Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17

  Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

АНУ-ын Калифорниа мужид ойн түймэр дэгдэж, даваа гарагт байгалийн томоохон сүйрлийн хэмжээнд хүрсэн. Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп тус мужид онц байдал зарлаж, өнөөдөр Калифорниаг зорин түймэрт нэрвэгдсэн иргэдтэй уулзахаа мэдэгдсэн билээ. Ойн түймрийн улмаас 7600 байшин шатаж, 56 хүн амиа алдан 101 хүн сураггүй болоод байгаа юм. Мужид их хэмжээний гарз хохирол учирчээ.

Президент РФ Владимир Путин во время совместного фотографирования глав делегаций государств-участников саммита Россия-АСЕАН в Сингапуре. 14 ноября 2018

Сингапурт энэ сарын 13-15-нд Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтад АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнууд болох Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппиний төр, засгийн тэргүүнүүд оролцож бүс нутагт тулгамдсан асуудал, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын аюулгүй байдал болон Сирийн нөхцөл байдлыг зөөлрүүлэх асуудлаар ярилцжээ.

Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар маргаантай арлын асуудлаар ярилцсан байна. Путин мөн Хятадтай Торгоны замын талаар хэлэлцжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал ч мөн Сингапурт болсон Орос-АСЕАН-ы чуулга уулзалтын гол сэдвүүдийн нэг байлаа.

Джамал Хашогги

Туркт амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггиг хөнөөх үеийн бичлэг олдсон талаарх мэдээлэл энэ долоо хоногт дуулиан тарьсан үйл явдлуудын нэг байлаа. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр Саудын Арабын сэтгүүлчийн хоолойг нь боомилсон байна. Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг шүүмжлэн бичдэг Жамаль Хашоггиг өнгөрсөн аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт хөнөөжээ. Түүний цогцос олдоогүй байгаа юм. Туркийн Ерөнхийлөгчийн хэлснээр уг хэргийг Саудын Арабын өндөр албан тушаалын хүмүүс захиалсан аж.

Сэтгүүлчийг хөнөөх үеийн аудио бичлэгийг Турк болон Канадын мэргэжилтнүүд хамтран шинжилж байгаа талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трудо мэдэгдсэн. Туркийн талаас мэдээлснээр Жамаль Хашоггигийн толгойг нь уутаар бүтээж, хоолойг нь боож хөнөөсөн нь тогтоогджээ. Аудио бичлэгийг шинжилсэн багийн мөрдөн байцаагчийн ярьснаар аллага долоон минут орчим үргэлжилсэн байна.

Жамаль Хашоггиг Саудын Арабын Консул Салах ал-Тубайгу гэгч хөнөөсөн гэсэн албан бус мэдээлэл байгаа аж. Сэтгүүлчийн цогцос одоог хүртэл олдохгүй байгаа нь Истанбул дахь Саудын Арабын консулын газрын байрнаас хүчлийн ул мөр илэрсэнтэй холбоотой байж магадгүй гэнэ. Цогцсыг хүчилд уусгасан байж магадгүй гэж Туркийн мэргэжилтнүүд үзжээ.

Газын зурваст энэ долоо хоногийн эхээр хурцадмал байдал үүссэн билээ. Мөргөлдөөн даамжирч, Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу пуужингаар галлана гэж сүрдүүлж буй. Израильчууд Газын зурвасыг бөмбөгдөхөө үргэлжлүүлвэл хариуд нь өмнөд хэсгийн томоохон хотууд руу нь дайралт хийхээ ХАМАС бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Убейда мэдэгдсэн.

Хурцадмал байдал эхэлснээс хойш Газын зурвасын нутаг дэвсгэрээс 370 орчим пуужин хөөргөжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Израилийн агаарын цэргийн хүчнийхэн Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн байршил руу цохилт өгсөн байна.

Президент Дональд Трамп и глава Китая Си Цзиньпин в Мар-а-Лаго, Палм-Бич, штат Флорида, 7 апреля...

АНУ Хятадад хүйтэн дайн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс хэлэхдээ “Хятад улс бодлогоо өөрчлөхгүй бол АНУ хүйтэн дайн зарлана. Бээжин батлан хамгаалах болон эдийн засгийн салбарын бодлогоо өөрчлөх хэрэгтэй байна” гэсэн юм. АНУ, Хятадын хооронд худалдааны асуудал болон Трамп Хятадын бараанд татвар ногдуулснаас үүдсэн үл ойлголцол байгаа билээ. Хятадын эрх баригчидтай тохиролцоонд хүрч чадахгүй бол нэмж тус улсын 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа Доналд Трамп мэдэгдсэн.

Хоёр улсын харилцаа хэрхэн эргэх нь удахгүй Аргентинд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас ихээхэн хамаарах аж. Уулзалтын үеэр Доналд Трамп, Си Жиньпин нар нүүр тулах юм. АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн хэлснээр Аргентинд болох тэдний уулзалт нь Хятад улс АНУ-тай хүйтэн дайн хийхээс зайлсхийх боломж аж.

Ким Чен Ын. Фото: KCNA KCNA / Reuters

Хойд Солонгос баасан гарагт буюу өчигдөр өндөр технологийн шинэ зэвсэг туршсан талаар “Ёнап” агентлаг мэдээлсэн. Туршилтад тус улсын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр оролцсон гэсэн мэдээлэл байгаа аж. БНАСАУ саяхан бүтээсэн шинэ зэвсгээ амжилттай туршсан гэдгээс өөр уг зэвсгийн талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй юм.

 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top