Хувийн сургуулиудын төлбөрийн НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ (3-18 сая)

 

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР 3-18 САЯ ТӨГРӨГ БАЙДАГ

Монголын төрийн бус сургуулиудын чуулган өчигдөр /2018.11.15/ “Holiday Inn” зочид буудалд болов. Чуулганд төрийн бус өмчийн 100 гаруй сургуулийн төлөөлөлөөс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцсон юм. Чуулганаар хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын өмнө тулгамдаж байгаа асуудал, сургалтын чанар, хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын үйл ажиллагаатай салбар яамны бодлогыг уялдуулах зэрэг асуудлыг хөндсөн.  

Монголын төрийн бус хувийн хэвшлийн сургуулиудын холбоо нь 1999 онд байгуулагдсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн сургуулиудын үйл ажиллагааг хангах, төртэй хамтран ажиллах хүчтэй байх, бие биенээсээ суралцах, бие биенээ дэмжих үндсэн дээр байгуулагдсан гэж тайлбарладаг.

Чуулганы үеэр төр болон хувийн хэвшлийн сургуулиудын хоорондын ялгааны талаар Удирдах зөвлөлийн гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхов.  


"Тольт" бүрэн дунд сургуулийн захирал Д.Жаргалсайхан:
Хувийн сургуулийн багш нарт халамж, мөнгөн тэтгэмжийг адилхан олгох ёстой

-Төрийн ч бай төрийн бус сургууль ч бай Монгол Улсын боловсролын зорилгыг хэрэгжүүлж байгаа. Энэ боловсролын зорилго нь юу вэ гэвэл ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх. Энэ зорилгыг аль ч сургуулиуд адилхан хэрэгжүүлж ирсэн. Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд нь удирдлага зохион байгуулалтын хувьд арай өөр байдаг. Түүнээс биш Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас гаргаж өгсөн цөм хөтөлбөрөөр бүгд сургалт явуулдгаараа адил. Түүнийг хэрэгжүүлж байгаа арга зүй, хэлбэр, орлого, багшийн хөгжилд хандаж байгаа хандлага нь бага зэрэг өөр байх магадлалтай. Хувийн сургуулиуд бие даасан байдлаар байдаг учраас олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх олон улсын стандарт шалгалтуудаар сургалтын чанараа үнэлэх гэх мэтээр төрийн сургуулиудаас ялгарах зүйл бий. Гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулах, гүнзгийрүүлсэн сургалт хийх гэх мэт ялгаатай талууд бий боловч цаад утгаараа иргэдийг бэлтгэх, монгол иргэнийг төлөвших үйл явцыг хангах зорилгыг дээрх хоёр хэвшлийн сургуулиуд хоёулаа л адилхан хариуцлагатайгаар авч явдаг. Төрийн сургуулиуд үзэл баримтлалын хувьд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаар маш амжилттай ажиллаж байгаа. Уламжлалт тогтолцоотой, олон сайхан багшлах боловсон хүчинтэй. Бид төрийн сургуулиудаас суралцах зүйл асар их байдаг. Шинээр байгуулагдсан хувийн сургуулиуд боловсролд шинэчлэл хийх бодлого, зорилготой, дээрээс нь боловсролын салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй болж байж оршин тогтоно. Энэ мэт байдлаараа хувийн хэвшил төрийн сургуулиасаа өөр байдаг.  

-Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ?

-Дүүрэг бүрт боловсролын хэлтэс ажилладаг. Энэ хэлтсээс зохион байгуулж буй үйл ажиллагаануудад төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудтай хамтран оролцдог. Хувийн болон улсын сургуулиудын сурагчид аливаа уралдаан, тэмцээнд хамтарч өрсөлдөж оролцоно, багш нар гэхэд сургалт дээр бие биенээсээ суралцана. Энэ хоёр хэвшлийн сургуулиуд хоорондоо маш уялдаа холбоотой ажилладаг.

-Төрөөс хувийн хэвшлийн сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг үү?

-Төрөөс боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд заасан заалтуудын дагуу төрийн бус өмчийн сургуулиудтай харилцдаг. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу төрийн бус, хувийн хэвшилд суралцаж байгаа нэг сурагчдад ногдох хувьсах зардлыг санхүүжүүлдэг. Энэ бол зөвхөн тэр хүүхэд хувийн сургуульд сурсан ч бай, төрийн сургуульд сурсан ч бай Монгол Улсын иргэн учраас үзүүлж байгаа дэмжлэг юм. Бусад зүйл дээр санхүүгийн тусламж байхгүй. Боловсролын хуулинд төрийн бус өмчийн сургуулийн хөгжилд зориулж хөнгөлттэй зээл олгоно гэж заасан байдаг ч би одоогоор тийм зээл авсан сургуулийг мэдэхгүй байна.

