Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг хэлэлцлээ

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсов. Тус илтгэлийг өмнө нь /2018.11.06/ хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. Уг завсарлагын хугацаа дууссан тул өнөөдрийн хуралдаанаар илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Учрал, Н.Оюундарь, Ж.Батзандан, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, гэм буруугүй иргэн гэмт хэрэгт холбогдон хэлмэгдэж байгаад Хүний эрхийн үндэсний комисс анхаарал хандуулж, үнэн бодит мэдээллийг бололцоогоороо нийгэмд түгээх чиглэлээр ажиллах нь зүйтэй хэмээн Ц.Нямдорж гишүүн хэлсэн бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал тулгамдсан, үүнээс үүдэн хүний эрх ноцтойгоор зөрчигдөж буй асуудлын талаар Н.Учрал гишүүн хэлсэн. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч, ажиллах шаардлагатай байгаа бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс энэ чиглэлээр УИХ-ын Цахим бодлогын түр хороотой нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, хүүхдийн эрхийг олон нийтийн сүлжээнд хамгаалахдаа технологийн шийдэл, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх гэсэн гурван ажлыг зэрэг хийх ёстой. Ингэхгүйгээр эерэг үр дүнд хүрэх ямар ч бололцоо байхгүй гэж өнгөрсөн хугацаанд хийсэн хэлэлцүүлгүүдээс дүгнэсэн. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг одоогоор өндөр хөгжилтэй 12 улс хийсэн байдаг. Хүүхэд хамгааллын чиглэлээр, олон нийтийн сүлжээн дэх мэдээ мэдээллийн сөрөг урсгалаас хүүхдийг хэрхэн хамгаалах, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар үүрэг, оролцоотой байх талаар тодорхой зохицуулсан байдаг. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд онцгой анхаарч, олон улсын байгууллагуудын туршлагыг судалж, бидэнтэй хамтран ажиллана уу. Арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах шаардлага байна. Цахим бодлогын түр хорооноос Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авах шатандаа байна. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлийн судалгаануудыг хийгээд, УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдох хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна” гэлээ.

мөн цахим гэмт хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд 1 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татахуйц ноцтой үзүүлэлт гэдгийг тэрбээр онцолсон юм. Үүний зэрэгцээ хувь хүний овог, нэр, регистерийн дугаар, гэрийн хаяг гэх мэт нууцын зэрэглэлтэй мэдээллүүд цахим орчинд тодорхойгүй эх сурвалжаас түгээгдэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаагийн илрэл төдийгүй тухайн мэдээллүүд ил тод болсноороо хувь хүн, түүний гэр бүлд ноцтой аюул занал учирч болзошгүй эрсдэл дагуулж буйг  хэлж байв. Төр иргэнийхээ талаарх өөрт буй мэдээллээ ийн түгээдэг нөхцөлд төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгох шаардлага бий эсэх асуудлыг ч анхаарах ёстой гэсэн Н.Учрал гишүүний энэхүү байр суурийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан нар дэмжиж буйгаа хэлсэн юм. Цахим орчинд хувь хүнийг гүтгэх, доромжлох асуудал хэрээс хэтрээд байгаагийн зэрэгцээ өсвөр насны хүүхэд, залуусыг гэмт хэрэгт уруу татах, хохирогч болгох, садар самуунд уруу татах, улмаар санхүүгийн луйвар хийх асуудлууд нийгмийг цочроох хэмжээнд байгааг цохож байв.

М.Бүүвэй

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page