Элэг шилжүүлэн суулгах 60 дахь мэс засал амжилттай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

Элэг шилжүүлэн суулгах мэс засал 04.00 цагт эхэлжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр “Элэг шилжүүлэн суулгах” 60 дахь удаагийн мэс заслын ажил амжилттай үргэлжилж байна. Монголын эмч, сувилагч, асрагч гээд бэлтгэгдсэн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. Багийг Гавьяат эмч О.Сэргэлэн ахалж буй. Өглөөний 04.00 цагт эхэлсэн  мэс заслын ажил өдрийн 14.00 цагт   50-60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байлаа. Мэс заслын ажиллагааны тасгийн орох хаалганы дээр “60 дахь мэс заслын ажил 2018.11.16” хэмээн тодоор онцлон  бичжээ. Багийн ахлагч, Гавьяат эмч О.Сэргэлэнтэй уулзахаар багагүй хугацаанд хүлээв.

Энэ хооронд О.Сэргэлэн эмчээс зөвлөгөө авах гэсэн иргэд ч мэс ажилбар болж буй давхрын үүдэнд эргэлдсээр. 14.20 цагийн үед О.Сэргэлэн эмч гарч ирж,  цөөн хором ярилцах боломж олгосон. Тэрбээр, “Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан бидний хийх л ёстой ажил шүү дээ. Тэгээд ч  “манайхан цагаан хэл ам болно” гээд энэ тухайгаа ярихдаа их дурамжхан байдаг юм” гэж ярианыхаа эхэнд оршил болголоо.  45 настай эмэгтэй “М” элэгний В, Д вирустэй, сав нь усжсан гэсэн оноштойгоор  элэг  шилжүүлэн суулгах мэс засалд орж байв. О.Сэргэлэн эмч өвчтөний ар гэрийнхэн, төрөл төрөгсөдтэй нь уулзаж,  өвчтөн, донорын биеийн байдал болон мэс ажлын явц талаар товч мэдээлэл өгч “Амжилттай үргэлжилж байна” гэдгийг хэлсэн юм.


26 удаагийн мэс заслыг Солонгос мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн

БНСУ-ЫН “Асан” анагаах ухааны сургалтын төвийн эмч, мэргэжилтнүүд Монгол эмч, сувилагч нарт элэг шилжүүлэн суулгах мэс заслын дадлага сургалт, тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэгийг сэтгэл харамгүй үзүүлж иржээ. Эмч, ажилтнуудыг дадлагажуулах, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болгоход “АСА” сургалтын төвийнхөн 200 мянган орчим  америк долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байв. Тус төвийн ажилтнууд 6000 хүнд элэг шилжүүлэн суулгасан туршлага, чадвараараа Азидаа бүү хэл дэлхийд дээгүүрт бичигддэг аж.  60 мэс заслын эхний 26 хагалгааг Солонгос эмч, мэргэжилтнүүдтэй хамт хийсэн. Одоо Монголын эмч, мэргэжилтнүүдийн багийг О.Сэргэлэн эмч удирдан  мэс заслуудыг амжилттай хийж байна. Багийн мэргэжилтнүүдийн зэрэгцээ гал тогоо, дүрс оношлогооныхон гээд нийт 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг ажилладаг аж.  

О.СЭРГЭЛЭН: 61 ДАХЬ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС  ЗАСЛЫГ УДАХГҮЙ ХИЙНЭ  

-Элэг шилжүүлэн суулгах 60 дахь мэс заслын багийн ахлагч, Гавьяат эмч  О.Сэргэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та 60 удаагийн  мэс засалд оролцож байна уу?

-Тийм. Манай баг дотор 60 удаа мэс засалд оролцсон эмч, мэргэжилтнүүд бий. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өндөр хөгжилтэй орнуудад хийдэг. Монголд хийж байна гэдэг бас сайн л зүйлд тооцогдоно.

-Ихэнх мэс заслууд амжилттай болдог гэж сонссон?

-Элэг шилжүүлэн суулгах ажлын бэлтгэл, тоног төхөөрөмжийн бэлдэлт гээд цаг хугацааг хүртэл нарийн төлөвлөж тооцоолдог учраас эрсдэл багатай. 60 хүнд элэг шилжүүлэн суулгахад 93-94 хувийн амжилттай болсон гэж хэлнэ.


-Өвчтөн, донортойгоо байнга эргэх холбоотой байдаг болов уу. Бэлтгэл ажлыг хэр удаан хугацаанд хийдэг вэ?

-Анхнаасаа бэлтгэлээсээ эхлээд байнга эргэх холбоотой явна. Ар гэрийнхэнд нь нэг бүрчлэн хэлж, зөвлөдөг. Донороос өвчтнөөс зөвшөөрөл авна, гэрээ байгуулна гэх зэрэг шат дараатай ажлууд хийгдэнэ. 45-60 хоногийн хугацаанд бэлтгэл  базаагдана. Энэ бүхний эцэст мэс засалд оруулна. Өвчтөнөө тасагтаа шилжүүлээд орхихгүй. Донортой ч холбоотой байж байнга зөвлөж, шаардлагатай эм тариаг нь өгч, эмчилгээг нь хийдэг.

-2018 онд хэдэн мэс засал хийхээр төлөвлөв?

