ЖДҮ-ийн дуулиантай давхацсан 60 ТЭРБУМ тойрсон хэлэлцүүлэг

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

“60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” сэдэвт “бараг” нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордон дахь "Иргэний танхим"-д өнөөдөр /2018.11.20/ болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг “бараг нээлттэй” хэмээн тодотгосны учир нь нээлттэй гэж зарласан хэлэлцүүлэг эхлэх үеэр Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд сэтгүүлчдийг оруулсангүй. Тэдэнд урьдчилан өгсөн нэрсийн дарааллаар хүмүүсийг нэвтрүүлэх үүрэг өгчээ. Үүнийг сонссон зарим сэтгүүлчид өөр мэдээлэл олохоор тарцгаасан /Миний бие ч үүнд багтав/.

Харин цаг орчмын дараа эргээд ирэхэд хэлэлцүүлгийг сурвалжлах боломжтой хэмээн хаалгыг нээсэн байлаа. Магадгүй зохион байгуулагчид болох Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс шаардсан байх. Иргэний танхим руу ортол тус зөвлөлийн дарга Г.Баасан сэтгүүлчдийг хүлээснээс болж хэлэлцүүлэг хоцорч эхэллээ хэмээн нэлээд бухимдангуй угтав.

Иргэний танхимд орох үед гол илтгэлүүд хэлэлцүүлэгдээд дуусчихсан, хуралд уригдсан иргэд байр сууриа илэрхийлж, санал хүсэлтээ хэлж байсан юм. Энэ хэлэлцүүлгээр “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл” сэдвээр Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Оросоо, “Төрийн дархлааг сулруулахын үр дагавар” сэдвээр Олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал нар илтгэл тавьсан байв.

Ингээд  “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” сэдэвт хэлэлцүүлгийн талаар зохион байгуулагчдын нэг болох Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодруулахад “УИХ бол хураангуйлсан ард түмэн байдаг. Гэтэл УИХ өөрсдөө ард иргэдийн хүслийг зөрчиж,, өөрсдөө төрийн эрхийг хууль бусаар аван, Үндсэн хуулийн 3.2-ыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 19.2-д заасан гэмт хэрэг үйлдчихээд байна. Харин манай прокурор хуулийг зөв хэрэглэх байтал 22.4-өөр яваад байгаа. Шүүхийн шинжилгээний газраас 2016.06.22-нд эвлүүлэг биш гэж байсан ч сүүлдээ эвлүүлэг болоод хувирсан. Энэ бол С.Зоригийн үхэл шиг, АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн үхэл шиг мартагдаж болохгүй сэдэв. Хэрэв төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг байдлыг зөвшөөрөх юм бол дараа дараагийн Монгол төрийг 200 тэрбум, 300 тэрбум төгрөгөөр худалдаж авдаг болбол яах вэ. Бид төргүй болно” гэсэн юм.

Мөн улс төр судлаач С.Зоригтбаатар “60 тэрбум төгрөгийн асуудлыг би 2016 оноос хойш ярьж байна. Өнөөдөр Монголын ард түмэн тэднийг 60 тэрбум төгрөгөөр төрийн алба наймаалцсаныг бүгд мэддэг болсон. Гэхдээ энэ хүмүүс өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Тэд хэргээ ямар нэгэн нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар хаацайлж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Зөвхөн өнөөдөр үүсээд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл авсан гишүүд, албан тушаалтнууд гээд 80 хүнд өгчих мөнгийг өөртөө авч, энэ зээлийг авахыг хүссэн 802 аж ахуйн нэгжийг хохироосон. УИХ үүнийг чадна. Харин чадах зүйлээ хийхийг хүсэхгүй байна” хэмээн шүүмжилж байлаа.

Хэлэлцүүлэгт Дорноговь, Төв, Архангай, Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчид оролцож байв. Иргэдийн зүгээс УИХ-ыг тарахыг шаардсан утга, агуулга бүхий байр суурийг илэрхийлж байлаа. Тэдний зүгээс УИХ-ын дарга төрийг худалдах ажиллагаа буюу 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон учир түүнд хариуцлага тооцохыг шаардахын зэрэгцээ даргадаа хариуцлага тооцох чадамжгүй УИХ-ыг тарахыг шаардаж байсан юм. Мөн ЖДҮ-ийн мэдээлэлд ихээхэн бухимдалтай байгаа учир энэ зээлд нэр холбогдсон олон гишүүн УИХ-аас чөлөөлөгдөх ёстой, УИХ тарах ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс бичил судалгаа авахад нийт ард түмний 76 хувь нь УИХ-д итгэхээ больсон гэсэн хариулт өгчээ. Мөн “УИХ-ын гишүүдийг уучилж болох уу” гэсэн асуултад 62 хувь нь УИХ-ын гишүүд засрахгүй, тэдэнтэй хатуу хариуцлага тооцох ёстой гэж хариулжээ. Энэ тухай хэлэлцүүлэг зохион байгуулагчид ярив.

Зохион байгуулагчдын зүгээс “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаврын тухай” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлсэн иргэдийн санал хүсэлтүүдийг тусган зөвлөмж гаргах аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэс дээдэс нь(103.57.93.215) 2018 оны 11 сарын 24

Нүдээ аньж чихээ бөглөсөн бөлгөө

0  |  0
зочин(49.0.135.2) 2018 оны 11 сарын 23

60 тэрбум гэж хангалттай ярьлаа хулгай луйвар гээд төрд байж болохгүй юм болгоныг олон түмэн хэвийн юм шиг хүлээж авдаг болчихож 60 тэрбумыг ярьсан хүн өдийд шоронд байх ёстой байтал зүгээр байгаад л байдаг байлгаад байгаа их хурал өөрөө хулгайчдаар дүүрэн байгаагаа харууллаа шүү дээ одоо байгаа байдал нь дэлхийн шившиг болж гүйцлээ улс төрч гэх ховшнууд яаж ичихгүй гадаад явдаг байнаа

0  |  0
Top