Нүүр тахлах “Галлериа Улаанбаатар”-т ТАВТАЙ МОРИЛ!

2018 оны 11 сарын 16

 

Балгас гэгдсэн барилга “Галлериа Улаанбаатар” болж, үүдээ нээхэд бэлэн болоод буй тухай таатай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл өчигдөр (2018.11.15) тохиосон Шинийн 8-ны билэгт сайн өдөр Төрийн ордны  зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар” албан ёсоор үүдээ нээлээ. Улсынхаа нийслэлийн зүрхэн хэсэгт олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төвийг бүтээн байгуулахаар Таван Богд Группийн хамт олон багагүй хугацаанд хүч нийлэн зүтгэснийг тодотгох хэрэгтэй болов уу. Монголчуудын оюун сэтгэлгээнд онцгой түүхэн үүрэг гүйцэтгэсэн анхны хэвлэх үйлдвэрийн байр олон жил “эзэнгүй” мэт байж, нийслэлийн өнгө төрхийг хойш нь чангаасан балгас болчихлоо гэгдэн адлуулж байсан нь үнэн. Тэгвэл тэрхүү туурийг яг л 1929 оных шиг түүхэн дурсгалт хэв маягаар нь шинээр сүндэрлүүлсэн баг хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.


 

“Галлериа Улаанбаатар”-ын нээлтийн ёслолд Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, дэд ерөнхийлөгч, хатагтай Д.Хулан, Монгол Улсад суугаа элчин сайдууд, Урлаг соёлын төлөөлөгчид, хамтран ажилладаг түншүүд, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

10,152 м2 талбай бүхий гурван давхар цогцолбор “Галлериа Улаанбаатар” нь Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээнүүдийг үзүүлэх бүрэн чадамжтай гэдгийг тодотгоё. Учир нь дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр энд нээгдээд байна.  Говь, Гоёо брэндийн нийлсэн 2500 м2 талбай бүхий ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр нь гадаадын жуулчдын анхаарлыг зүй ёсоор татах биз ээ. Говь, Гоёо брэндүүд олон улсад өөрсдийн орон зайгаа жил ирэх тусам нэмэгдүүлсээр байгаа. Говь брэндийн тухайд гэхэд дэлхийн №1 ноолууран пальто үйлдвэрлэгч болж, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Тэгэхээр энэ бол манай үндэсний үйлдвэрлэгч топ компани улсаа дэлхийд таниулж чадаж буйн нэг л жишээ. Тэрчлэн дэлхийд эхэнд нэрлэгдэх ноолууран хувцасны  дэлгүүрийг нийслэлийнхээ төв цэгт нээж буй нь таатай үйл явдал.

Нээлтийн үеэр Таван Богд Группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханаас сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр,

-"Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр өнөөдөр энд албан ёсоор нээгдэж буйд маш их баяртай байна. Монгол Улс мал аж ахуйн орон. Дэлхийн түүхий ноолуурын 50 хувийг үйлдвэрлэж байгаа улс. Тиймээс бид улсынхаа нийслэлд, тэрдундаа нийслэлийнхээ төвд дэлхийн хаана ч байхгүй дэлгүүр нээж чадаж байгаадаа үнэхээр баяртай байна. Монгол ноолуурын орон гэдгээ  ойлгуулахын тулд нийслэлдээ өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг зардаг гоё дэлгүүртэй байх ёстой. Тэгж байж хүмүүст илүү хүрнэ. Ер нь манай ноолуурын салбарт боломжууд зөндөө бий. Өнөөдөр  арваннэгдүгээр сарын 15-ны энэ өдөр Чикаго хотод 300 м2  талбайтай “Говь” дэлгүүр мөн үүдээ нээж байна” гэсэн юм.


Дашрамд өгүүлэхэд, зөөлөн алт гэх тодотголтой ноолуурын үйлдвэрлэл бол валютын урсгалыг Монгол руу даллах хүч хийгээд боломжтой онцгой салбар билээ. Ц.Баатарсайхан ерөнхийлөгчийн хэлсэнчлэн дэлхийн түүхий ноолуурын 50 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улсад давуу талаа алт болгон үр ашиг хүртэхэд хувийн хэвшил болоод төрийн бодлогын зөв түншлэл хэрэгтэй байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. Ирэх онд манай улсад ирэх жуулчдын тоо 25-30 хувь өсөх төлөвтэй байгаа. Тэгвэл “Галлериа Улаанбаатар” тэрхүү боломжийг угтан дотоодын болон дэлхийн брэндүүдээр өнгө нэмэн үүдээ нээлээ.

Уншигч та “Галлериа Улаанбаатар” төвд ямар ямар худалдаа үйлчилгээний төвүүд байгаа вэ гэдгийг тодруулан мэдэхийг хүсч буй нь лавтай. Тэгвэл тус төвийн 1 дүгээр давхарт ГОВЬ, ГОЁО брэндийн дэлгүүрээс гадна “Пицца Хат” олон улсын сүлжээ рестораны анхны РЕСТОРАН салбар,  KFC олон улсын сүлжээ рестораны эко дизайнтай салбар,  тийз захиалгын “Эйрлинк Монголиа” компанийн салбар, Caffe Bene-гийн салбар тус тус нээгдлээ.



“Галлериа Улаанбаатар”-ын 2 дугаар давхарт Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн, эх орноо гадаадад сурталчлах нэгэн суваг болсон  үндэсний  бэлэг дурсгалын “Сувенир” дэлгүүр, Хаан банкны бизнес төв, япон хоолны Нагоми ресторан бий.

Харин 3 дугаар давхарт нь Little Sheep хот пот рестораны дэлхийн хамгийн том салбар болох  нэг дор 460 хүний суудалтай рестораныг нээлээ.

Таван Богд Группийн  дэд ерөнхийлөгч Д.Хулан “Шинийн 8-ны билэгт сайн өдөр Little Sheep Хот Пот рестораны дэлхийд хамгийн том салбарыг улсынхаа нийслэлийн төвд, хамгийн гоё байршилд нээж байгаадаа  баяртай байна. Бид Little Sheep Хот Пот рестораны франчайз эрхийг албан ёсоор авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай Таван Богд Групп нь дэлхийд алдартай Yum! Brands, Inc компанийн KFC, Pizza Hut брэндийг монголын зах зээлд амжилттай хөгжүүлж байгаа” гэсэн юм.


Дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлсээр байгаа Таван Богд ГруппГаллериа Улаанбаатар” төвийг нээснээр  шинээр 500 гаруй ажлын байр бий болгожээ. Улаанбаатар хотын төв цэгт, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээний байгууллагууд нэг дор үүдээ нээснээр, Монголыг зорьж ирэх жуулчдын хувьд сэтгэл ханамжтай буцахад жин дарах хувь нэмэр оруулах биз ээ.

Та бүхэн “Галлериа Улаанбаатар”-т тавтай морил.


Э.БОЛОРХАЖИД

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top