааны үеэр авьяаслаг оролцогч болон хамгийн ахмад, хамгийн залуу урт гэзэгтэй эмэгтэйчүүдийг мөн тодруулжээ.

Б.ТУЯА

WWW.ZINDAA.MN

Top