”Их хотын дагшаа-2018” тоглолт ТУН УДАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

 

Улсын филармонийн гурван том найрал хөгжмийн нэг “Баянмонгол” чуулга энэ жил тав дахь удаагаа жазз хөгжмийг шимтэн сонсдог үзэгчдэд зориулан арваннэгдүгээр сарын 23-нд 19.00 цагаас "CITY SWING" тоглолтоо толилуулах гэж байна. Тус тоглолтыг жилдээ ганцхан удаа тавьдаг ба дэлхийн болон Монголын классик жазз хөгжмийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгодгоороо онцлогтой.
50 жилийн арвин түүхтэй, урлагийн охь болсон Улсын Филармониос уламжлал болгон зохион байгуулдаг “Сity swing” тоглолтын талаар удирдаач
С.Саруул-Одтой цөөн хором ярилцлаа.


-Тав дахь жилдээ тоглогдох гэж буй "City swing”-ийн анхны тоглолтын түүхээс ярилцлагаа эхлэе?
 
-Анх миний бие “Баянмонгол” чуулгад 2013  онд ажилд орсон. Бидний өмнөх үеийн хөгжимчин ах нар тухайн үед хэдийнээ тэтгэвэртээ гарч эхэлж байв. Тиймээс хөгжимчдөө сэлгэж хөгөө нөхөх шаардлагатай болсон. Улмаар үлдсэн залуусаас гадна урьд нь бусад урлагийн байгууллагуудад цуг ажиллаж байсан найзууддаа хамтран ажиллах санал тавьж өнөөдрийн хамт олон бүрдэж одоогоос таван жилийн өмнө шижигнэсэн залуус анх “Сity swing” тоглолтыг санаачилж байлаа. Одоо бодоход, арваннэгдүгээр сард байсан санагдаж байна. Тухайн үед энэ тоглолтыг анх удаа зохион байгуулж байхад хүмүүс хэр их цуглах бол, хэрхэн хүлээж авах бол гээд айдас их байсан.  Гэтэл одоо таван жил дараалан тоглогдож, уламжлалт уран бүтээлийн тайлан болсонд баяртай байдаг.

-Тухайн үедээ бараг анхны бүрэн хэмжээний жазз тоглолт байсан. Тэр үеийн үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Анхны тоглолтыг бид филармонийн төлөвлөгөөт тоглолтоор хийж байгаагүй юм. Өөрсдийн хүсэл сонирхлоор зохион байгуулсан. Гэхдээ удирдлагууд маань дэмжиж байсан. Анхны үзэгчид гэвэл тухайн үед 100 гаруй хүн цуглаж байсан санагдана. Эднээс 50 хувь нь бидний найз нөхөд, гэр бүл байлаа. “Сity swing” анхны тоглолт алдаа оноо зөндөө байсан ч хүрэлцэн ирж үзсэн үзэгчдэд их таалагдсан. Үүнээс хойш бид урам авч, “City swing”-ээс гадна өөр олон тоглолт зохион байгуулж ирлээ. Тэр бүх тоглолтууд өөрсдийн гэсэн үзэгч, дэмжигчидтэй болсон байдаг юм шүү.

-Жил бүр зохион байгуулагддаг гэвэл жил бүр өөрийн гэсэн онцлогтой тоглолтууд болдог гэсэн үг. Энэ жилийн хувьд “City Swing” тоглолтын онцлог юу вэ?

-Энэ тоглолт нь амжилттай болж үзэгчдэд таашаагдсан хэд хэдэн учир шалтгаантай гэж бид боддог. Энэ нь юу вэ гэвэл урьд нь манайд тоглогдож байгаагүй боловч олон улсад нэр нь цуурайтсан уран бүтээлчдийн алдартай бүтээлүүдийг яг дэргэд нь амьд орчинд авчирч толилуулсанд мөн биг бэнд жазз найрал хөгжим нь яг ямар үүрэгтэй, яг юу тоглодог, гоё сайхан мөн чанар нь юундаа байна ч гэдэг юмуу. Тэр тоглолтын танхимд байгаа хөгжимчин, үзэгчид хүн бүхэнд үгээр дүрсэлж боломгүй тийм нэг уур амьсгал, аз жаргал үүсээд байх шиг санагддаг. Жазз хөгжим бол аз жаргал, эрх чөлөө юм шүү дээ. Энэ жилийн онцлог гэвэл бид тоглолт гүйцэтгэлийнхээ чанарт их анхаарч байна. Ер нь амархан хийчих эд биш л дээ. Бидэнд ч сурах зүйл маш их байна.

