1.4 тэрбум төгрөгийн урамшуулал авсан гэх мэдээлэлд ТАЙЛБАР хийлээ

2018 оны 11 сарын 22

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ дараах мэдэгдлийг гаргасан байна.

Сүүлийн өдрүүдэд Хороо, түүний удирдлагыг 1.4 тэрбум төгрөгийн урамшуулал авсан тухай олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг зарим хүмүүс нийгмийн сүлжээнд зориудаар түгээж буйд харамсаж байна.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно” гэж заасан байдаг. Энэхүү зохицуулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн журам гаргаж хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу Сангийн сайд 2017 оны 06 дугаар сарын 22-нд 216 тоот тушаал гаргаж “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ыг баталсан.

Тус журмын 7 дугаар зүйлээр төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах зориулалтуудыг тодорхойлсны дагуу Хороо үндсэн үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх, эх үүсвэр дутагдаж буй ажлуудыг санхүүжүүлэх, байгууллагын хамт олон, албан хаагчдыг ажлын үр дүнг харгалзан урамшуулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахмад настнуудын нийгмийн баталгааг дэмжих тусламж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад тус тус зарцуулан ажиллаж байна.

Монгол Улсын Төсвийн тухай, Шилэн дансны тухай болон бусад хууль, тогтоомжийн дагуу Хороо өөрийн төсөв, төлөвлөгөө, түүний гүйцэтгэл, тайлан тэнцэл болон холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд тайлагнаж, ил тод, нээлттэй байх сайн засаглалын суурь зарчмыг баримтлан ажилладаг. Төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагааг мушгин гуйвуулж, зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон зах зээлийн нэр хүндийг унагах, олон нийтийг төөрөгдүүлж турхирах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулах аливаа оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна гэ СЗХ-ноос мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top