“Ид шидийн орон - 2” төсөл Улиастайн эцэст хэрэгжинэ

    Хүүхэд хамгааллын чиглэлээр амжилттай хэрэгжиж байгаа төсөл болох “Ид шидийн орон” цогц төвийн 2 дахь шатны төслөө "Лантуун Дохио" ТББ эхлүүлж байгаа ажээ.Шинэ төслийг Энержи Ресурс компани дэмжиж нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг өнөөдөр хандивлалаа.

“Ид шидийн орон” төсөл анх санаачлагдахдаа Улаанбаатар хотын хэмжээгээр хамгийн том, амьжиргааны түвшин доогуур 2 дүүрэгт эхлэж баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ нь Сонгино хайрхан болон Баянзүрх дүүрэг аж.

“Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан энэ тухай “Өнөөдөр Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл бол бодитой барилга байгууламж бүтээн байгуулалт, хүүхэд руу чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ юм. Яг энэ чухал цаг үед Энержи Ресурс компани 10 жилийнхээ ойн хүрээнд нийгэм руу чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж байгаа хараат бус ТББ-уудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 740 сая төгрөгний тусламж олгосныг бид шинэ төв байгуулагдах газар дээрээ гардаж авлаа. Үндэсний компанийн зүгээс ийнхүү бодитой санхүүгийн тусламжийг үзүүлж байгаа нь жинхэнэ утгаараа байгууллагын нийгмийн хариуцлага, нүдээ олсон том шийдвэр, түүхэн үйл явдал болж чадлаа” гэжээ.

“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй 2 дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм байна. Тус төвийн барилга бүтээцийн ажил 2019 оны 4 дүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэх ажээ.

Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төсөл нь 2017 оны зун таван сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, төрөөс санхүүжилтгүйгээр амжилттай хэрэгжиж ирсэн юм. Тус төв нь хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн 2 бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна.

Ийнхүү “Ид шидийн орон 2” төсөл хэрэгжихэд бэлэн болжээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page