СУРВАЛЖЛАГА: Худалдаа хөгжлийн банкны барилгын ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ иргэдэд мөнгө амлажээ

 ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙНХЭН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХООР ИРЭВ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны шинээр сүндэрлүүлэх 31 давхар барилгын газартай холбоотойгоор тус хэсгийн ойролцоох 14 дүгээр байрны иргэдтэй үйл ойлголцсон байдал өрнөсөөр удаж байна. 2015 оноос өрнөсөн энэ маргаан өнөөдөр ч үргэлжилсээр. Үр дүн тодорхой гараагүй ч нүдээр харахад Худалдаа, хөгжлийн банк барилгын ажлаа үргэлжлүүлж, 14 дүгээр байрны оршин суугчдын төлөөллүүд түүнийг эсэргүүцэн бичиг, баримт цуглуулан, хөл хүрэх газар явж, үг сонсох байгууллага бүрт гомдол, зарга мэдүүлсээр байгаа. Сурвалжлагын явцад ажиглахад төрийн байгууллагуудаас гаргасан тогтоол, шийдвэрээр бол 14-р байрны оршин суугчдын эсэргүүцэл, байр суурь зөв байдаг, гэтэл амьдрал, бодит байдал дээрээ Худалдаа, хөгжлийн банкны барилгын ажил үргэлжилсэн мэт дүр төрхтэй байна.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт (2018.11.17) сурвалжлагаар очих үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны хүмүүс гүйцэтгэгч компанийнхны ажлыг хүчээр зогсоон, тараахаар ирчихсэн байлаа. Оршин суугчид прокурор, цагдаад хандсан учир ажлыг албадан зогсоох үйлдэл өрнөсөн нь энэ аж.  

Хашаанд оршин суугчид, иргэдийг оруулаагүй бөгөөд чимээгүйхэн энэ үйл явдал өрнөсөн бололтой. Шүүхийн шийдвэрийнхэн ирээд явсан боловч нэг их удалгүй компанийнхан газар ухаж, барилгын ажлаа дахиад үргэлжлүүлнэ лээ. Нийслэлийн Газрын албанаас мэдэгдэл хүргүүлсний дагуу гүйцэтгэгч компани хашаалж барьсан газраа бага зэрэг зай гарган, явган хүн гарах замтай болгосон байв. Ердөө, тухайн орчинд гарсан өөрчлөлтийг гадна талаас нь харахад ийм.Барилгын тухайд Худалдаа хөгжлийн банк захиалагч нь бол төслийг хэрэгжүүлэгчээр “Рийверстөүн пропертис” ХХК ажиллаж байгаа аж. Олон нийтэд бол Худалдаа, хөгжлийн банк 31 давхар барилга барьж, хотын өнгө үзэмжид нэмэр болох гээд байхад 14-р байрны зарим иргэн үүнийг ашиглан мөнгө, төгрөг олох, хуучирсан байраа дахин төлөвлөлтөд хамруулж, шинэ сууцанд орох гээд байгаа юм шиг ойлголт төрүүлж байгаа бололтой. Оршин суугчид ийм ойлголт төрж байгаад эмзэглэж байгаа гэдгээ ярьж байлаа.

ХУУЧИН БАРИЛГЫНХАА СУУРИН ДЭЭР БАРИЛГАА БАРИХЫГ ШААРДАЖ БАЙНА

Уг нь бол дээрх хэсэгт өндөр барилга барихын тулд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын журмын дагуу оршин суугчаас санал авсан юм байна. Оршин суугчдын 70 орчим хувь нь санал асуулгад оролцож, Худалдаа, хөгжлийн банк хуучин газраа хууль бусаар тэлж, шинэ барилга барих гэж байгааг 100 хувийн саналаар эсэргүүцжээ. Оршин суугчдын хүсэлт нь “Та бүхэн хуучин барилгынхаа суурин дээр л 31 давхар барилгаа хуулийнхаа хүрээнд, стандартын дагуу барьж болно. Нийтийн эзэмшлийн газарт хүч түрэмгийлж бүү хандаач, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг минь бүү зөрчөөч, тайван амгалан байдал битгий алдагдуулаач” гэсэн саналыг анхнаас нь тавьж ирсэн гэнэ.


