ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: С.Зоригийн хэрэг УЛСЫН НУУЦАД хамаарахгүй

ZINDAA.MN мэдээллийн сайтын Хууль эрхзүйн мэдээллийн албанаас гэмт хэргийн сэрэмжлүүлэг мэдээллийг долоо хоног бүр тоймлон хүргэж байгаа билээ. Бид Архангай аймгийн Цахир сумын "Өвгөн Гэсэр лам"-ын шарил алдагдсан байж болзошгүй гэх хэргийн мөрөөр цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа ба одоогийн байдлаар гурван цуврал нийтлээд байна. Энэ долоо хоногт нярай хүүхэд гадны нөлөөтэйгөөр нас барсан байж болзошгүй хоёр ч тохиолдол гарснаас гадна нярайг хогийн цэг дээр хаясан, жорлонд унагасан гэх хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгджээ. Мөн олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийг шалгах Ажлын хэсгийг өргөтгөн ажиллуулж эхэлсэн нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа.


 


-ПРОКУРОРООС ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татаж буй хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулж, уртасгасан цагаар ажиллах үүрэг өглөө. Уг ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нараас гадна Цагдаагийн ерөнхий газраас 22 мөрдөгч нэмэлтээр томилж, хяналтын прокуроруудыг ажиллуулж эхэлжээ. Тэд  “60 тэрбум”, “Жаст” Ш.Батхүү, “Монголбанк”-ны Н.Золжаргал, Хөгжлийн банк, Бонд,  ЖДҮХС, Оюутолгойн гэрээ, АСЕМ, Агаарын бохирдлын эсрэг төсөл хөтөлбөр, Оффшор бүсэд мөнгө байршуулсан гэх мэт 20 орчим хэргийг нягтлан шалгаж эхлээд байна.


 


-ЗУУН САЯЫН ҮНЭТЭЙ МАШИНЫГ ЗУРГААН САЯАР ХУДАЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид орон нутагт ажиллаж, улсын өмчийг үнэгүйдүүлсэн гэх хэд хэдэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд усны машины оронд бохирын автомашин нийлүүлсэн гэх хэрэг, мөн Увс аймагт улсын өмчид бүртгэлтэй, 100 гаруй сая төгрөгийн үнэтэй "Ланд-200" автомашиныг хуучирсан хэмээн зургаан сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


 

-С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ УЛСЫН НУУЦАД ХАМААРАХГҮЙ-

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр 20 жилийн хорих ял аваад буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамтаар хэвлэлийн хурал хийж, хүний эрхийн асуудлаар Нэгдсэн үндэсний байгууллагад хандах гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн С.Зоригийн хэргийн захиалагчийн хэргийг хаах гэж байгаа тухай мэдээллийг няцааж, гүйцэтгэгчийн хэргийг дахин шалгах боломжтой гэх мэдээллийг өмгөөлөгч Г.Баянбилэг өгсөн юм. Тэрбээр "Энэ хэрэг улсын нууцад хамаарах хэрэг биш бөгөөд харьяаллыг анхнаасаа буруу тогтоож, хэргийг зохиомлоор үүсгэн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй ял оноосон нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна" гэх мэдэгдлийг энэ долоо хоногт хийлээ.


-ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ УЛМААС НӨХРӨӨ ХОРООЖЭЭ-

Өнгөрч буй долоо хоногт гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө хөнөөсөн хэрэг гарлаа. Уг хэрэг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд гарсан бөгөөд нөхрийгөө согтуурсан байх үед нь дээлийн бүсээр хоолойг нь боож, амь насыг нь хохироосон байдаг. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн эмэгтэй нөхрөө өш хонзонгийн сэдлээр хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа ба хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


-НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИН ШАТАЖ, ЖОЛООЧ НЬ АМИА АЛДАВ-

Машины бүхээгт гал гарсны улмаас жолооч нь шатаж, улмаар шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг энэ долоо хоногт гарлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан машинд гал гарч, жолооч Д-гийн биеийн бүх хэсэг түлэгдэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирээд ухаангүй байсаар нас барсан юм. Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан хэмээн үзэж байгаа аж. Талийгаач нь бага насны гурван хүүхэдтэй байжээ.


-АРХАНГАЙЧУУД ШҮТЭЭНЭЭ АЛДСАН УУ!-

Манай сурвалжлах баг хоёр зуу гаруй жилийн түүхтэй “Өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шарил орон нутгаасаа алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр Архангай аймгийн Цахир сумыг зорьж, уг шүтээнийг нүдээр үзэхээр очсон боловч шүтээнийг оршоосон гэх суварга биднийг хоосон угтсан юм. Харин орон нутгийн удирдлагуудын зүгээс шарилыг сэргээн засварлахаар хийдэд залсан гэх боловч шүтээнийг харуулж болохгүй гэхээс өөр тайлбар хэлээгүй юм.

Биднийг тус суманд очихоос өмнө “Өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шарилд авран хамгаалах малтлага хийсэн гэх ч ажлын хэсэгт багтсан албаны хүмүүсийн мэдээлэл хоорондоо олон талын зөрүүтэй байсан учир энэ хэргийг үргэлжлүүлэн сурвалжлахаар болоод байна.

Энэхүү цувралын гол зорилго нь сүсэгтэн олноо шүтээн нь болж хүндлэгдсэн “Өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шарил алдагдаагүй хаа нэгтээ байгаа бол түүнийг нүдээр үзэх, нотлох баримттай танилцах билээ. Мөн ямар учир шалтгаанаар сүсэгтэн олон, нутгийн ард түмэнд шүтээнийг үзүүлэхгүй байгаа талаар нэхэн сурвалжилж байгаа ба үргэлжлэлийг ирэх долоо хоногт уншигчиддаа хүргэхээр бэлтгэж байна.


