Б.Лхагважав: Таван тэрбум ам.долларын зарцуулалтыг илчлэх ёстой нам ЖДҮ-тэй хутгалдчихлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

        Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-УИХ, Засгийн газрын гишүүдийн хамааралтай компаниуд ЖДҮ-ийн сангийн хөнгөлөлттэй зээл авсан үйлдлийг олон нийт болоод хэвлэлийнхэн ашиг сонирхлын зөрчил гэж харж, дүгнээд байна. Үүндээ хариуцлага хүлээх ёстой гэж хатуу шүүмжилж байгаа. Гэвч нэр холбогдсон сайд, гишүүд, дарга нар ард түмнээс уучлалт гуйгаад өнгөрчих асуудал гэж ойлгож байгаа нь үг үйлдлээс нь үнэртэж эхэллээ. Үнэхээр уучлалт гуйгаад л өнгөрчих асуудал гэж үү?

-Хэрвээ манай Үндсэн хууль дотор байгаа заалтуудыг цааш нь ухаад сайн ойлгох юм бол нэг их тийм хариуцлагаас бултаж, зугтаад байх юм байхгүй. Бүгд тодорхой байгаа. Гэхдээ манай Үндсэн хуульд байдаггүй нэг том заалт бол нийтийн санхүү... Ийм бүлэг байдаггүй. Нийтийн санхүүг буцааж эрх мэдэлтнүүдээс, төрөөс, төрийн өндөр албан тушаалтнаас яаж хамгаалах вэ гэдгийг заагаагүй. Хамгаалалтын цоожийг Үндсэн хуульдаа тусгаж чадаагүй. Дөнгөж социализмаас гарч байсан учраас арай ч нийтийн мөнгө рүү хулгайч нар орно гэж төсөөлөөгүй. Тийм ёс суртахууны өөр хэлбэрт байсан үе л дээ.

Гэтэл энэ 27 жилийн хугацаанд ЖДҮ-ийн зээл шиг зүйлс гарч ирсэн. Энэ бол зөвхөн гаднах илэрц юм шүү. Сүүлийн зургаан жилийн үйл явдлыг хараад бусдыг нь ярихаа болъё. Нийтийн санхүү гэдэгт нэлээдгүй олон зүйл орно. Мэдээж улсын төсөв өөрөө орно, төсвийн хөрөнгө оруулалт, зарлага орж байгаа. Түүнээс гадна концесс гээд ирээдүйн татвар төлөгчдийн хөрөнгө орж байна.

Дээр нь бонд гээд Засгийн газрын өрүүд орж байгаа, өрөөр баталгаа гаргаж байгаа үйл явц гэхчлэн хамрагддаг нийтийн санхүүгийн хэд хэдэн үйл явц бий. Эдгээрийг хамгаалах дархлааг Үндсэн хуулиараа зааж чадаагүйг далимдуулж, УИХ-ын онцгой эрхэд байдгийг нь ашиглаж, хамгийн өндөр албан тушаалтнууд дур мэдэн ордог болсон.

Би бүр алсын юм ярихаа болъё. Жишээ нь, 2013 оны нэгдүгээр сард Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр 2.7 их наяд төгрөг хэвлэж байсан.  Үүнийг тухайн үед эсэргүүцэж л байсан. Яагаад гэвэл мөнгө хэвлэж болохгүй. Хэрэв тэгвэл дараа нь төгрөгийн ханш унана гэж анхааруулж байсан. Гэтэл тухайн хөрөнгийг тэр үеийн Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч хоёрын гараар ороод дуусгасан шүү дээ. Үргэлжлүүлээд бондын мөнгө гэж бас 1.7 тэрбум ам.доллар тараасан. Бас л Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн гараар ороод л дууссан. Энэ хоёр нийлээд таван тэрбум ам.доллар байдаг гэхээр нэлээдгүй том мөнгөний хуваарилалтад орсон. Гэхдээ хамгийн гол нь хуваарилах үйл явц нь ямар ч хуульгүй явагдсан. Гол аюул нь энэ байгаа юм. Нэг хэсэг төсвөөсөө гадна гурван төсөв гаргаж, УИХ-д хянуулдаг системийг нь байхгүй болгож байгаад хийсэн асуудал юм. Үүний бурууг нь ард түмэн мэдэрч, зовлонг нь үүрсэн. Ард түмэн үнэхээр мэдэрч байсан учраас 65 суудлыг Ардын намд авч өгсөн юм.