Оршин суугчидтай хамт “Эвсэг нөхөд” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэгдээд ч асуудлыг өнөөдрийг хүртэл нааштай шийдэхэд нөлөөлж чадаагүй талаар ярив. 1954 онд  54 айл амьдрах зориулалтаар баригдсан 14-р байранд өдгөө 36 өрх амьдарч, нэгдүгээр давхарт нь 18 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийн дургүйцэж буй өөр нэг зүйл нь ямар нэгэн ойлголцол, зөвшилцөлгүйгээр барилгын ажлыг хүч түрэмгийлж явуулж байгаа байдал нь гэв. 31 давхар барилга нь онцгой өндөршилттэй барилгын тоонд орох учраас “Тусгайлсан зөвшөөрөл”-ийг салбар яамнаас захиалагч болон гүйцэтгэгч байгууллагад өгдөг ажээ. Гэтэл энэ зөвшөөрөл байхгүй гэх. Төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй байдал нөлөөлж, албан бичигт хариу өгөх гэсээр 30-60 хоног “алдаж”, энэ хугацаанд барилгын ажил явж л байдаг гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байсан юм. Тэгээд ч 60 хоногийн дараа ирсэн хариулт нь бөөрөнхийлсөн, үүссэн асуудлын эцсийн хариуцлагыг үүрэх буруутангүй өнгөрөөхөөр нөхцөл байдал үүсгэсэн хэмээж байлаа.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Д.ЦЭДЭНБАЛЖИР: ОЛОН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН Ч ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА!

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Д.Цэрэнбалжираас дээрх газрын маргааны талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Та бүхний гомдолтой байгаа энэ газрын маргаан дөрвөн жил үргэлжилсэн бололтой юм?  

-2015 оноос эхэлсэн. Худалдаа, хөгжлийн банк найман давхар хуучин барилгаа нурааж, 31 давхар барилга барихаар болсон. Тухайн үед шинээр архитектур төлөвлөлтийн зураг батлуулаад явж байсан. Тэр төлөвлөгөөгөөр хуучин  суурин дээрээ барихаар зурагдсан байдаг. Гэтэл 2018 он болоход төлөвлөлтөө өөрчлөөд, холбогдох олон хуулийн заалтыг зөрчиж эхэлсэн.

-Танд газрын хууль бус тэлэлтийг зогсоох тухай  төрийн байгууллагуудаас гаргасан цөөнгүй тогтоол, шийдвэр бий гэж  сонслоо?

-Бий, бий. Би анхнаас нь цуглуулж, баримтжуулж ирсэн. Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын удирдлагууд, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, сүүлдээ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргад хүртэл хандлаа.  Энэ бүхний эцэст  прокуророор дамжаад шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн барилгын ажлыг албадан зогсоохоор ирээд байна.

-Тухайн үед ямар хариулт өгч байв?

-Анх бол асууж сураглахаар "Барилгаа барих болоогүй, буулгаж байгаа. Хуучин суурин дээрээ л барина" гэж хэлдэг байсан. Гэтэл яваандаа бүх зүйл ярьснаас нь өөр болж эхэлсэн. Монгол Улсын хууль дүрмийн дагуу л барилга баригдана гэдгийг уулзсан төрийн байгууллагынхан бүгд л тайлбарлаж байгаа.

-Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлт байна уу?


-Байгаа. Мэргэжлийн  хяналтын ерөнхий  газраас ажлын хэсэг гарч шалгаад, арав орчим хуулийн заалт зөрчсөн гэсэн дүгнэлт (2018.08.07) гаргасан байдаг. Дараа нь 14 дүгээр байрны оршин суугчид, энд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал, гомдлын мөрөөр Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Худалдаа, хөгжлийн банкинд албан бичиг хүргүүлсэн. Үүгээрээ зураг төлөвлөлтийг өөрчилж, хуульд нийцүүлж, зөрчил арилгуулахыг үүрэг болгосон. Гэхдээ хэрэгжүүлдэггүй, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад байдаг юм. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөрчлийг арилгуулах тухай албан бичиг ч (2018.07.27) хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллагаас ажлаа түр зогсоо гэсэн олон бичиг очсон байдаг ч ажил үргэлжлээд л байдаг юм.

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14-р байрны оршин суугчдын хувьд байраа дахин төлөвлөлтөд оруулах, эсвэл шинэ байранд зөвшилцлийн үүднээс шилжиж орох гээд сонголт бол албан бус саналын хэмжээнд боловч гарсан юм билээ. Гэтэл Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд биш гүйцэтгэгч компанийн төлөөллүүд гэрээ, хэлцлийг оршин суугчидтай банкны өмнөөс хийх гээд байдаг гэнэ. Дахин төлөвлөлтөд орсон гэгдэх хоёр барилгыг  иргэдийн төлөөлөл очиж үзжээ. Баянзүрх дүүргийн "Монгол кино" үйлдвэр орчимд нэг барилга үзээд иргэд шууд голсон аж. Дараа нь мөн Сүхбаатар дүүргийн нутагт “Буян” компанийн орчим дутуу баригдсан нэг барилга  үзүүлсэн байна. Энэ талаар буюу дахин төлөвлөлтийн тухай зарим иргэний саналыг сонслоо.


