ЧУУЛГАН: Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах Цэцийн шийдвэрийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.15/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргалаа. Санал хураалтад 55 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 74.5 хувийн саналаар ийнхүү хуульд өөрчлөлт оруулахаар болов.

Үндсэн хуулийн цэц аравдугаар сарын 24-ний өдөр хуралдсан дунд суудлын хуралдаанаараа Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байдаг. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан нь өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн юм. Тиймээс дээрх заалтыг 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлээд байсан юм.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top