Тухайн үед ард түмнээс авсан энэ том эрхээрээ буцаагаад өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцыг хянаж, дүгнэх дотор нь хулгай үүрлэсэн бол илчлэх, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой байсан ч тэгсэнгүй. Магадгүй өөрсдөө ч орооцолдсон байхыг үгүйсгэхгүй. Одоо энэ бондын зарцуулалтыг ажиглаад байхад нэр холбогдоод л яваад байгаа юм. Түүний хажууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө бол өчүүхэн хэсэг нь юм шүү. Гэтэл энэ сангийн хуваарилалтад хуруу гараа дүрчихсэн. Өнөөдөр ингэснээрээ ард түмний итгэл, татвар төлөгч бидний итгэлийг алдчихаад байна.

-Тэдний энэ үйлдэл нь жижиг зүйлээр маш том луйвар, хулгайг халхалдгийг харуулж байна гэж ойлгож болох нь ээ? 

-Хянаж, шалгаад тогтоогоод өг гээд ард түмэн даалгавар өгсөн ч биелүүлээгүй. Өөрсдөө ийм зүйлд хутгалдчихлаа. Манай танхимын  гаргасан мэдэгдэлд Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх төрийн зарчмаа төр нь өөрөө алдчихлаа гэж дүгнэсэн байгаа. Төр эдийн засгийг зохицуулна гэсэн Үндсэн хуулийн 5.1 заалт бий. Иргэний сайн сайхны төлөө, нийгмийн сайхны төлөө зохицуулна гэж. Гэтэл зохицуулалтаа хийх гэж байгаад шударга бус өрсөлдөөнийг болоод монополийг бий болгочихлоо. Нийтийн мөнгийг эрх мэдэлтнүүдэд алдчихлаа гэдгийг төр нь өөрөө зарлачихсан шүү дээ. Тиймээс эхлээд төр нь  цэвэрших хэрэгтэй байна.

Хэрвээ төр өөрөө УИХ, Засгийн газрыг цэвэршүүлж чадахгүй бол бид буцаагаад татвар төлөх ажиллагааг түр зогсооё гэж байгаа. Төрийн санхүүжилтийг татвараар л бүрдүүлж байгаа шүү дээ. Тийм эрхтэй, бид.  Аж ахуйн нэгжийн үүрэг гэж хүмүүс хэлэх байх. Гэвч Үндсэн хуулиар заасан үүргээ төр нь биелүүлэхгүй байна. Нийтийн мөнгөний хяналт, хариуцлага алга байна гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

Хоёрдугаарт, бид энэ оны татварын бүрдүүлэлтээ давуулаад биелүүлчихсэнийг онцлох хэрэгтэй. Тодруулбал, нэг их наяд төгрөгөөр татварын орлого давуулаад өгчихсөн байна. Сүүлийн хоёр сарынхаа татварыг бид өөрсдөдөө зарцуулъя л даа.

Энэ хоёр сарын хугацаанд зөвлөл байгуулъя, олон улсын хараат бус аудит оруулъя. Хаашаа оруулах вэ гэвэл эхлээд энэ сангуудад оруулах хэрэгтэй. Дараа нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд, концессийн хуваарилалтыг нэг шалгуулах ёстой. Бид нийтийн санхүүгийн зарцуулалтаа хийж чадахгүй учраас ОУВС-г урьж авч ирээд байгаа. Энэ шалгалтыг хийхэд тэдэнтэй ч мөн хамтран ажиллах хэрэгтэй. Хоёр сарын дараа бүх зүйл тодорхой болсны дараа татвар төлөгчид санхүүжилтээ үргэлжлүүлээд хийх болно.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг өөртэй нь хамааралтай ах, дүү, амраг садан нь авсан гэдэг нь нэгэнт ил болсон гишүүд, сайд нарыг яах ёстой юм бэ. Засгийн газрын хувьд ганцхан сайдаар туг тахиад өнгөрөх гээд байх шиг?

 -Саяын өнгөрсөн 10 хоногийн үйл явцыг ажиглахад төрийн гурван том байгууламж бие биенийгээ шүүх гэж оролдлоо. Гэтэл энэ гурван институт дотор гурвууланд нь хулгай үүрэлчихсэн байгаа. Зөвхөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудал дэлгэгдэхэд л ил болж байна. Дараа нь Газар тариаланг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих санг ухаад гаргаад ирэхээр бүх институтийн этгээдүүд холбогдсон байна.