Ш.МӨНХ-ОЧИР: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОХ НЬ ЗӨВ ГАРЦ

(Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байрны оршин суугч)

-Бүх талдаа ойлголцож, зөвшилцөөд 14-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах асуудлыг хэлэлцээд, хотоос дэмжвэл оршин суугчдын тодорхой хэсгийн эрх ашигт нийцнэ гэж бодож байна. “Буян” компанийн урд баригдаж буй 17 давхар барилгыг үзсэн. Санхүүжилтгүйгээс ажил нь хоёр жил гаруй хугацаанд зогссон юм билээ.  Барилгаа гүйцээгээд энэ байрны оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд нүүлгэх бололтой юм хэлсэн. Гэвч иргэдийн 80 хувь зөвшөөрөх магадлал бага. Уг нь, дахин төлөвлөлтөд оруулах нь зөв гарц болох байх.

Л.БОЛД: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДЭМЖИХГҮЙ  

(Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байрны оршин суугч) 

-Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд 5-6 жилийн хугацаа шаардагдана. Энэ байранд өндөр настай хүмүүс амьдардаг. Тэд хүлээж чадах уу. Хэрэгжүүллээ гэхэд эцэст нь иргэд хохироод8 компани нь хожоод дуусдаг. Тийм учраас хувьдаа бол дахин төлөвлөлтийг дэмжихгүй байгаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ОРШИН СУУГЧДАД МӨНГӨ АМЛАЖ, ТЭМЦЛЭЭ ЗОГСООХЫГ ШААРДЖЭЭ

Худалдаа, хөгжлийн банкны удирдлагууд оршин суугчидтай уулздаггүй тухай иргэд гомдолтой байдаг талаар дээр өгүүлсэн. Төслийг хэрэгжүүлэгч  “Рийверстөүн Пропертис” ХХК-ийн төлөөллүүд харин иргэдтэй нэг бус удаа ярилцсан бололтой. Энэ тухай оршин суугчид ярьсан. Тус компанийн төлөөлөл болох Ерөнхий инженер О.Өрнөхбаяр 14-р байранд оршин суудаг айлуудын төлөөлөлтэй уулзаж,  нөхөн төлбөр олгох гэрээ байгуулах, 3.000.000 төгрөг өгөх тухай яриа болжээ. Нөхөн төлбөр олгох тухай гэрээний заалтад барилгын ажлыг дуустал оршин суугчид ямар үйлдэл хийж болохгүйг хүртэл заасан байдаг аж.


Гэрээний заалтаас сонирхвол,

2.4.1-т: Барилгын ажил, түүнтэй холбоотой бусад туслан гүйцэтгэгчдийн ажлыг зогсоох, саад, хохирол учруулах зорилгоор оршин суудаг байрны бусад оршин суугч, эргэн тойрны байрны иргэдийг жагсаал, цуглаан, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг уриалах, өдөөн, турхирах, зохион байгуулах, эрх бүхий байгууллагад, өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргах

2.4.2-т Барилгын талбай дээр ажиллаж буй төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчдийн ажилтан, албан хаагчдыг хэл амаар доромжлох, биед нь халдах, биеийн хүчээр саад учруулах, сүрдүүлэх, өөрт болон бусдад давуу байдал бий болгохыг шаардах, шан харамж, нөхөн төлбөр, эд материал нэхэх,

2.4.3-т Барилгын ажлын талбай дээр хэвлэл мэдээллийн байгууллага дуудах, мэдээлэл яриа өгөх, Хэвлэлийн бага хурал зохион байгуулах байдлаар төслийг эсэргүүцэх, саад учруулах зэргийг хориглоно гэж заасан байна.


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байрны оршин суугчдаас хэд нь гэрээ байгуулж, мөнгө авсныг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч Худалдаа хөгжлийн банкны 31 давхар барилга барих төсөл үл ойлголцол, маргааны дунд урагшилсаар л байгаа бололтойг өнгөрсөн долоо хоногийн байдлаар сурвалжлахад ийм байна.

Д.ДАМДИНДОРЖ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Зочин [ 202.179.26.127 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 23:38 минутанд

Эх орон, төрсөн газраа худалдахыг санал болгож байгаатай агаар нэгэн буй...

Зочин [ 202.179.26.127 ]      |     2018 оны 11-р сарын 19 -нд, 23:34 минутанд

Эх орон, төрсөн газраа худалдахыг санал болгож буйтай агаах нэгэн буй...

Go to top of page