Г.Наранбат: “Цэцээ гүн” дээд сургууль оюутан залууст олон БОЛОМЖ санал болгодог

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 Монгол Улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж буй "Цэцээ гүн" менежментийн дээд сургуулийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. "Цэцээ гүн" дээд сургууль нь Япон улсын боловсролын аргачлалыг Монголдоо нэвтрүүлэхээс гадна чадварлаг оюутан бэлтгэх үүднээс 2+2 хөтөлбөр, сертификаттай сургалт, хос дипломтой дөрвөн жилийн сургалт гэх мэт олон боломжийг элсэгчдэдээ санал болгодог. Энэ талаар тус сургуулийн захирал Г.Наранбаттай ярилцлаа.


 

 

-"Цэцээ гүн" дээд сургуулийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс өнгөрсөн 20 жилийн турш хийж бүтээсэн ажлын үр дүнг эхлэн ярилцъя?

-Манай сургуулийн анх байгуулагдсан үндсэн зорилго төрийн албан хаагчдыг мэргэжил боловсролоор хангах байлаа. Өнөөдөр ч гэсэн бид төрийн захиргааны удирдлагын чиглэлээр тасралтгүй 20 жил боловсон хүчнээ бэлтгэж байна. Цаашдаа бид менежментийн чиглэлээр дагнасан сургалтыг явуулах бодолтой байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай сургууль хоёр удаа боловсролын магадлан итгэмжлэлээр орж Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор явуулах эрхийг 2024 он хүртэл авсан. Мөн өөрсдийн албан ёсны хөтөлбөрүүд болох нийтийн удирдлага, бизнесийн удирдлагын магадлан итгэмжлэлийг авсан. Монгол улсад дээд боловсролын үйл ажиллагаа явуулахын тулд эдгээр магадлан итгэмжлэлийг заавал авах шаардлагатай. Өнөөдөр нийтдээ Монгол улсад 90 орчим дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Бидний авсан магадлан итгэмжлэлд хамрагдаагүй сургуулиуд ч бий. Цаашдаа дээд боловсролын салбарын сургуулийг төрөөс хумих бодлого баримталж байгаа учир бид тэр давлагаанд өртөхгүйн тулд байгууллагын хувьд хөгжлөө томсгож, өргөн үйл ажиллагаагаа тэлье гэсэн бодлого баримтлан дараагийн 20 жилийнхээ төлөвлөгөөг боловсруулж байна.

-20 жилийн турш бэлтгэн гаргасан боловсон хүчнүүд тань өнөөдрийн “Цэцээ гүн” дээд сургуулийн нүүр царай болж яваа байх?

-20 жилийн хугацаанд нийтдээ 1350 орчим төгсөгч сургуулийг төгссөн. Хамгийн анхны төгсөгчид эд хийж бүтээх 44,45 насан дээрээ ирж байна. Манай төгсөгчдөөс төрийн захиргааны мэргэжлээр төгссөн олон хүмүүс орон нутгийн өөрөө удирдах байгууллага аймгийн засаг дарга гэх мэт улс төрийн албыг амжилттай сайн хашиж байна. Мөн бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр төгссөн төгсөгчид Эм Си Эс ХХК, Таван богд ХХК зэрэг томоохон бизнесийн байгууллагуудад амжилттай ажиллаж яваа гэсэн мэдээллүүд бидэнд байдаг. Орчин үе нээлттэй, чөлөөтэй, хурдтай хөгжиж байна дээд боловсролын ирээдүйн шалгуур зөвхөн дөрвөн жил сурсан зүйлээрээ нэг насаараа хоолоо олж идэх  биш болжээ. Сурч боловсорсон зүйлсээ тогтмол шинэчилж өшөө олон зүйлийг мэдэж байх шаардлага нийгэмд үүсээд байна. Энэ нөхцөл байдалд уялдуулан оюутан суралцаж байх хугацаандаа үр дүнтэй байх үүднээс шинэлэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал дөрвөн жил суралцаж байх хугацаандаа оюутнууд  хөдөлмөрийн зах зээлд тавьдаг наад захын хэрэгцээтэй ур чадварыг эзэмшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамрагдан сертификат авах боломжтой. Манай сургуулийн дэргэдэх “Цэц” академиар дамжуулан авах юм. Мөн Монголын тэргүүлэх зэрэглэлийн “MSDI-pro HRC” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Зөвхөн онолын мэдлэг гэхээс илүүтэйгээр дадлагын бааз суурийг хүний нөөцөөр дамжуулан оюутнуудаа цагийн ажилд хамруулах, чадамжийн сургалтын сертификатыг олгоно. Түүгээр ч зогсохгүй төгсөхдөө тухайн компаниар хөндлөнгийн үнэлгээ хийлгэх боломжтой. Манай бакалаврын ангид сурсан оюутан боловсролын бакалаврын зэргээс гадна чадамжийн найман гэрчилгээ мөн Монголын тэргүүлэх зэргийн хүний нөөцийн компанийн тодорхойлолт үнэлэмжтэй төгсөх боломж бүрдсэн билээ.