Тэгэхээр энэ гурав бие биенийгээ шүүж чадахгүй.  Энэ гурван институт бие биенийхээ үйл ажиллагааг шүүх гэж оролдвол 1990 онд олж авсан үнэт зарчмаасаа ухрах юм. Үүнийг шүүдэг шүүх гэж байгаа нь Үндсэн хуулийн Цэц. Тийм учраас УИХ цэвэрхэн байя гэвэл УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ өгчих хэрэгтэй. Тав хоногийн дотор шийдээд өгнө. Манай ийм, ийм гишүүд үндсэн хууль зөрчсөн байна уу, огцруулах үндэслэлтэй байна уу гэдгийг нь хянуулчих хэрэгтэй.  Ерөнхий сайд нь мөн манай эдгээр сайдтай холбоотой байна үгүй юу гэдгийг ч мөн. Холбоотой байвал бид танхимаараа огцрох уу, үгүй юу гэдэг дүгнэлтийг Цэцээр тавиулж болох юм.

Дээр нь Ерөнхийлөгчийн институт Цэцэд асуудлаа өгөх ёстой.  Нэг ёсондоо төрийн институт хооронд маргаантай зүйл гарч ирвэл, бие биенийгээ шүүж болохгүй. Одоо бол УИХ-ын үндсэн эрх гээд парламентад шүүхийн буюу Цэцийн ажлыг хийгээд байна.  Энэ чинь өөрөө гажиг. Ийм механизм байна. Зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд өгсөн байна билээ. Гэтэл иргэдийн өгч буй өргөдөл хэрэв хуралдахаар боллоо гэхэд хоёр сарын дараа биелдэг. Яг өнөөдрийн тухайд төр гэдэг институт задрахад бэлэн байна. Тэгэхгүй өөрсдийгөө шүүнэ гээд өнөөдрийн үйл явц үргэлжилбэл бараг институт хоорондын дайн болох гээд байна. Дайн болоод эхэлсэн гэж хэлж болохоор байгаа шүү. Бүгд гурилын хулгайч шиг асуудалтай.

-Булхай нь эхнээсээ илэрсэн хоёрхон л сан бий. Одоо цаана нь 27 сан байна. Тэдгээр санд шалгалт явуулъя гээд намын бүлгүүд цаашдаа санал нэгдэж таарах нь. Үлдсэн сангуудаас юу илрэх бол. Сайн мэдээ сонсоно гэж олон нийт найдахгүй байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд 22 сан 2.4 их наяд төгрөг авсан. Үүний 90 хувь нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан байдаг. Үзэх хэрэгтэй. Зөвхөн Эрүүл мэндийн даатгалын санг өнгөрсөн хавар хөндөж байсан.  НӨАТ-ын систем нэвтрүүлэхэд л Эрүүл мэндийн даатгалаас анх удаа 700 сая төгрөг ашиглагдахгүй үлдсэн. Учир юунд байсан гэхээр эмний жорыг хуурамчаар бичиж байсан. Ингэж эмнэлгүүд мөнгө хулгайлдаг байсан нь ил болсон.  Энэ зөвхөн эмний мөнгө. Дараа нь орны мөнгө, эмчилгээний мөнгө, оношилгооны мөнгө гээд Эрүүл мэндийн даатгалын санг НӨАТ-ын системтэй холбочихвол бүх зүйл ил болно гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн хувьд ямар байгааг бид мэдэж байгаа. Хоёр их наяд гаруй төгрөг нийгмийн даатгалаар орж ирдэг.  Сүүлийн 15 жилийн хугацаанд хэн ч хяналт тавьж чадаагүй.  Бүр тэрнийг эзэгнэсэн хүмүүс бий гэдэг нэр дуулдаад байдаг. Бүхэл бүтэн вант улс болсон даатгал руу хэн ч орж, хянаж чадахгүй байгааг цэгцлэх ёстой.  Цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа энэ үед нийтийн санхүү гэсэн том бүлгийг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Ер нь сонгуулийн системтэйгээ уялдаад нийтийн санхүүгийн цугларсан орлогыг зүгээр үрэн таран хийж байна. Хатуу бүтэц рүү маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо зөөлөн бүтэц рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг өнгөрсөн мягмар гарагт огцруулсан.  Гэтэл бүлгийн дарга нь намын даргатайгаа хамтарч ажиллаагүй гэдгээр огцорсондоо хариу акц эхлүүллээ.  Засгийн газрыг огцруулна гэж сэтгэл шулуудсанаа хатуу мэдэгдээд, гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Магадгүй 64-ийн бүлэг хоёр хуваагдаж байгаад сөрөг хүчний есөн гишүүн нэмэгдэж, улмаар Засгийн газар огцорвол юу болох вэ?