-Нийт 27 хагалгаа хийхээр төлөвлөснөөс одоо дөрвөн мэс заслын ажил дутуу байна.

-Элэг шилжүүлэн суулгахад санхүүгийн асуудал зайлшгүй яригдана?

-Төр засгийн зүгээс энэ чиглэлд маш их анхаарал хандуулдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын 10 орчим хувь буюу тоног төхөөрөмж ашигласны төлбөрийг өвчтөний ар гэрээс авдаг. Энэ нь 10 сая орчим төгрөг болдог.  

-Насны хувьд ямар байдаг вэ. Элэг өвчлөлийг их залуужсан гээд байдаг?

- Хамгийн бага нь нэг нас дөрвөн сартай хүүхэд, хамгийн өндөр настай нь 60 гаруй насны хүн байдаг. Гэхдээ энэ төрлийн  мэс засалд орж буй хүмүүсийн нас залуужсан нь үнэн.

-Донорын тухай хуульд зөвшөөсөн байдаг ч донорын асуудал хүнд хэвээр л байх шиг?

-Тийм. Манай улс Донорын тухай хуульдаа донорын насыг 25-аас доошгүй, садан төрлийн хүн байхаар зааж хуульчилсан. Гэтэл бага насны хүүхдийн ээж, аав нь 25 нас хүрээгүй тохиолдол гардаг. Үүнийг хуульчлаад 22 нас болгодог ч юм уу эргэж хармаар зүйл ч байдаг.  Гэвч бид хуулиа л мөрдөнө.

-Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тухайд?

-Донорын тухай хуульд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн  тухай бүр бүлэг болоод орчихсон. Бидний 60 удаагийн мэс засал хийхэд нэг л тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдол гарах жишээтэй.

-Тархины үхэлтэй донорыг эмч нарын баг хайна, олно гэсэн ойлголт байхгүй байх л даа?

-Бид хуулиар тийм боломж байхгүй. Ёс зүйн хувьд ч байж болохгүй зүйл. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гээд асуудал үүснэ.

-2019 онд  ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

- Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөсөн. Ер нь, бол бэлтгэл ажлыг хийж эхэлнэ гэсэн тооцоо бий. “Асан” анагаах ухааны  сургалтын төвийнхөнтэй ч энэ тухай сургахаар гэрээ хэлцэл эхний шатанд хийгдсэн.

-Тоног төхөөрөмжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-2013 оны үед Засгийн газар тоног төхөөрөмжийн шинэчлэлд 1.4 тэрбум төгрөг өгсөн. Одоо тоног төхөөрөмж хуучирч байна. 2019 оны төсөвт 1.5 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан суулгаж өгсөн.

-Элэг шилжүүлэн суулгах эмч нарын дараагийн үе бэлтгэгдсэн үү?

-Бид нар хоёр дахь үеийнхээ эмч нарыг бэлтгэчихсэн.  

-Мэс засал амжилттай  болоход өвчтөний ар гэрийнхний талархал та бүхэнд  хамгийн том баяр байдаг байх?

-Энэ л  эмнэлгийн ажилтнуудын хамгийн том баяр. Мэс засал амжилттай болоод нэг амьсгаа авна. Ар гэрийнхний баярлалаа гэсэн үгээр эмч, эмнэлгийн ажилтнууд тэжээгдэж, урам авч байдаг. Бид ур чадварын нэмэгдэл, элдэв шагнал урамшууллыг авдаггүй. 2018 оны наймдугаар сараас хойш амралтын өдөргүй манайх багийнхан ажиллаж байгаа. Үндсэн ажлынхаа хажуугаар элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.

-61 дэх мэс засал хэзээ хийх вэ?

-Ирэх долоо хоногийн Баасан гарагт  (2018.11.23)хийхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил  бүрэн хангагдсан.

 

-Д.ПҮРЭВЧУЛУУН:ОХИНД МИНЬ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ БУЙ БАЯРЛААД БАРШГҮЙ

-Элэг шилжүүлэн суулгаж буй өвчтний ээж Т.Пүрэвчулууны сэтгэгдлийг сонслоо.


-Таны охин мэс засалд орж байгаа юм байна?

-Сайн эмч, алтан гартай хүмүүсийн ачаар охин маань элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж байна. Сая багийн ахлагч О.Сэргэлэн эмч гарч ирээд биеийн байдлынх нь талаар сайхан мэдээ дуулгалаа. Баярлаж сууна. Би гурван хүүхэдтэй. Ганц охин маань ингэж хүндээр өвдлөө. 60 дахь мэс засал охинд маань таарлаа. Сарын хугацаанд охины маань эмчилгээг үргэлжлүүлнэ гэсэн.  

-Донорын тухайд?

-25 настай сайхан охин бий. Манай хамаатны хүүхэд байгаа юм. Охинд маань элэгнийхээ талыг өгч дахин амьдрал бэлэглэж байна. Донор болсон охинд урт удаан насыг хүсэн ерөөе. Охинд минь эрхтнээсээ өгсөн учраас миний охины төрсөн дүүгээс ялгаагүй л болж байгаа гэсэн үг.

 

Д.ДАМДИН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.АМАРЖАРГАЛ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(37.168.112.148) 2018 оны 11 сарын 17

Bitgii hudlaa yarij bgach.hezee 10 sayaar eleg solidog bolchoow.

0  |  0
Top