-50 жилийн түүхт “Баянмонгол” чуулгын талаар ярьвал?

-Чуулга 1967 онд анх албан ёсоор байгуулагдсан. 1969 онд анхны тоглолтоо хийж, албан ёсоор “Баянмонгол” нэрийг аван, филармонийн нэгэн гэр бүл болсноос хойш ирэх жил 50 дахь жилтэйгээ золгох гэж байна. Социализмийн үед жазз хөгжим дэлгэрээгүй байсан болохоор бараг тоглодоггүй  байжээ.   Чөлөөт нийгэм гарах хүртэл жазз хэлбэрийн бүтээл бага хийж тухайн үеийн эстрад поп чиглэлээр уран бүтээлүүдээ туурвиж ирсэн байдаг. Манай чуулгын алтан үеийнхний уран бүтээлүүдийг та бүхэн андахгүй мэдэх байх.  Гэхдээ жазз хөгжмийг бүр мөсөн орхилгүй Орос, Куба, зүүн европын улсуудад зочлон тоглож тэдгээр орнуудаас айлчлан ирсэн удирдаач оркеструудаас туршлага судлан уран бүтээлүүддээ тусгасаар иржээ.

-Үлээвэр хөгжимчнөөс удирдаач болсон шалтгаан тань юу вэ?

-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад арав гаруй жил үлээвэр хөгжимчнөөр ажилласан. Тэнд ажиллаж байх хугацаандаа олон багш, удирдаач нарын ажиллах хэв маягийг харж ирсэн. Харж байхад удирдаач хүн бүх хүнтэй тулж ажилладаг. Хөгжмийг хүнээр тоглуулна гэдэг чинь удирдаач бүрийн л онцлог байдаг юм билээ. Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн сургуульд удирдаачийн ангийг төгсөөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад удирдаачаар ажиллаж байгаад  зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд нэг жил ажиллаад “Баянмонгол” чуулгад орсон. Ингээд энэ байгууллагадаа таван жилийн хугацаа өнгөрүүлэхэд филармонийн нийт хамт олон, чуулгын хөгжимчид маань үргэлж тусалж, дэмжиж ирсэн.

-“City swing” тоглолтын бэлтгэл үнэхээр сайн хангагдаж байгаа бололтой. Тоглолт хэдэн үе шаттайгаар үзэгчдийн сонорт хүрэх гэж байна вэ?

-Жазз хөгжим дотроо олон урсгал хэлбэртэй. Тэрийг үечилсэн маягаар үзэгч олонд хүргэнэ гэсэн бодолтой байна. Сонгодог жаззаас эхлүүлээд, латин жазз хүртэл тоглогдох жишээтэй. Сүүлийн хэсэгт нь орчин үеийн фанки урсгалаар тоглох гэх мэт олон үечлэлээр тоглохоор бэлтгэлээ хангаад байна.  Зарим аязууд Монголд анх удаагаа тоглогдох гэж байгаа учраас үзэгчид шууд хүлээж авахад хэцүү тиймээс бидний зүгээс тайлбарт гарын авлага, дэлгэцэнд гаргах зурагтай тайлбаруудыг бэлтгэж байна. Энэ мэтчилэн тоглолтоо аль болох сонирхолтой талаас нь үзэгчдэд үзүүлнэ. Хошин шог, зохиолын дуучдын тоглолт дүүрэн үзэгчтэй байдаг болж. Нэг талаас энэ нь соёлын гажуудал юм шиг санагддаг. Тиймээс Монголын үзэгчдэдээ дэлхийн сонгодог хөгжмийг таниулах хэрэгтэй гэж бодож явдаг. Энэ тоглолт маань ч бас үзэгчдийн хөгжмийн боловсролд нөлөөлөх хэмжээний тоглолт байгаасай гэж бид үргэлж зорьж бүтээдэг.

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top