ХАНШ: Ам.доллар есдүгээр сараас хойш 70 гаруй төгрөгөөр ӨСЛӨӨ

 

Ам.долларын ханш төгрөгийн эсрэг есдүгээр сарын дундуур чангарч ханш тойрсон сэдэв халууны хэмээ нэмсэн. Есдүгээр сарын 18-ны өдөр Төв банкны албан ханш 2500.82 төгрөг байсан бол аравдугаар сарын 9-ний өдөр 1 ам.долларыг авах ханш 2564 төгрөг, зарах ханш 2567 төгрөг байлаа.  Уг нь аравдугаар сарын эхний арав хоног гэхэд ам.долларын ханш эргэн суларч, тав хоногийн дотор 9 төгрөгөөр буугаад буй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр /2018.11.20/ Төв банкны албан ханшийг харахад 1 ам.доллар 2.577.23 төгрөгтэй тэнцүү байна.

Ам.доллар эргээд чангарчээ. Арилжааны банкуудын ханшийг харахад Хаан банк 2578 төгрөгөөр авч, 2584 төгрөгөөр зарж байгаа бол, ХХБ ам.долларыг бэлэн бусаар бол 2577 төгрөгөөр авч, 2584 төгрөгөөр зарж байна. Харин бэлнээр авах ханш 2577, зарах ханш   2588 төгрөг байна. Тэгэхээр ам.долларын ханшийн сүүлийн өдрүүдийн өсөлтийн хүрээд буй хэмжээ өнгөрсөн есдүгээр сарын өсөлттэй харьцуулахад 70 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.


Есдүгээр сарын ханшийн өсөлтөд ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ  долдугаар сарын байдлаар 198.5 сая ам.долларын алдагдалтай гараад буй нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байв.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг харахад гуравдугаар улирлын байдлаар Төлбөрийн тэнцэл оны эхнээс өссөн дүнгээр 475.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Есдүгээр сарын тухайд 77.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Ер нь ханшийн өсөлт эдийн засгийн бүтцийн төрөлжилт нэхэж буйг бид өмнө нь тодотгож байсан. Монголбанкны тухайд валютын нөөцөө өсгөх чиглэлийг барьж, алтны худалдан авалтыг эрчимжүүлэн ажиллаж буйгаа мэдэгддэг. Аравдугаар сард 3.4 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2.5 тонн алт худалдан авч байснаас 34 хувийн өсөлттэй үзүүлэлт. Монголбанк  оны эхний арван сарын хугацаанд сард 17.7 тонн алт худалдан аваад буй. Энэ нь өмнөх оны мөн үед 17.2 тонн алт авч байснаас 3 хувийн өсөлттэй дүн гэдгийг  мэдээлсэн.

Мөн манай улс ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буйн хүрээнд энэ сарын 3-ны өдөр Монголбанкны дансанд 36.22 сая ам.доллар шилжин орсон байх ёстой.

Ханштай холбогдож таарах мэдээллүүдээс хүргэхэд ийм байна.

Эдийн засагч Б.Мэдрээ ханшийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Манай улс бүх л бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Дотооддоо өөрсдөө хийж чаддаг ч юм бага. Гадагшаагаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь ч бага. Тиймээс манай улс  ам.долларын хараат колони болсон улс ч гэж болно. Нэг ам.долларын эсрэг төгрөг хэд байх вэ гэдгийг төр засаг, төв банк анхааралдаа авч, хяналт тавьж, зохицуулалт хийж чаддаг байх ёстой. Импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнээ дотооддоо хийдэг болох хэрэгтэй. Хүнд аж үйлдвэр, бусад аж үйлдвэрийн салбараа 29 жилд хөгжүүлж чадсангүй. Аль ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын үед үүнийг цэгцтэй бодлого болгоод, амьдралд буулгаагүй. Үндсэндээ  6 хүнд аж үйлдвэрийг барьчих юм бол Монгол Улс ам.долларын тэнцвэрийг барина, хянаж чадна. Валютын нөөцөө хангалттай барьж чадна. Цахилгаан станцаа барьж, эрчим хүчний хараат байдлаасаа салах хэрэгтэй. Эрчим хүч авч байгаа мөнгөө дотооддоо шингээх хэрэгтэй. Бензин түлшээ өөрсдөө хийх хэрэгтэй. Тэгвэл арай гэж цуглуулсан валютын нөөцийн 30-40 хувийг тухайн жилийн түүхий эдийн олборлолтоосоо болоод бензин масло тос худалдаж авахад зарцуулж байна” гэсэн бол МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун дараах тайлбарыг өгч буй.

Тэрбээр "Манайх хүлээлтийн инфляци гэдэг зүйлд ордог орон. Эрэлт бодитой  өсөөд нийлүүлэлт  бага байхад биш. Эрэлт өсөх нь ээ гэдэг хүлээлтийн  утгаар манайд валютын ханшийн эрэлт өсөөд ханшиндаа нөлөөлчихдөг. Ийм үзэгдэл  түгээмэл гардаг. Энэ өсөлтийг хүлээлтийн инфляци талдаа гэж ойлгож байгаа. Ер нь Монголчуудын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалдаг нэг арга нь  төгрөгөө ам.доллар руу шилжүүлээд,  ам.долларын  зохиомол эрэлтийг бий болгоод, ханш нь өсчихдөг. Ам.долларын ханш ийм савлагаатай байдгийг мэдэх юм чинь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээнүүдийг авч байх хэрэгтэй. Монголбанк ханшийг яах бол гээд хараад суухаасаа илүү хамгаалах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Жишээлбэл, олон улсын худалдааны харилцаан дээр эрсдэл бууруулдаг Арбитрын хэлцлүүдийг аж ахуйн нэгжүүд ашигладаг баймаар байна. Арилжааны банкууд ам.долларын эрсдэлээс хамгаалсан хэлцлүүд сайн хийж байгаач ээ. Тэрийг нь манай аж ахуй нэгжүүд авч байгаач ээ гэсэн зөвлөмж өгмөөр санагдаж байна” гэж байсан.

Ханшийн өсөлт биднээс эдийн засгийн бүтцээ өргөжүүлэхийг шаардаж буйг дахин тодотгоё. Валютын гарах бус орох урсгалаа нэмэгдүүлэх, экспортын төрөл хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд төр засгийн тогтсон, тодорхой бодлогууд хэрэгтэй байгаа юм.

Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд улс төрийн нөхцөл байдлаас шууд хамаарч байдаг. Саарал ордонд өрнөж буй үйл явдлууд хэдийнэ хилийн чинадад хүрч, хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Өчигдөр /2018.11.19/ Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн барьсны дараагаар манай улсын Засгийн газрын болоод дотоодын бондуудад уналт ажиглагдаж, ханш эргэн тогтсон дүр зурагтай байна. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал БОНД-уудын ханшид нөлөөлөх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page