-Төрийн бус өмчийн сургуульд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудал байдаг бол?

-Тулгамдаж байгаа асуудал гэвэл багш нарын халамжийн асуудал байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлж байгаа багш нарыг адилтгаж үзэх хэрэгтэй. Төрийн бус өмчийн сургуульд багшилж байгаа багш нарт халамж, мөнгөн тэтгэмжийг яг адилхан олгох ёстой байх. Жишээлбэл, төрийн сургуульд ажиллаж байгаа багш тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмжийг нэг удаа авдаг. Гэтэл төрийн бус өмчийн сургуулийн багш нар хасагдчихсан байдаг. Орон нутгийн багш нарт таван жил тутамд өгдөг урамшуулалд манай төрийн бус өмчийн сургуулиудын багш нар хамрагдаж чаддаггүй. Төрийн байгууллагын багш нарт индексийн урамшуулал гэж олгодог. Үүнд мөн манай хувийн сургуулийн багш нар хамрагдаж чадахгүй, гадна нь үлдчихдэг.


"Шинэ монгол" сургуулийн захирал П.Наранбаяр:
Бид төрийн ачаанаас үүрэлцэж байгаа

-Төр, хувийн хэвшлийн хөгжил хангалттай хэмжээнд хөгжиж чадаагүй байна. Өнөөдөр 147 төрийн бус өмчийн сургууль 3000 багшийг ажиллуулж, 39 мянга гаруй хүүхдийг сургаж байна. Энэ бол төрийн ачааллаас үүрэлцэж байгаа тодорхой жишээ. Хувийн хэвшлийн сургуулиуд байгаагүй бол 39 мянган хүүхдийг сургах 3000 гаруй багшийг ажиллуулах сургуулийг бий болгох энэ их хөрөнгө оруулалт, авч явах урсгал зардал, боловсон хүчний асуудал зэргийг тооцож үзвэл ямар их ачаа төрд очих нь ойлгомжтой. Ийм учраас хувийн хэвшлийн сургууль төр хамтран ажиллах түншлэх шаардлага өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа. Бид наад захын түншлэлийн асуудлыг ярьж байна. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүх түвшинд хувийн хэвшлийн оролцоо, төрийн бус өмчийн сургуулиудын оролцох оролцоо чухал.

-Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хоорондын ялгааны талаар та ямар бодолтой вэ?

-Төр болон хувийн хэвшлийн сургуулийн хоорондын ялгаа их байдаг. Боловсролын өөрийнх нь үйлчилгээ, чанар, уян хатан байдал, хэрэгцээг тааран үзүүлэх үйлчилгээ зэргээрээ ялгаатай. Жишээлбэл, төрөөс цөм хөтөлбөрийг батлаад гаргачихсан энэ хүрээнд төрийн сургуулиуд үйлчилгээ үзүүлнэ. Гэвч боловсролын хэрэгцээ өнөөдөр олон талт болчихсон, эцэг эхийн сонголт их болчихсон байна. Энэ бүгдэд хувийн хэвшлийн сургууль хүрч ажиллаж байгаа. Нөгөө талаас хувийн хэвшлийн сургуульд ажиллаж байгаа багшийн цалин харьцангуй өндөр байгаа. Түүний зэрэгцээ Монгол Улсын нэр хүндийг өргөж байгаа олимпиад, уралдаан, тэмцээнд гаргаж байгаа амжилт, дэлхийн их, дээд сургуульд элсэж байгаа хувь хэмжээ, энэ бүхнийг хэрэгжүүлж байгаа шилдэг арга зүй, боловсролын салбарт оруулж ирсэн дэвшилттэй олон сургалтын агуулга гээд энэ бүх зүйлийг хувийн сургуулиуд үлгэр жишээ болгон ажиллаж байна. Үүгээр төр болон хувийн хэвшлийн сургуулиудын хоорондын ялгааг харуулж болно.


