Өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр

Өвлийн эхэн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тохиож байна. Тэгвэл өдгөөгөөс 112 жилийн өмнөх эл өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж мэндэлсэн. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч маань 1906 оны энэ өдөр хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрсөн. Энэ өдрийг монголын зохиолчид төдийгүй уншигч олон ч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс их зохиолчийн төрсөн өдөрт зориулан Багануур дүүргийн Утга зохиолын нэгдлээс яруу найргийн наадмыг зохион байгуулж байна. Тэгэхээр их зохиолчийн намтар түүхээс эргэн сөхөх нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Д.Нацагдорж намтар

Их зохиолч Д.Нацагдорж нь 1937 оны долдугаар сарын 13 хүртэл 31-хэн наслахдаа Монголын их утга зохиолд үнэлж баршгүй их бүтээл өвлүүлж үлдээсэн гайхамшигтай уран бүтээлч. Түүнийг багад эх нь нас барсан тул эцгийн асрамжинд өсч, гэрээр боловсрол эзэмшсэн, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байжээ. Тэрбээр 1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд 18 настайдаа Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож, 1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны даргаар ажиллаж байв.

Хилийн чанадад суралцсан нь

1923 оны долдугаар сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 15-р зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид 1925-1926 онд суралцав. Герман улсын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны есдүгээр сарын 11-ны өдөр намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман улсад явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ. Д.Нацагдорж нь 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотуудад хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.

Ажиллаж асан байгууллага, албан газар

Д.Нацагдорж 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Төмөрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны 1 сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны 3 сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.

Уран бүтээл

"Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг

"Учиртай гурван толгой" дуурь,

"Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг

"Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.

Түүний бүтээлүүд "Учиртай гурван толгой"-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт "Миний нутаг"-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Орчуулга

Д.Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж

А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь"

Эдгар Погийн "Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс уйгагүй анх орчуулжээ.

Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ОХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 103.57.93.175 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 07:57 минутанд

Хэнтий Хангай Саяны ... сайхаан сайхан

монгол [ 103.20.152.50 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 03:44 минутанд

Саруул ухаант энэ хүний амьдралын зам маш зүдэргээнтэй байсан ч, Монголын ард түмэн түүнийг ойлгон ухаарч, түүний зохиол бүтээлийг үнэлж, хүндэлж байгаа нь бахархууштай.

шүтэн бишрэгч [ 202.21.106.119 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 09:42 минутанд

Аугаа Их Нацагдорж Таны Гэгээн Дурсгалд Мэхийн Еслоном...

зочин [ 64.119.25.234 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 08:29 минутанд

Суут хүн суут л байдаг.Ардчилсан нийгэмд манай зохиолчид алаад өгөхөөр Нобелийн шагналтнууд ар араасаа хөвөрнө гэж донгосч байсан ардчилсан зохиолчид паг байна.Гудамжны жагсаал хийхиэнэс өөр чадах юмгүй хийрхүү люмпэнгээс юм гарах уу.

Go to top of page