-"Бүдүүн" бүлэг дотор үйл явц зөрчил гарч байгаагийн тод илрэл юм. Энэ зөрчил дээр сөрөг хүчин нэмэгдвэл унагачихна. Манайд сөрөг хүчин сөрөхийн нэр гэж ойлгодог учраас тэр юм. Үүний дараа тэд тоглолт хийгээд Засгийн газрыг бүрдүүлэхгүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагачихаад үүрэг гүйцэтгэгчтэй жил гаруй явуулсан даа. Энэ хооронд С.Зориг агсан хүртэл амиа алдсан. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэхгүй байх тоглолтыг сөрөг хүчний есөн гишүүн хийсээр 2020 он хүргэх байх.

Энэ бол ойлгомжтой улс төрийн тоглолт.  Тийм учраас л хэлээд байгаа юм. Та нар хоорондоо хэрэлдээд шийдэхгүй ээ. Үндсэн хуулийн Цэц шүүх байгаад маргааныг хагалаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол арай хийж жаахан сэргэж байгаа эдийн засаг унана. Уг нь эдийн засгийн өсөлтөө ирэх ондоо бүтэн барьчихвал их чухал байна. Тэгвэл 2020 оноос эхлээд ард түмэнд макро эдийн засгийн ололт наалдах юм. Гэтэл үүнийг олж харахгүй байна. Өөр нэг тэдний мэдрэхгүй байгаа асуудал бол 2021 оноос эхлээд Монгол Улсын эдийн засаг хоёр дахин тэлэх бололцоотой байгаа. Энэ бол ойлгомжтой асуудал. Яагаад гэвэл Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Маш том эрдэнэсийн сангийн үүд хаалга нээгдэж, татварын орлого шууд хоёр дахин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 2021-2030 он хүртэл төсвийн орлого бүрдэхгүй байна гэсэн зовлонгүй болж эхэлнэ. Тийм учраас 2020 оноос өмнө ямар ч хамаагүй популизм хийгээд авъя гэсэн харалган бодол тээж болохгүй. 

-Харалган гэж тодорхойлсноо тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ хоёр нам ийм харалган бодлого тээж байгаад улсаараа тоглочих вий гэж бодогдож байна. Тэр хоёрт ч нээх бүтэн суудал өгөөд байна гэж байхгүй. Аль алиныг нь суудалгүй байлгаж чаддаг ард түмэн байгаа шүү. Та бүхэн ард түмнээ басамжилж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тоглолт хийж байна гэж бодвол ард түмэн хоёуланд чинь суудал өгөхгүй байж чадна шүү дээ. Ард түмэн дарга нарын бодсоны эсрэг өгдөг юм шүү.

М.БАТХИШИГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.184) 2018 оны 11 сарын 17

ХОЁР ШАТНЫ ПАРЛАМЕНТТАЙ БОЛЖ БАЙЖ Л НИЙГМИЙН ЭНЭ БУЗАР БУЛАЙ, МУУ МУУХАЙ АРИЛНА ДАА. ХӨРИН ЯАЖ 2 ШАТНЫ ПАРЛАМЕНТТАЙ БОЛОХ ВЭ? ЗАЛУУС АА! ЭНЭ Л ГОЛ АСУУДАЛ БОЛООД БАЙНА.

0  |  0
иргэн(202.9.42.179) 2018 оны 11 сарын 17

Зөв л гаргалаа санал болгос он байна. Энэ мэт төрийн 3 өндөрлөг эх орон ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж үүсч байгаа хүндрэлтэй асуудалд эв эеийг хичээж, цаг алдахгүй ажиллах хэрэгтэй байна. Сангуудаас мөнгө авсан гишүүд, бусад сангуудаасч өөр нөхөд нэмэгдэнэ.тэр асемын асуудал бүгд л ийм маягаар хөрөнгө завшицгааж дараа нь сүржин мэдэгдэл хийгээд нөхөд л үймээн шуугианыг өдөөх байдал цухалзаж дээр нь МАН-с Мөнхбат,зэргийн нөхөд оролцож ард түмний амар тайван байдлыг алдагдуулж мэдэхээр булчимгүй , улс төрч хүний ноён нуруугүй чихрээ голсон цэцэрлэгийн хүүхэд шиг ааш гаргагчидаас болгоомжил.

