Д.Эрдэнэбат: УИХ, Засгийн газарт тавьсан бидний шаардлага хэвээр байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн байдалтай холбоотой зарим асуултад хариулт өглөө.

-Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг ярилцсан уу?

-Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай  гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа УИХ-ын дарга, Засгийн газарт илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа МАН-ын дотоод асуудалд АН оролцохгүй байгаа. Учир нь эрх баригчдын дотоод асуудал хямралын цэгтээ хүрэхээс өмнө бид өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн.  Энэ байр суурь өнөөдрийг хүртэл хэвээр байгаа гэж ойлгож болно. Дараагийн анхаарал татаж байгаа сэдэв УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагаа. 60 тэрбумын асуудлаар тавьсан бидний шаардлага хэвээр байгаа. Төр засгийн үйл ажиллагаа болохоо больчихлоо, шударга бус үйлдлүүд хэрээс хэтэрчихлээ, үүнийг нэг тийш нь шийдэх ёстой гэсэн ард түмний шаардлагатай манай бүлгийн шаардлага нийцэж байгаа учраас бүлгийнхээ хурлыг яаран хийгээд байх шаарлага байхгүй. Ер нь бол бидний шаардлага хэвээрээ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар 26 гишүүн гарын үсэг зурсан байна гэсэн. Та бүхэн нэмж кноп дарах уу?

-Засгийн газраа хэрхэх асуудал бол эрх баригчдын асуудал. Тэнд хэдэн хүн яаж гарын үсэг зурсан нь чухал биш. Хамгийн гол нь хариуцлага тооцох нь л чухал. Өмнө нь хэлж байсан үгээ дахиад нэг хэлье. 2016 оны сонгуулиар өнөөдрийн эрх баригчдад үнэмлэхүй олонхийн саналыг ард түмэн итгэж өгсөн. Энэ итгэл мөхөж байгаа нь тун харамсалтай. Монгол Улсын хувь заяа эрх баригчдын гарт байна гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Парламентын тогтолцоо ардчилсан Монгол улсыг авч явах уу, нэг эсвэл хаантай болох уу, бүр коммунизм руугаа буцаж орох уу гэдэг асуудлыг сөрөг хүчний есөн гишүүн шийдэхгүй. Үүнийг үнэмлэхүй олонхи буюу эрх баригчид шийднэ.

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай бичиг хүргүүлсэн. Ер нь УИХ-ыг тараах асуудалд танай намын бүлэг ямар байр суурьтай байна?

-Ардчилсан Монгол Улсад оносон, алдсан олон зүйл бий. Хүний эрх, эрх чөлөө, та бидний ярилцаад сууж байгаа ч гэсэн асар том эрх чөлөө юм.  Энэ бол Ардчилсан Монгол Улс. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө бүтээсэн үнэт зүйлсийг өөрийнхөө гараар утсгана гэж байхгүй. Харин УИХ тарахдаа тулах юм бол өөрөө тарах ёстой. Үндсэн хуулийнхаа хүрээнд. Түүнээс биш гадны шахалтаар ч юм уу, хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд бид цаашид ажиллаж чадахаа болилоо гээд 3/2-оор гарын үсгээ зураад Үндсэн хуулийн өөрөө тарах заалтын дагуу тарна гэж шийдэх юм бол бид тэр талд нь байна.

-Хэрэв Засгийн газар огцорч, танай намтай хамтарсан Засаг байгуулах санал тавьбал яах вэ?

-Тийм юм байхгүй ээ. Есөн гишүүнтэй бүлэг хамтарна гэж юу байхав. Нэгэнт ачаагаа үүрсэн бол барианд хүртлээ яаж үүрэхээ эрх баригчид өөрсдөө л шийд гэсэн байр суурьтай байгаа.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.42.187) 2018 оны 11 сарын 15

ХӨӨЁ ЭРДЭНЭБАТ АА? НААД НАМЫН ДАРГА ЧИНЬ ЮУ БОЛООД МИТЭЙ ГАР БАРИАД ЗГ ОГЦОРУУЛНА ГЭЭД СОЛИОРООД БАЙНАА? ЭРДЭНЭЭД ДАРААГЫН ЗГ ЫБАЙГУУЛАГДАХАД ЭНЭ БАЛАЙД САЙДЫН СУУДАЛ ОЛДОХГҮЙ Ш ДЭЭ??? ҮНЭН БАЛАЙ ХҮН ЮМАА? БАТЗАНДАН БАСАН БОЛ ХҮРЭЛСҮХТЭЙ НИЛЭЭД АВИЛГАЧДЫН ЭСРЭГ ТАМЦЭХ БАЙСИЙНМ ДАА??????

0  |  0
Top