Агаар бохирдуулбал 50 мянгаас 10 сая хүртэлх төгрөгөөр торгоно

 

Мэргэжлийн хяналтын 152 байцаагч агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд шалгалт хийж байна

Улаанбаатарчуудын утаа улс орны хэмжээний анхаарал татсан асуудал болж хувирсан. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газар, Олон улсын байгууллагаас хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө зарлагадаж, дулаалагч туурга, утаагүй түлш, зуух тараасан ч тусыг эс олов. “Цэвэр агаар” сан байгуулсан ч холбогдох албан тушаалтнууд нь утаанд зарцуулах мөнгийг үрэн таран хийсэн хэл аманд өртөж, сүүлдээ татан буугдсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Агаарын чанарын хяналтын хэлтсийг МХЕГ-ын даргын тушаалаар 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Түүнчлэн агаарын чанарын бүсэд хамаарагдах 138 хорооны 152 улсын ахлах байцаагчийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд шалгалт хийж эхэлжээ. 2017-2018 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашигладаг  авто засвар, дугуй засвар, Түргэн үйлчилгээний цэг, худалдаа үйлчилгээний газрууд, манаачийн байр, уурын болон усан халаалалтын зуух ашиглагч гээд давхардсан тоогоор 6210 байгууллага, иргэн, аж ахуйн нэгж  хамрагдаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Агаарын чанарын хэлтсийн дарга О.Шинэ-Оргил шалгалтын хүрээнд хийгдсэн дээрх ажлуудын талаар өнөөдөр /2018.11.15/ товч  мэдээлсэн юм.

Зөрчлийн  тухай хуулиар 88 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Шалгалт хийсэн тохиолдолд зөрчил, дутагдал гардаг. Үүнийг арилгуулах гээд бас дагаад торгууль, шийтгэл оногдуулдаг.  Улсын ахлах байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлж, 88 сая 140 мянган төгрөгийн торгууль Зөрчлийн тухай  хуулийн  дагуу оноожээ. Өөр ямар ажлууд хийгдэв. Халаалтын 123 зуухыг төвлөрсөн  шугамд холбох ажлыг хянаж, халаалтын 33 зууханд үнс баригч тавиулж, гурван зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн 1478 байгууллага, барилгыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 барилга, нийтийн байрыг энгийн зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухтай болгожээ. Ингэснээр ямархуу үр дүнд хүрэх бол... Жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор бууруулжээ. Энэ нь 1200-1400 тонн үнс байгаль орчинд хаягдахаас давхар сэргийлсэн ажил болжээ. Аливаа аян, ажилд соён гэгээрүүлэх ажил чухал байр суурийг эзэлдэг. “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдвээр 23 удаагийн сургалт зохион байгуулж, 758 иргэн, 213 аж ахуйн нэгжийн 300 гаруй албан тушаалтныг хамруулжээ. 12 төрлийн 1380 гарын авлага, зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийтийн болон ачаа тээврийн 412 аж ахуйн нэгжид улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн байна.


Агаарын бохирдол ургийн гажиг, арьсны өвчлөл үүсгэдэг

Агаарын бохирдол, утааны хор хохирлыг бид ярьсаар байгаа ч ахицгүй хэвээрээ. Ялангуяа хүүхэд, багачууд эрүүл мэндээрээ хохирсоор. Дугуй, хуванцар, ашигласан масло зэргийг гэр хорооллын иргэд түлэх нь элбэг. Эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Шатах үед диокин, фураны хорт нэгдэл үүсч, үнс, хөө, тортогтой хамт агаар, газрын хөрсийг  бохирдуулдаг аж. Диоксин, фуран газрын хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болдог.  Үүний дараа  дөнгөж хагас задардаг гэнэ. Эцэст нь ургийн гажигтай хүүхэд төрөх, эхчүүд дутуу төрөх, чихрийн  шижин, уушиг, арьсны өвчлөл, дархлаа сулрах зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг байна. Улаанбаатарын агаарын бохирдол ихтэй дүүрэгт амьдран суудаг хүүхдүүдийн уушигны багтаамж, хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, ургийн эндэгдэл, өвөл, зуны улирал хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг судалгаагаар тогтоожээ.

Зөрчлийн тухай хуулиар агаар бохирдуулж буй иргэнийг 50.000-1.000.000 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 500.000-10.000.000 сая төгрөгөөр торгох хуульчлагджээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Улсын ахлах байцаагч нар юу ярьсныг товчлон хүргэж байна.

Я.Хандармаа: Зориулалтын биш орчинд агаар цэвэршүүлэгчийг ажиллуулсан

(Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн Улсын ахлах байцаагч)

-Сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагуудын агаар цэвэршүүлэгчид чанарын шалгалт хийсэн. Агаар цэвэршүүлэгчээ хэрхэн ажиллуулахыг мэдэхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй тоос, тортогт дарагдсан, лац, гялгар ууттай ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн. 2016 онд тараагдсан хоёр жил орчим ажиллаж буй агаар цэвэршүүлэгчийг зориулалтын биш өрөө, тасалгаанд байршуулсан байна.Сургуулийн захирал, сургалтын менежер, тасгийн эрхлэгчийн өрөөнд ажиллуулж байсан. Нийт 500 гаруй зөрчил гарсан.

Ж.Цолмон: 150 ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь гадаа байрласан байдаг

(Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч)

-Зургаан дүүргийн 150 шатахуун түгээх станцын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийсэн.  Шалгалтад хамрагдсан байгууллагуудын 80 гаруй хувь нь гадна талдаа ариун цэврийн байгууламжтай байсан. Хальсан, дүүрсэн 21 ариун цэврийн байгууламжийг эрүүл мэндийн байцаагчийн албан шаардлагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж, буулгаж, шаардлага хангасан ариун цэврийн байгууламж бариулсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авлаа.


Ц.Пүрэвжанц:Агаарын чанарын бүсэд өөрчлөлт орсон

(Байгаль орчны хяналтын улсын  байцаагч )


-Нийслэлийн агаарын чанарын гурван бүс байдаг. Энэ жил агаарын чанарын бүсэд бага зэрэг өөрчлөлт орсон. Дөрөвдүгээр бүсэд бүх төрлийн шатаах зуухнуудыг байршуулахаар заасан байдаг. Хоёрдугаар бүсэд үйл ажиллагаа явуулдаг манаачийн байр, машин угаалгын газруудад агаар бохирдуулах  тоног төхөөрөмж ашиглахыг хориглосон. Нэгдүгээр бүсэд байрладаг аж ахуйн нэгжүүдэд агаар шүүгчийг үе шаттайгаар байршуулахаар болсон.

Н.Нарангэрэл: Халаалтын зуух хагарч, галч нь нас барсан тохиолдол гарсан

(Байгаль орчны улсын хяналтын байцаагч)


-Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээсээ мэдээлэл авч, хамтарч ажилладаг. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд иргэнээс ирсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд нэр бүхий компанийн хашаанд манаачийн дөрвөн байр, цайны газрын гурван ажилтны байрыг халаалтын зууханд холбож, агаар бохирдуулсан зөрчил илэрсэн. Мөн нийслэлийн Баян-Зүрх дүүрэгт халаалтын зуух ажиллуулахдаа мэргэжлийн хүмүүсээр зөв холболт хийлгээгүй учраас тогоо нь хагарч, галч нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

 

Д.ДАМДИНДОРЖ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.АМАРЖАРГАЛ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

отгоо [ 103.20.152.50 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 06:53 минутанд

чадалтай сайн залуу даргалж байгаа юм байна амжилт хүсье

Go to top of page