Боомтуудад нөхцөл байдал хүндэрлээ гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Сүүлийн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг үүрэгт ажлаа орон нутагт бус нийслэлд хийх болсон тухай шүүмжлэл дагуулах болсон. Үүний зэрэгцээ түүнийг ИТХ-ын даргаас нь огцруулах нөхцөл үүссэн учраас ийнхүү хэвлэл мэдээлийнхэнд удаа дараа хандаж, ихэс дээдэстээ харагдахыг хүсэмжлэх болсон гэх яриа ч газар аваад байсан.  

Харин тэрбээр өнөөдөр /2018.11.16/ тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч н.Батзоригийн хамт хэвлэлийн хурлаа зарлаж, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Ганц модны боомтод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Гашуунсухайт чиглэлийн 239 километр зам эвдрэлтэй, тээврийн хэрэгсэл зөрөх боломжгүй учраас осол гардаг, байнга л 100 гаруй километр урт үргэлжилсэн түгжрэл үүсдэг байна. Нөгөө талаар тус боомтуудад гэмт хэргийн гаралт ихэсч, хүний амь эрсдэхээс эхлээд эмх замбараагүй байдал үүссэн гэдгийг баримтаар дуулгалаа.

Уг нь тус боомтод гэрээний дагуу 30 цагдаагийн албан хаагч ажиллах ёстой ч 20 орчим цагдаагийн ажилтан байгаа тул тэдний хүч хүрэлцэхгүй зэрэг сөрөг зүйл олон байгааг ч дурдсан. Өнөөдрийн байдлаар тус боомт газруудад 126 Аж ахуйн нэгжийн 12000 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээдэг бол техникийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг Аж ахуйн нэгж маш цөөн, тэр ч бүү хэл 19 настай залуу мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байгаа зэрэг нь аваар осол гарах томоохон шалтгаан болдог гэлээ. Нөгөө талаар уул уурхайн зохисгүй ажиллагаа хаа сайгүй байгаа учраас малын бэлчээр сүйдэж, малчид ч тэмцэл өрнүүлж магадгүй байдалтай, тээвэрлэгч компаниудын дунд ч маргаан гарах болсон гэв.

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2018 оны арваннэгдүгээр сарын буюу сүүлийн 10 хоногийн судалгаагаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 24, хулгайн гэмт хэрэг 14, бусдыг залилах хоёр, дээрмийн нэг гэх мэт нийтдээ 10-хан хоногийн дотор 94 хэрэг гарчээ. Үүнээс нас барсан 17, гэмтэж бэртсэн 21 хэрэг үйлдэгджээ.

Энэ үеэр тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх сан”-гаас зээл авсан, огцорно, огцрохгүй гэх мэтээр үймж байхад урд боомтуудад нөхцөл байдал улам хүндэрлээ. Магадгүй, дээрээ үймж байх зуур малчид, тээвэрлэгч компаниуд, ААН-үүдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна” хэмээлээ.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.24.20) 2018 оны 11 сарын 16

Aimag oron nutagtaa harin ch sain ajillaj baigaa hun shuu ! Hudlaa medeelel tavihaa bolioch.

0  |  0
Zochin(66.181.160.113) 2018 оны 11 сарын 16

Ulaanbaatart l Irj medeelel hiihgvi bol uur yahiin. Nuhtsul bdl uneheer hund bga snu de.

0  |  0
Top