-ЭЭЖ, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨГӨӨД ДАРАА НЬ АМИА ХОРЛОЖЭЭ-

Төрсөн ээж болон ахынхаа хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарч, олныг цочирдууллаа. Тодруулбал, Хан-уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа II хороололд оршин суух, 42 настай, эрэгтэй Н гэгч нь өөрийн төрсөн ээж болон ахынхаа 5 настай охиныг хүйтэн мэс хэрэглэн онц хэрцгийгээр хөнөөж, сүүлд нь өөрийгөө хутгалж гэмтээн, амь насаа алдсан аймшигт хэрэг гарчээ. Хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.


-Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЭЛД ГАДНЫ НӨЛӨӨ БАЙХГҮЙ ГЭВ-

Өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 давхраас унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн байдаг. Харин талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарах хуулийн хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусаад байсан юм. Тэгвэл Шүүх шинжилгээний хүрээлэн албан ёсны дүгнэлтээ гаргаж, мөрдөн байцаагчид хүргүүлсэн тухай бид анхлан мэдээлсэн. Уг дүгнэлтэд, талийгаачийг өндрөөс унахад гадны нөлөө ороогүй гэх ба энэ талаар талийгаачийн ар гэрийнхэнд албан ёсоор танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэхээр болжээ.


 

-НЯРАЙН ЦОГЦОСЫГ НОХОЙ ЗУУЖ ИРЖЭЭ-

Өнгөрөгч долоо хоногт гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нярайн хэрэг гурван ч удаа цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд гэхэд, хоёр хоногийн өмнө баруун хөл нь байхгүй, гэдэс орчимд нь эмнэлгийн оёдол тавьсан сар орчимтой нярайн цогцосыг нохой зууж ирэн, амралтын газрын хаяанд орхисон хэрэг гарлаа.

Дээрх хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр нас барсан нярайг эцэг, эх нь шашны зан үйл хийж, ил хаясан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр нярайн гэдэс дотрыг задалж, буцаан оёсон байсан нь сэжигтэй үйлдэл гэж үзэн, цогцосны эд эрхтэнийг бүрэн байгаа эсэхийг нягталж эхэлжээ. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

vvl [ 202.9.40.227 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 07:42 минутанд

tvmnii nvden deer il bga yumiig nuutslaad ch yaax ym bilee de

Bgjh [ 59.153.113.156 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 12:28 минутанд

Жинхэнэ хулгайч хэн бэ ???Саяхан Улсын ерөнхий прокурор ЖДҮ-ийн сангаас зээл олгосон мэргэжилтэн холбогдох албаны хүмүүсийг аль хэдий нь барьж хорьсон гэж мэдээлсэн.Гэтэл АСЕМ-ийн хулгай, Бондын хулгай, Төмөр замын хулгай, Оюутолгойн хулгай, Нүүрсний хулгай зэргээр хэдэн зуун сая доллароор нь хулгай хийсэн хүмүүсийг хэн хэзээ барьж хариуцлага тооцох юм бэ ???Энэ бүх хэргүүд чинь хөөн хэлэлцэх хугацаа нь эхнээсээ дуусаад эхэлчихсэн байна. Монголчуудаа биднийг жижиг зүйлрүү хэт шууруулан өнөөдрийн ийм нийгмийг бий болгосон хулгайч нар

Zochin [ 66.181.180.161 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 10:51 минутанд

Yaagaad yee ni ulsiin nuutsad hamaarah yostoi yum be?

зочин [ 103.229.122.225 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 09:42 минутанд

энэ хэнии буруу вэ монголд мапжсан олгархууд төрд гарсаны гай

Золиос [ 202.9.41.102 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 07:10 минутанд

Хичнээн нялх үрс ѳнѳѳдрийн нийгэм, улс тѳрийн МАНГАСуудын золиос болох вэ!? Дохио бус уу? Нохой хүртэл аргагүйдэн нэг зүйл хэлээд байгааг ягаад дор бүрнээ амиа бодсон үхэр Монгодчууд ойлгодоггүй юм бэ!? Биднийг үхэр сүрэг болохоор улс алаач Мангасууд хүний нийгмийг адгуусны нийгэм болгож байна...

zochin [ 84.227.227.238 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 06:34 минутанд

nohoinoos dor malnuud bolj huvirchee mongolchuud, yana daa

zochin [ 84.227.227.238 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 06:34 минутанд

nohoinoos dor malnuud bolj huvirchee mongolchuud, yana daa

зочин [ 66.181.186.248 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 06:02 минутанд

Төрсөн үрээ тэжээж дийлэхгүй хаядаг тохиолдол бага охидын дунд байгаа нь төр менежмент хийж төрөгсөдөд онцгой анхаарахыг шаардаж байна. Гэмт хэрэг яагаад сар жилээр өсөөд байна бэ. Төр нийгэмийн бодлоготой холбож ухаж шалгах нь зөв

A [ 202.179.27.33 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 05:53 минутанд

TER NOHOI AVCHIRCH UGUHIIG BODHOD IH AIMSHIGTAI ZUIL BOLOOD AVCHIRSAN BAINDAA

MY GOD [ 202.179.27.33 ]      |     2018 оны 11-р сарын 18 -нд, 05:51 минутанд

WTF

Go to top of page