0  |  0
Хайдо(202.9.42.0) 2018 оны 11 сарын 17

Сонгуулийн хугцааг 6 жил болгох шаардлагатай.Одоогийн сонгуулийн 4 жилийн хоёр жил нь ч ямар ажил хийхгүй засаг байгуулах,орон нутгийн , ерөнхийлөгчийн болон дараагийн сонгуульд бэлтгэх,зэрэгээр ямарч үр дүнгүй өнгөрдөг нь гэм биш зан болжээ .Бүх л санг шалгах нь мөн ч их булхайг илчлэх болондоо. Тэхдээ шалгах хүмүүст, олон түмэндээ үнэнч шударга нь үнэлэгдсэн ,мэдлэг чадвартай нэр хүндтэй нөхөдийг оруулах хэрэгтэй.Тэр 5 тэрбум долларийн асуудлыг нарийчлан шалгаж олон түмэнд зарлах нь одоогийн АН-нөхдийн их юм хийсэн гээд чээжээ дэлдээд байгааг баталгаажуулах боломжийг нээх юм.

0  |  0
Зочин(103.212.116.9) 2018 оны 11 сарын 17

Бас АН - Н ҮЕД ТАТВАРЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАЖ ИХ МӨНГӨ ИДСЭН ШҮ !!! ЭНИЙГ БАС ГАРГАЖ ТАВЬ !!! ЗӨВ БУРУУГ НЬ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Зочин(66.181.187.165) 2018 оны 11 сарын 17

Энэ муу урвайсан Лхагважав шар шувуу албан тушаал горьдож дандаа худлаа шоудаж явдаг сдаак шүү.

0  |  0
Irgen(202.126.89.244) 2018 оны 11 сарын 16

Tatvariin urshuul yu bolson be.

0  |  0
Зочин(64.119.27.166) 2018 оны 11 сарын 16

Их хурлын дарга, ерөнхий сайд нар сайн дураараа цэцэд хандахгүй бол яах вэ? Татвараа төлөхгүй хараад суугаад байх уу? /таварын төлөвлөгөө биелсэн бол татвар төлөхгүй байж болно гэсэн хууль? танхим хариуцлага хүлээх үү? Эд нэгэнт асуудал шийдэхгүй нь тодорхой тул, яаралтай огцруулаад дараачийн алхамдаа орсон дээр, ямарч байсан цаг хожно

0  |  0
Зочин(64.119.18.20) 2018 оны 11 сарын 15

Лхагважав эдийн засгийн ойлголт гайгүй л дээ уг нь бусад сангуудыг шалгавал үнэхээр л аймаар юмнууд гарна даа.үндсэн хуулдаа эдийн засгийн хариуцлагын механизмуудыг нь сайн хийж өгөөд л 2 танхимтай сонгодог парламентийн засаглалтай болоод 6 жилээр ялсан нам нь засгаа бариад явах хэрэгтэй ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж парламентаас сонгопог болгохгүй бол нэг их албан тушаал эрх мэдэл шаардсан хүн болох нь дээ.

0  |  0
dorj(202.126.89.52) 2018 оны 11 сарын 15

Ми, Зи хоёр өмнөх 5 млрд долларыг шалгуулаагүй

0  |  0
Бат(202.9.43.234) 2018 оны 11 сарын 15

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Зочин (66.181.183.158) 2018 оны 11 сарын 15

Татварыг тодорхой хугацаанд егехгуй байх хэрэгтэй зээл авсан гишууд терийн ажилтнуудын Зээлийн хууль 8% р тооцож хууг нь авах хэрэгтэй хуулийн хатуу арга хэмжээ авах хэрэгтэй тэгж байж тёр цэвэрших шатандаа орно

0  |  0
Зочин(66.181.177.214) 2018 оны 11 сарын 15

Энэ муу урвайсан Лхагважав гэгч шар шувуу хаана л сенсаац гарна тэнд л албан тушаал горьдоод шоудаж явах юмаа.

0  |  0
Zochin(66.181.160.110) 2018 оны 11 сарын 15

Ta yux d ner dewsneech. Iim neg es zvitei medlegtei humuusee eruusuu olj harahgvi um.

0  |  0
харуу(122.201.23.210) 2018 оны 11 сарын 15

Энэ олон сангуудыг хаах хэрэгтэй.Тэгж байж мөнгөний ханш тогтоворжино. Сангаар дамжуулан зах зээлд цаасан мөнгө нийлүүлж байсан нь тодорхой боллоо шд.

0  |  0
Top