ХУВИЙН ХЭВШЛИЙН СУРГУУЛИУДЫН БАГА АНГИЙН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ

 

"Хишиг" хятад хэлний бүрэн дунд сургууль

  • Төлбөр: Бага анги - 2 сая 800 мянган төгрөг, Бэлтгэл анги - 300.000 төгрөг.
  • Сургуулийн онцлог: Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажиллагаа зохион  явуулдаг. Зургаан настнуудыг сургаж, хөгжүүлэх таатай орчин бүрдүүлсэн. Өөрийн цайны газарт үдийн хоолоор үйлчилдэг. Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар зааж, стандартад нийцсэн сурах бичгээр сургалт явуулдаг.

 "Улаанбаатар" бүрэн дунд сургууль
 

  • Төлбөр: 3 сая төгрөг.
  • Сургуулийн онцлог: БНСУ-ын хөрөнгө оруулалттай. Гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай. Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг. Нэгдүгээр ангиас сурагчдыг эх хэлээ дээдэлсэн, эх хэлээрээ зөв боловсон харьцахад сургадаг.

Г.В.Плехановын нэрэмжит Орос сургууль

  • Төлбөр: 3 сая 400 мянган төгрөг.
  • Сургуулийн онцлог: I-XII анги хүртэл бүх хичээл орос хэл дээр орно. Орос багш, сурган хүмүүжүүлэгчид Орос сургалтын арга барилаар хичээл заана. Хоёрдугаар ангиас англи, монгол хэл орно. Сургалтын хөтөлбөртөө монгол хэлийг орхидуулахгүй заахыг чухалчилдаг.

ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай "Гёте" сургууль

  • Төлбөр: Бага ангийн төлбөр 5 сая төгрөг.
  • Сургуулийн онцлог: Нэгдүгээр ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломж олгодог. ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

"Шинэ Монгол" ЕБС

  • Төлбөр: 1-5 дугаар ангийн төлбөр 4 сая 500 мянган төгрөг.
  • Сургуулийн онцлог: Бага сургуулийн сургалтын давуу тал нь чадварт суурилсан "Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр", гуравдугаар ангиас англи хэлний "Grape seed" хөтөлбөр, нэгдүгээр ангиас "Оюуны хөгжил" хичээлүүдийг үзэж судлахын зэрэгцээ, хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг дэмжсэн, урамшуулсан, сайшаасан, бүтээлч санаачилгатай, ажилсаг багш нараас бүрдсэн баг хамт олноор хичээл заалгана.

"Олонлог" төв сургууль

  • Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр - 5.5 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр - 400 мянган төгрөг.
  • Сургуулийн онцлог: I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна.

"Сант" сургууль

  • Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр  - 6 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр - 500 мянган төгрөг.
  • Сургуулийн онцлог: Оксфордын англи хэлний хөтөлбөртэй. Долдугаар ангиас мэдээллийн технологийн хичээл үзнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын AP хөтөлбөртэй хослуулан сургалтаа явуулдаг.

Ulaanbaatar Elite International School

  • Төлбөр: Жилийн төлбөр 9 сая 950 мянган төгрөг. 
  • Сургуулийн онцлог: Нэгдүгээр ангиас нь Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр заана. Монголын үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүдийг орно.

"Хобби" сургууль

  • Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл ангийн төлбөр 900 мянган төгрөг.
  • Сургуулийн онцлог: Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ. Мөн олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрүүдээр хичээллэдэг.

The English School of Mongolia

  • Төлбөр: 11 сая төгрөг. Зуны сургалт/бэлтгэл анги 300.000 төгрөг.
  • Сургуулийн онцлог: Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ Олон улсын Боловсролын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг. 30 гаруй төрлийн секц, дугуйлантай. Мэргэжлийн гадаад багш нар хичээл заана. Цэцэрлэгийн 3 наснаас сургуулийн 12-р анги хүртэл бүх анги англи хэл дээр хичээллэдэг. Бага анги бүрт нэмэлт туслах багштай. Амт чанартай, олон орны хоолоор үйлчилдэг. Тэтгэлгээр сурах боломж нээлттэй.

"Орчлон" олон улсын сургууль

  • Төлбөр: 18 сая төгрөг, бэлтгэл анги 1.5 сая төгрөг.
  • Сургуулийн онцлог: Кэмбрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулсан сургалт явуулдгаараа онцлогтой. Нэгдүгээр ангиасаа Mathematics, English, Science, ICT зэрэг хичээлүүдийг үндэсний хөтөлбөрийн хичээлүүдтэй хамтатган судална.

Бэлтгэсэн Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

matilda [ 156.0.213.57 ]      |     2018 оны 11-р сарын 16 -нд, 04:06 минутанд

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

Ээж [ 202.126.89.139 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 12:12 минутанд

Арай ч дээ11,18сая

Go to top of page