-“Цэцээ гүн” дээд сургууль нь бакалаврын ангиас гадна эчнээ болон магистрийн ангитай гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Энэ талаар тодруулан мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Энэ талаар тодорхой ойлголт байдаггүй гэж бодож байна. Эчнээ хөтөлбөр нь ямарваа нэгэн чиглэлээр дөрвөн жилийн бакалаврын зэрэгтэй, 125 кредит суралцсан хүмүүст зориулсан хоёрдогч мэргэжил олгох богино хугацааны хөтөлбөр билээ. Тухайн хөтөлбөр нь 1.5-2.5 жилийн хугацаанд 40-60 кредит цуглуулж, 190 кредит эзэмшин хоёр дахь мэргэжлээ авдаг . Магистрийн анги мөн адил 125 кредит дээрээ 40-60 кредитийг цуглуулахаас гадна диплом хамгаалж төгсдөг. Манай сургуулийн хувьд эчнээ анги төрийн захиргааны удирдлага буюу нийтийн удирдлага бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, гэсэн гурван чиглэлээр элсэлт авдаг. Магистрийн ангиуд мөн адил бизнесийн удирдлага, Нийтийн удирдлага, Боловсролын удирдлага гэсэн гурван чиглэлээр элсэлтээ авч байна. Бид 2010 онд дээд боловсролынхоо шатлалыг ахиулсан, тодорхой хэлбэл дээд сургууль гэсэн статустай болсон. Дээд сургуулийн нэг давуу тал нь магистр болон эчнээ сургалт явуулах боломжтой болдог.

- 20 жилийн ойн хүрээндээ ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?  

-Яг одоо бид 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэйгээр дараагийн 20 жилд уялдах ажлуудыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлэн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд түрүүн дурдсан дотоодын олон компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Япон улсын дөрвөн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн сард  Кюүшүгийн мэдээлэл зүйн их сургуулийн менежментийн тэнхимтэй 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг зурсан байна. 2+2 хөтөлбөрийн гол онцлог нь хоёр жил Монголд сураад, хоёр жил тухайн сургуульд сурах явдал юм. Нэг зүйлийг онцлон хэлэхэд 6 сая 500 мянган төгрөгөөр Япон улсад суралцаж хоёр дээд сургуулийн бакалаврын боловсролын зэргийг авах давуу талтай. Мөн 20 жилийн хугацаанд сургалт судалгаа шинжилгээний дадлага бааз суурийг бүрдүүлсэн байна. Үүнийгээ бид улам төгөлдөржүүлж, улам олон хүнд боломж олгох зорилготойгоор ажилласаар байна. Үүний нэг нь Европын холбооны “Erasmus+”  төслийн “Arrow” хөтөлбөрт хамрагдаад байгаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад судалгааны арга зүй болон инновацийг хөгжүүлэх гурван жилийн хугацаатай төсөл. Энэ төсөлд Монгол улсаас нэр бүхий 11 их, дээд сургууль хамрагдсанаас манай сургууль мөн адил багтаж чадсан. Тус төсөлд хамрагдсанаар судалгааны арга зүй, судалгаа яаж хийх болон судалгаа шинжилгээний агуулга ямар байх талаар заах бөгөөд эргээд түүнийгээ Монгол Улсын боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх үүрэгт хөтөлбөр билээ.


