“Осол гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо

Монгол улсын хүн амын өвчлөлийн шалтгааны тавдугаар, нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл орж байгаа нь түүнээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. “Осол гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж, үе шаттай олон ажил хийгдсэн бөгөөд ГССҮТөвд 2015 онд тандалтын албыг байгуулж, 2016 оноос улсын хэмжээний осол гэмтлийн шинэ өвчлөлийн мэдээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу авч эхэлсэн билээ. Тандалтын үйл ажиллагаанд хүлээн авах, яаралтай тусламжийн болон гэмтлийн  анхны тусламж үзүүлж буй эмч нар осол гэмтлийн тохиолдлыг тодорхойлж, батлагдсан маягтын дагуу бүртгэх үүрэгтэй бол  Мэдээлэл зүйн мэргэжилтэн-статистикч эмч нар бүртгэгдсэн мэдээ мэдээллийг нэгтгэн тандалтын нэгжид  мэдээлэх,  дүн  шинжилгээ хийх үүрэгтэй оролцдог билээ.

ГССҮТөвийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны алба нь энэ хугацаанд “Осол гэмтлийн тандалтын үйл ажиллагааны удирдамж”-ийг боловсруулан хэвлүүлж,  осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүхий л шатны улсын болон хувийн нийт 60-аад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байсан бол энэ удаад Нийслэлийн хэмжээнд осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлгүүдийн  мэдээлэл зүйн мэргэжилтэн-статистикч эмч нарт 2018 оны 11 сарын 14-нд, яаралтай тусламжийн болон гэмтлийн анхны тусламж үзүүлдэг үзлэгийн эмч нарт 11 сарын 15-нд “Осол гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Тандалтын үйл ажиллагаанд хамтран ажилладаг эмч мэргэжилтнүүдийн тандалтын талаарх ойлголт мэдлэг, түүнд хандах идэвх чармайлт нэмэгдсэнээр урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэхэд шаардлагатай дүн шинжилгээ бүхий мэдээлэл, судалгааны чанар сайжрах боломжийг бүрдүүлэх юм.
 
Сургалтаар:

  • Тандалтын талаарх үндсэн ойлголт
  • Осол гэмтлийн тандалтын тогтолцооны үе шат, хийгдэх үйл ажиллагаа, тэдгээрт эмч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо
  • Өвчний олон улсын 10-р, үйлдлийн 9-р ангиллын осол гэмтлийн бүлэг
  • “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” маягтыг бүртгэх, хөтлөх заавар
  • Осол гэмтлийн шинэ тохиолдлын мэдээний цахим сан, түүний бүрдүүлэлтэд анхаарах асуудлууд, гарч буй нийтлэг алдаа
  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүд болон анхан шатны үзлэгийн эмч нарт Эмнэлгийн анхан шатны яаралтай болон амилуулах суурь тусламж, Хордлогын үеийн эмнэлгийн тусламж, Осол гэмтлийн зонхилон тохиолдох хүндрэлээс сэргийлэх талаар ЭМХТөв, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, ГССҮТөвийн эмч мэргэжилтэн, сургагч багш нар сургалт явууллаа.

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page