Төрийн гурван өндөрлөг ТӨСВИЙГ ЗАДЛАХ саналтай байв, Гэвч...

Эрх баригч хүчний УИХ-ын гишүүд тойргийнхоо мөнгийг төрийн эрх ашгаас дээгүүрт тавьсан үйлдэл өчигдөр /2018.11.16/ болов. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, бүхлээр нь хориг тавиад байгаа. Төсвийн дахин задлаж, хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурийг Ерөнхий сайд мөн дэмжсэн байна. Бас УИХ-ын дарга ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн байр суурьтай байсан болохыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхиороо хоригийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргачихлаа. Үүнийгээ ч баталгаажуулаад өчигдөр /2018.11.16/ ажлын цаг дууссан хойно буюу шөнө оройгоор Төсвийн байнгын хороог хуралдуулан хоригийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаад, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Ийнхүү УИХ-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд баталсан Монгол Улсын 2019 оны төсвийг хэвээр үлдээх шийдвэрийг эрх баригч намын бүлэг гаргав. 2019 оны төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байх нь зөв гэж үзэв. Тэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан тохиолдолд шинээр Төсвийн тухай хууль өргөн барих тохиол бий болж болзошгүй гэж үзээд залхуурсан, эсвэл зарим зардлуудыг танах шаардлагатай болох нь таалагдаагүй байж мэдэх юм.

Учир нь ирэх жилийн төсөвт УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах мөнгө нэрийдлээр 5-8 тэрбум төгрөгийг “Гишүүний мөнгө”-нд хуваарилаад байгаа. Түүгээрээ сонгогчдодоо таалагдах бага сагахан зохицуулалт хийхийг бодсон биз.

Юутай ч 2019 оны төсөв батлагдсанаас хойш 10 хоногийн дараа тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаасаа татгалзах шийдвэр гаргачихлаа. Сүүлийн жилүүдэд УИХ төсөв баталдаг, Ерөнхийлөгч хориг тавидаг моод дэлгэрсэн гэхэд болно. Гэвч хоригийг нь УИХ хүлээж авдаггүй уламжлал өнөөдөр ч үргэлжилж байна.

Уг нь төрийн гурван өндөрлөг төсвийг задлах байр суурьтай байсан нь харагдаж байна. Ерөнхийлөгчөөс гадна МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар төсвийг задалж, дахин харах нь зөв гэж үзсэн гээд байгаа. Гэтэл яагаад УИХ дахь МАН-ын гишүүд олонхиороо эсэргүүцэв гэдэг нь сонин. МАН-ын дотоодод үүсээд байгаа хурцадмал байдлыг энэ хоёр хүн толгойлж байгаа гэхэд болно. Тэгэхээр толгой эрхмүүдийг саналыг гишүүд нь эсэргүүцсэн нь сонин байхаас яахав.


Үүнд нэг л хариулт байгаа нь тойрогтоо тусгуулж чадсан хэдэн тэрбум төгрөг нь. “Гишүүний мөнгө” гэгдэх 5-8 тэрбум төгрөгөө л алдахыг хүсээгүй явдал. Нөгөөтэйгүүр толгойлогчдоосоо гөжүүдэлсэн явдал нь магадгүй намынхаа нэр хүндийг бодсон байж болох юм. Сүүлийн үед үүсээд байгаа асуудалд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай хавсайдаж, харин М.Энхболдыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хавсарч байгаа гэж хардах хандлага гарч буй. Ийм нөхцөлд МАН-ын гишүүд аль алинаас нь залхсан байж болох юм.

Тэгэхээр энэ хориг дарга нарт өгсөн гишүүдийн сануулга болж таарна. Тиймгүй бол МАН-д "хөдөөний" гишүүн олон байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг дагаж хэмнэлтээр гарч ирэх 500 тэрбум төгрөгөөр хөдөө аж ахуйн салбарыг дэмжээд ажиллахад болохгүй зүйлгүй л дээ.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зочин [ 202.9.43.96 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 03:35 минутанд

Энэ зураг дээрх ерөнхийлөгч захаа буулгаж төв явж чадахгүй захаа босгоод товчоо чангалж оёсон арай л атман байнаа.бас жаахан баримжаатай байна шүү .нөгөө 2-соо онцгүй харагдаж байна шүү хойшид анхаармаар юм.Энгийн аятайхан байдагсан .Польто нь багадсан байна

Батмөнх [ 202.21.105.115 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 02:34 минутанд

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж улсын элдийн засагт хохиролтой төс вийг дахин хянах тухай шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ Хулгайч, авилгач, худалч, хүчиндэгч, ажил таслагчидаар дүүрэн, түүнээс гадна гишүүдийн ирц хангалтгүй хэт цөөхүүлээ төсөв баталсан гэдгийг манай ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. УИХ тарах ёстой.

Иргэн [ 66.181.191.168 ]      |     2018 оны 11-р сарын 17 -нд, 02:10 минутанд

Гишүүд 2 даргаасаа залхаж дээ?! Хоёуланг нь огцруулах вий дээ?!?!

Go to top of page