ХОВД: Засаг даргын орлогч жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

  Аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Орон нутгийн хөгжил, өнөөгийн эдийн засгийн байдлыг дэмжих гол үзүүлэлтийн нэг нь аж үйлдвэрийн салбарын хөгжил юм. Тиймээс орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэгчдийг дэмжин хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэдорж нар Жаргалант суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх нөөц боломж, цаашдын чиг хандлага, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийн өсөлт, борлуулалт, нийлүүлэлт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал авч, ярилцлаа.

Жаргалант суманд 200 гаруй жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн төлөөлөл “Жаргалант шанд” ХХК –ийн Махны үйлдвэрлэл, “Зөөлөн тэмүүлэл” ХХК-ийн Хөөсөнцөр, сендвич хавтан, хар цагаан замаск, C-төмрийн үйлдвэрлэл, “Цасны хаан нөхөрлөл”-ийн Гутлын үйлдвэрлэл, Баянзаан ХХК-ийн Барилгын нүхтэй блокний үйлдвэрлэл, “Алтайн Сүрлэг пирамид” ХХК-ийн Ноос ноолуур угаах, ноосон бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, “Эко гутал” ХХК-ийн Бүх төрлийн гутлын үйлдвэрлэл, “Нарсны үнэр” ХХК-ийн Гэрийн тавилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцсон юм.

Энэ үеэр жижиг дунд үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгжүүд нь орон нутгийн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах, төрийн худалдан авалтаар дэмжих, борлуулалтын сүлжээг өргөтгөх, “Ховдод үйлдвэрлэв” нэрийн бүтээгдэхүүнийг бий болгох, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Олон Улсын төсөл хөтөлбөрүүдээс санхүүгийн дэмжлэг авах, гадаад, дотоодын үйлдвэр эрхлэгчидтэй туршлага солилцох зэрэг саналуудыг уламжлав. Эдгээр саналуудыг “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрт тусгаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллана хэмээн аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top