ЧУУЛГАН: 2019 онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг батлав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.  

2019 оны мөнгөний бодлогод Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн. Үндсэн чиглэлд инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулахаар тусгасан, түүнчлэн эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх зэргийг үндсэн чиглэлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт “Монголбанк төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Мөн ББСБ-уудын зээл өндөр хүүтэй байна” хэмээн шүүмжилсэн. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монголбанк 2016 оноос хойш нэг ч төгрөг хэвлээгүй. Тиймээс төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж хичээж байна. Мөн бага хүүтэй зээлийн тухайд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан ажиллаж байгаа. Зээлийн хүү өнөөдөр 18-аас доош хувь болчихсон. ББСБ бол өөрийнхөө мөнгөөр иргэдэд зээл олгодог хувь хүмүүсийн байгууллага. Тэгэхээр ББСБ-ыг байхгүй болчихвол банкны шаардлага хангахгүй иргэд зээл авах боломжгүй болно” гэж хариулсан.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн мөнгөний үндсэн чиглэлээс Монгол Улсын эдийн засагт том эргэлт гарна гэж харагдахгүй байна” хэмээн шүүмжлээд “Олон улсын хэмжээнд банкны хүү дунджаар 2 хувьтай байна. Гэтэл манайд банкны зээлийн хүү 18-28 хувьтай, банк бусын хүү 30-60 хувьтай байна. Ийм зах зээлд хулгай арилна гэж байхгүй. Тиймээс бодлогын эрс өөрчлөлт хийхгүй бол энэ улс өндийхгүй. 20 хувийн татвартай, 30 хувийн хүүтэй, дээр нь 30 хувийн авлигатай улсад аж ахуйн нэгжүүд өндийхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Инфляциас доогуур хүүг тавьж болдоггүй. Бид зээлийн хүүг бууруулах асуудлыг оруулж ирж байгаа. Монгол Улсын гадаад валютын нөөц 3 тэрбум ам.доллар байгаа. Ирэх оны үндсэн чиглэлд валютын нөөцийг нэмэх үүднээс Монголбанкны худалдан авах алтны хэмжээг нэмэх, зээлийн хүүг бууруулах зэрэг олон нарийвчилсан заалтыг тусгасан” хэмээн хариуллаа. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top