-2+2 хөтөлбөрийн талаар манай уншигчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай сургууль үндсэн дөрвөн мэргэжлээр хоёр дахь жилдээ хос дипломтой дээд боловсролын зэрэг олгож байна. Төрийн удирдлага, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага маркетингийн удирдлага гэсэн дөрвөн мэргэжлээр хос дипломтой төгсөгч бэлтгэж байна. Мөн багш, орчуулагч, компьютерийн мэргэжилтэн зэрэг мэргэжлүүд байгаа. Кюүшүгийн мэдээлэл зүйн менежментийн дээд сургуулийн менежментийн тэнхимтэй Санхүүгийн удирдлага, Бизнесийн удирдлага, Маркетингийн удирдлага гэсэн гурван мэргэжлээр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан.  Гэрээг байгуулахдаа Япон дахь дундаж боловсролын сургуулийн нэг жилийн төлбөрийг хөнгөлөх нөхцөлтэй хийсэн. Тодруулбал, манай сургуулийн оюутан Монгол дахь дээд сургуулийн төлбөрөөр Японд суралцана гэсэн үг юм.  Мэдээж Японд дээд боловсрол эзэмшсэн хүн тухайн улс болон олон улсад ажиллаж амьдрах үүд хаалга нь нээлттэй болно. Их, дээд сургуулийн ерөнхий боловсролын сургуулиас ялгарах нэг хүчин зүйл нь мэдлэгийг өөрөөр нь бий болгох явдал юм. Ерөнхий боловсролын сургууль мэдлэгийг зааж сургах учиртай. Тийм учраас дээд сургууль ялангуяа “Цэцээ гүн” дээд сургууль оюутан залуустаа боломжийг л олгодог.  Гоц гойд зүйлийг амлахгүй  ч ерөөсөө л чи ийм зүйл хийвэл ямар боломж нээлттэй гэдгийг ойлгуулдаг. Бусад их дээд сургууль ч мөн адил ийм бодлогоор үйл ажиллагаагаа явуулдаг байх.

-“Цэцээ гүн” дээд сургууль нь дэргэдээ ахлах сургуультай гэж сонссон. Магадгүй үүгээрээ бусад дээд сургуулиас ялгарч байгаа санагдлаа?

-Бид Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, Дээд сургууль гэсэн цогц хэлбэрээр Монгол Улсын боловсролын салбарын хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах үүднээс дэргэдээ “Уудам Монгол” ахлах сургуулийг байгуулсан. “Уудам монгол” ахлах сургуулийн онцлог нь Монгол ард түмний зан заншил, эртний уламжлал дээр суурилан Японы ахлах сургуулийн сургалтын агуулга хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Бид  дээд сургуультайгаа мөн адил Японы хоёр ахлах сургуультай гэрээ хийж ажиллаж байна. Хоёр ахлах сургуулийн хамтын ажиллагааны зорилгод сурагч солилцоо, дадлагын аялал хийх ажлууд байгаа. Түүнчлэн хоёр сургуулийн Ерөнхий боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжтой. 10, 11-р ангиа “Уудам Монгол” сургуульд сураад 12 ангиа Японы ахлах сургуульд 60 хувийн хөнгөлттэй суралцах боломжтой. Мөн “Мэдюкү Кижүкү” ахлах сургууль нь Япондоо спорт болон гадаад харилцаагаар алдартай бөгөөд 120 орчим сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Тус сургууль нь өөрийнхөө спортын клубд 100 хувийн тэтгэлэгтээ сургах хүсэлтэй байгаагаа бидэнд мэдэгдсэн. Энэ хүрээнд сагсны онцгой авьяастай тодорхой шаардлага хангасан хүүхдүүдийг гурван жилийн хугацаатай сургах болсон. Шаардлага хангасан таван хүүхдийн материалыг явуулснаас нэг хүүхэд шалгарч дараа жилийн дөрөвдүгээр сард явах гэж байна. Мөн сумогийн клубд Монгол хүүхэд авах хүсэлт тавьсан байгаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Ахлах сургуулийг минь мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо хамтран дэмжин ажиллахаар болсон мэдээг дуулгахад таатай байна. Монголын нэрийг өндөрт өргөж яваа Хакухо аваргатай хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлье.

-“Цэцээ гүн” дээд сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан нийт уншигчид болон багш ажилчид, оюутан төгсөгч нартаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Бид энэ жил 20 дахь жилийнхээ ойг угтаж байна. 20 жилийн түүхийг босголцсон ахмад багш ажилчид, хүндэт доктор профессорууд, үе үеийн гүйцэтгэх удирдлага, захирлууд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх зэрэг их олон хүний дэмжлэгтэйгээр энэ 20 жилийг өнгөрөөлөө. Дараагийн 20 жилд ч хүмүүсийн тус дэм, мэдлэг, оюун ухаан, маш том хөрөнгө оруулалт байх болно гэдэгт итгэж байна. Үе үеийн удирдлагууд үүсгэн байгуулагчид сургуулийн тулгын чулууг түшиж, галыг нь асаасан ахмад багш, төгсөгчиддөө 20 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.  Та бүхний цаашдын ажил амьдралд амжилт хүсье! сургуультайгаа ойрхон ажиллаж амьдарч явдаг та бүхэндээ баярлалаа.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top